МАН, МАХН хоёр эвсэх асуудал эцэслэгдлээ

2016 оны 4 сарын 19

УИХ-ын энэ удаагийн сонгуульд  хамтарч оролцохоор  ажлын хэсэг гарган ажилласан ч МАН, МАХН-тай эвсэх асуудал талаар болж байна.

Өчигдөрхөн МАН болон МАХН-ын ажлын хэсгийг ахалж ажилласан Ч.Хүрэлбаатар, Ч.Улаан нар хамтарч суугаад 51:25 харьцаатайгаар УИХ-ын сонгуульд хоёр намт эвсэх тохиролцоо хийснээ зарлаж байсан бол Н.Энхбаяр өнөөдөр энэ бүгдээсээ  буцсан байна.  Тиймээс МАН-аас байгуулсан ажлын хэсгийн ахлагч Ч.Хүрэлбаатар МАХН-д хандаж, “ Өдрийн 16.00 цаг гэхэд эвсэх үгүйгээ шийд” гэсэн шаардлага тавьсан.

МАН-ын дарга  М.Энхболд болон  тус намын нэр бүхий улстөрчид МАХН-ын дарга Н.Энхбаяртай уулзаж дахин тохиролцохоор оролдсон байна. Гэвч Н.Энхбаярын хувьд өнгөрсөн хугацаанд ярьсан тохирсноосоо эргэж буцан 51:25 биш  76 суудлаа 50:50 хувиар хуваах санал тавьжээ. Нийслэлийн Иргэдийн хурлын сонгуульд ийм харьцаатайгаар оролцоно, МАН-тай адил тэгш эрхтэй байна  гэсэн саналыг Н.Энхбаяр тавьсан бөгөөд МАН-ын зүгээс үүнийг хүлээж авах боломжгүй гэдгээ хэлсэн байна.  Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд хоёр намын ажлын хэсэг дээр ярьж тохиролцсоноосоо буцаж, “Гар бариад бугуй барих”-ыг санаархсан Н.Энхбаяртай хийсэн МАН-ын эвсэх оролдлого ийнхүү талаар өнгөрлөө гэдгийг эх сурвалж хэлж байна.  Анхнаасаа л тохиролцоо дээрээ нэгдэж чадахгүй байгаа тохиолдолд цаашдаа эвсэхэд хүндрэл гарна гэж МАН-ынхан үзсэн байна.  Ийнхүү хөхөө өвлөөс эхлэн эвсэх асуудлаар Н.Энхбаяртай хийсэн тохироо бүтэлгүйтсэнээр энэ удаагийн сонгуульд МАН дангаараа оролцохоор  болж байгаа бололтой.

 Б.БАТ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна