Жагсаалтыг унагах найраа

2016 оны 4 сарын 20

Сэтгүүлч:
Г.Дарь

Үндсэн хуулийн Цэцэд очсон гомдлыг дагуулаад намын жагсаалт /пропорциональ тогтолцоо/-ыг унагах АН, МАН-ын төлөвлөгөө бэлэн болжээ. Цэц энэ асуудлыг дөрөвдүгээр сарын 22-нд хэлэлцэхээр товоо тогтоосон юм. Улс төрийнхний шивнээгээр намын жагсаалтыг унагах төлөвлөгөөг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж гардаж, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугар, Н.Жанцан, П.Очирбат нар гүйцэтгэлийг нь хангаж ажиллах нь. Одоогоор Цэц удирдлагагүй байгаа ч Н.Жанцан насны эрэмбээрээ орлож суугаа. Харин Д.Сугар гишүүний бүрэн эрхийн хугацаа нь дуусах дөхсөн ч хугацааг нь дахин зургаан жилээр сунгаж, Цэцэд дархлах ажлыг намын жагсаалтаар нь барьцаалсан гэх яриа байна.

Улс төрийн голлох хоёр хүчний удирдлага жижиг 76 тойргийг мөрөөсөх болсон нь өөр, өөрийн шалтгаантай аж. Монгол Ардын намынхан 2012 оны УИХ-ын сонгуулийн ялагдлын дараагаас пропорциональ тогтолцоог үзэн ядаж, өөрчлөх шаардлага, шахалт тавьж ирсэн бол Ардчилсан нам дотоодын их зодооноо цэгцэлж чадахгүйгээс жагсаалтын 28-ыг байхгүй болгохоос аргагүйд хүрчээ. Намын нэрсийн жагсаалтын эхний аравт бичигдэхээр дугаарлаж байгаа гишүүдийнх нь тоо Ардчилсан намд 30 хол давсан байна. Бүгдийнх нь хүслийг гүйцээж, жагсаалтын аравт эрэмбэлэх боломжгүй нь хэн хүнд ойлгомжтой байтал “Эхний аравт багтаахгүй бол намыг тараана, огцруулна” гэх сүрдүүлгийг хийх болсон нь хоёр “Э”-гийн эрх ашгийг нэгтгэсэн бололтой. Мөн З.Энхболд намын даргаа авч үлдэхийн тулд пропорциональ тогтолцоог устгах нь гэж улс төр судлаачид үзэж байна.

Уг нь өнөөгийн эрх баригч хүчин Сонгуулийн хуульд холимог тогтолцоог оруулж ирэхийн тулд таван жилийн өмнө их тэмцэл хийж байв. Тухайн үед цөөнх байсан ч эрх баригч хүчинтэйгээ зөвшилцөж чадсанаар 76 гишүүний 48 нь тойргоос, 28 нь намын нэрсийн жагсаалтаар сонгогдох холимог тогтолцоог бий болгосон юм. Сонгуулийн энэхүү холимог тогтолцооны үр дүнд Чингис, Самурай бондын тодорхой хэсгийг баялаг бүтээхэд зарцуулж чадсан. Аймгууд Улаанбаатар хоттой авто замаар холбогдож, сар шинээр нийслэлийнхэн түгжрэлийг мэдэхгүй баярласан нь харагдах байдлаараа Чингис бондын үр шим боловч цаад агуулгаараа сонгуулийн холимог тогтолцооны л үр дүн юм. Өөрөөр хэлбэл, 2012 оны УИХ-ын сонгууль холимог тогтолцоогоор бус тойргоор зохион байгуулагдсан бол гуравхан жилийн дотор 3300 гаруй км зам тавигдаж, үндэсний олон үйлдвэр шинээр байгуулагдахгүй л байлаа. Юун улс орны эрх ашиг, тойргоо л бодно. Энэ дөрвөн жилийн хугацаанд УИХ-ын гишүүний нэг тэрбум зэрэг их мөнгөний чимээ сонсогдохоо больсон нь тогтолцоотой л холбоотой юм. Гэтэл одоо ухрах алхам эрэлхийлээд сууж буй нь арьсаа бодсон үйлдэл гэж үзэхээс өөр яалтай.

Хэрвээ одоо пропорциональ 28 унаж, жижиг 76 эргэн ирвэл хөрөнгө мөнгөтэй нь “сэлэм эргүүлээд” л дош бүрээс тодроод гараад ирнэ. Мөнгөний сонгууль болж хувирна гэсэн үг. Хамгийн аюултай нь цацсан мөнгөө буцааж олохын тулд юу ч хийж мэднэ. Юун улс орны эрх ашиг. Төсвийн жаахан хөрөнгөө сонгогдсон тойрог бүр лүүгээ жижиглэн цацна. Суварга босгох, 600 хүний суудалтай соёлын төв барих зэрэгт зарцуулна. Ийм тогтолцооноос болж Монголын хөгжил бусдаасаа хэдэн арван жилээр хоцрогдсон. Жижиг тойргоос сонгогдсон гишүүний амбиц жижиг л байдаг гэж үг бий. Нэг ёсны жижиг эрх ашигт л баригддаг гэсэн үг л дээ.

Ийм юм руу Ардчилсан нам ухралт хийх нь энэ дөрвөн жилийн хугацаанд хийсэн, бүтээснээ нураана.

Нөгөөтэйгүүр, онолын талаас нь хөөж үзвэл Цэц “Пропорциональ тогтолцоо Үндсэн хууль зөрчсөн” гэх дүгнэлт гаргах нь утгагүй. 2012 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр 76 гишүүний 28 нь намын нэрсийн жагсаалтаар орж ирсэн. Нэр заавал Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан гээд 28 хүний нэрс гарна. Тэднийг Үндсэн хуулийн дээгүүр гишгэж, УИХ-ын гишүүн болсон, энэ дөрвөн жилийн хугацаанд хууль зөрчин хууль батлалцсан гэх үү. Энэ жишгээр хөөн өнгөрч буй дөрвөн жилийн хугацаанд УИХ-аар батлагдсан бүхий л хууль Үндсэн хууль зөрчиж батлагджээ гээд нэг нь гомдол мэдүүлбэл Цэц яах юм, “Тиймээ” гээд хүлээгээд авах уу.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна