Их Британи үлдэх үү, Камерон үлдэх үү?

2016 оны 4 сарын 20

Их Бритни Европын холбооноос гарах эсэхийг шийдэх бүх нийтийн санал асуулга ирэх зургадугаар сард болно. Бүх нийтийн санал асуулгын үр дүн нэг бол Их Британи Европын холбоонд үлдэх, эсвэл ерөнхий сайд Дэвид Камерон суудалдаа үлдэх эсэхийг шийдэх болж байна.  Хэрэв Их Британи Европын холбоонд үлдэхээр болвол ерөнхий сайд Дэвид Камерон огцроход хүрнэ. Учир нь энэ асуудал эрх барих Консерватив намд маш том ан цав үүсгэсэн төдийгүй Европ даяар “Цунамийн давалгаа” болсон юм.

Эдийн засгийн эрсдэл

Их Британи Европын холбооноос гарвал нэгдсэн вант улсын өрх бүрд жилийн 4300 фунт-стерлингийн зардал учрах тооцоо байна. Их Британийн сангийн сайд Жорж Осборн “Их Британи Европын холбооноос гарснаар эдийн засагт тогтворгүй байдал үүсч, “шок” болно. Хэрэв Их Британи Европын холбооноос гарсныхаа дараа илүү ашигтай худалдааны гэрээ байгуулж чадна гэж үзэж байгаа бол энэ нь уран төсөөлөл юм” хэмээн мэдэгдэв. Их Британи Европын холбооноос гарснаар эдийн засагт үүсэх нөлөөллийн тухай 200 хуудас судалгааны баримтыг Сангийн яамнаас дэлгэжээ.  

Их Британи Европын холбооноос гарсны дараа:

  1. Норвеги шиг Европын эдийн засгийн бүсийн гишүүн хэвээр үлдэж болно. Энэ тохиолдолд өрх бүр жилд 2600 фунт-стерлингтэй тэнцэх хэмжээний алдагдал хүлээнэ.

  2. Канад, Швейцарь шиг хоёр талын гэрээ хэлцэл байгуулах замаар харилцана. Энэ тохиолдолд өрх бүр жилд 4300 фунт-стерлингийн алдагдал хүлээнэ.

  3. Их Британи Европын холбоотой ямар ч харилцаагүй болж зөвхөн Дэлхийн худалдааны байгууллагыг (WTO) түшиглэнэ. Бразиль, ОХУ-тай ижил байдлаар Европын холбоотой худалдаа наймаа явуулна гэсэн үг. Энэ тохиолдолд өрх бүр жилд 5200 фунт-стерлинг алдагдал хүлээнэ.

Их Британийг үлдээхийн төлөө

Их Британи Европын холбооноос гарахын эсрэг “Их-20” орны бүлэг болон олон улсын валютын сан удаа дараа мэдэгдэл хийв. Тэд Их Британийн “хувийн амбиц”  глобал эдийн засагт эрсдэл дагуулахыг анхааруулжээ. Олон улсын валютын сангаас өнгөрсөн долоо хоногт Их Британийн энэ оны эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамгийг 0.3 хувиар бууруулав. Түүнчлэн АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама ирэх долоо хоногт Их Британид айлчлахдаа Европын холбоонд үлдэх талаар “лоббидох” сурагтай. 

Харин Их Британийн ард иргэдийн хувьд Европын холбоонд үлдэх эсэхэд талцсан байр суурьтай байна. Урьдчилсан санал асуулгаар иргэдийн 50 хувь нь Европын холбоонд үлдэхийг дэмжиж, нөгөө 50 хувь нь эсрэг бодолтой байна. Мөн өөр нэг хэсэг нь хараахан шийдвэрээ гаргаагүй эргэлзэж байгаа аж.

Ямартай ч Их Британи Европын холбоог орхисноор эдийн засгийн хараат бус байдлаа сэргээхэд зайлшгүй зарлага гарах нь тодорхой. Гэхдээ оронд нь Их Британи олон сая цагаачдыг хүлээж авах шаардлагагүй болж, загасчлал, фермийн үйл ажиллагаанд өөрийн дүрэм журмыг  тогтоож, олон улстай дураараа худалдаа наймаа хийх зэргээс ашиг хүртэнэ.

Б.АНХТУЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна