Пропорциональ тогтолцоо юугаараа илүү вэ?

2016 оны 4 сарын 20

Сонгуулийн тогтолцоо гэдэг зөвхөн улстөрчдийн асуудал биш. Тухайн улс орны хөгжлийн баталгаа, иргэдийн сонгох, сонгогдох эрхийн хэрэгжилт, нийгмийн уур амьсгалын гол бүрдэл хэсэг байдаг. Тиймээс ч сонгуулийг ямар тогтолцоогоор  хэрхэн явуулбал хэтдээ тустайг энэ удаа онцоллоо. УИХ-ын гишүүд болоод судлаачид, эрдэмтдийн санаа бодлыг уншигчдадаа хүргэе.

УИХ-ын гишүүн Ч.Улаан:

- Сүүлийн зургаан сонгуульд оролцсон хүний хувьд манайд илүү тохирох систем бол томсгосон тойрогтой, пропорциональ систем гэж бодож байна. Энэ системд сонгогчид нэг л хүнд саналаа өгөх юм. Энэ нь улсын хэмжээгээр нэгтгэгдээд намын рейтингээрээ суудлаа хуваарилна. Томсгосон тойрогтой, пропорциональ систем нь сонгогчдын саналыг оновчтой зөв тогтоож, жижиг тойрогт мөнгө төгрөгийн асуудал их гардгийг зогсооно гэж бодож байна.

Ikon.mn 2015.03.12

УИХ-ын гишүүн, ИЗНН-ын дарга С.Оюун:

- Сонгууль болгоны өмнө тогтолцоогоо өөрчлөөд байх нь буруу. Олон жил ярьж байгаад улс төрийн намуудыг төлөвшүүлэх үүднээс Монгол Улсад пропорциональ систем 2012 онд нэвтэрсэн. Сонгогчдын өгч буй саналыг аль болох хувь тэнцүүлэн тусгах гэсэн дэвшилттэй санаа л даа. Өнөөдрийг хүртэл олон сонгууль явагдсан хэдий ч арай илүү санал авсан нь дийлэнх суудлыг авч, сонгогчдын өгсөн санал тэр хэрээрээ тусч чаддаггүй гэдэг шүүмжлэл явдаг байсан тул холимог систем нь дээр гэдэг үүднээс нэвтрүүлж байсан юм. Гэтэл одоо үүнийгээ оролдох гээд байгаа нь буруу.

Эх сурвалж: Өдрийн сонин, 2016.03.10, 055/5320

МУИС-ын Улс төрийн тэнхимийн багш доктор Д.Бумдарь:

-Манай улс ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш парламентын сонгуулиа мажоритар системээр явуулж ирсэн. Ингэснээр популистуудыг төрүүлсэн гэж хэлж болно. Нэг үгээр, ганцаарчилсан тоглолттой хүмүүсийг гаргаж ирсэн. Энэ нь улс төрийн намуудыг бэхжүүлдэггүй, зорилго нь тодорхой бус, улс төрийн намуудад итгэх иргэдийн итгэлийг алдуулдаг.

Пропорциональ систем бол хувь тэнцүүлэх гэсэн утгатай. Энэ нь олон өрсөлдөгч гарч ирнэ гэсэн үг. Үүгээрээ олон өрсөлдөгч дундаас иргэдэд сонголт хийх боломж бүрдүүлдэг.

Ikon.mn 2015.03.12

Нийтлэлч Б.Баабар:

Сонгуулийн дөрөв дэх хувилбар нь 2012 онд хэрэглэсэн холимог тогтолцоо юм. Энэ системийг дэлхийн ихэнх оронд хэрэглэдэг. Энэ нь тодорхой тооны суудлыг мажоритар хэлбэрээр тойргоос хүн тодруулах ба бусад хэсгийг нь намд өгсөн саналын дагуу хуваарилна. 2012 онд 76 суудлын 26 буюу гуравны нэгийг нь жагсаалтын нэрсийн дагуу хувааралсан. Пропорциональ систем бол олон намын тогтолцоо юм. Пропорциональ хэмжээ хэдий их байна, парламентад төдий олон нам суудал эзлэх боломжтой.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

Манайх нэг парламенттай, цөөн гишүүнтэй. Тиймээс цөмийг нь мажоритараар сонго гэж ард түмэн шахаж байна. Гэтэл үнэндээ жагсаалтын элементийг оруулж ирсэн нь бас нэг дэвшил гэж би хардаг.  Мэдээж жагсах хүмүүсийн тоо их байж болохгүй.  2012 оны сонгуулийн өмнө  100 хувь мажоритар байх боломжгүй гэж Цэц үзчихээд өнөөдөр яагаад гэнэтхэн маргаан үүсгэчихэв гэдэг нь надад бас эргэлзээ төрүүлж байгаа.   Монгол Улс гуравхан сая хүн амтай, өргөн уудам газар нутагтай.  Иргэд төлөөнийхөө хүнийг барьж үзэж мэдэрч байж сонгох хүсэлтэй болсныг  хүндэтгэн үзэхээс аргагүй. Гэвч нөгөө талдаа пропорционалийн элемент Үндсэн хууль  зөрчсөн гэдэгтэй санал нийлэхэд төвөгтэй. УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд баталсан хуулиа хамгаалж л оролцохоос аргагүй. 

Zaluu.com 2016.04.19

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна