“Булгантай дотно холбоогүй”

2016 оны 4 сарын 20

Өнөөдөр УИХ-ын гишүүн, дэд бүтцийн сайд С.Зориг агсаны төрсөн өдөр. Тэрбээр сэрүүн тунгалаг байсан бол энэ өдөр 54 насны босго алхах байв. Харамсалтай нь 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр бусдын гарт аймшигтайгаар амь насаа алдсан юм. Аймшигт хэрэг гарснаас хойш 18 жил өнгөрчээ. Тэр үед мэндэлсэн хүүхдүүд хэдийнээ эрийн цээнд хүрчихээд байхад  С.Зоригийг хөнөөсөн этгээд өнөө хэр сураггүй хэвээр.  Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр талийгаачийн эхнэр Б.Булганыг ЦЕГ-аас баривчлан саатуулсан нь аюулт хэргийн сэжүүр гарав уу гэсэн горьдлого төрүүлсэн ч ахиц дөхөц байгаа эсэх нь тодорхойгүй хэвээр байна. Эл хэргийг илрээсэй гэж хамгаас илүү хүсч буй хүмүүс бол хохирогчид. Тодруулбал, талийгаачийн ахан дүүс. Тиймээс  ч бид УИХ-ын гишүүн С.Оюунтай уулзлаа. Тэрбээр хэлэхдээ:

-Хэргийг илрүүлэхийн төлөө хариуцаж буй байгууллагууд ажилласан хэвээр байгаа гэж би итгэж байгаа. Сүүлийн үед илүү эрчимжиж байгаа юм болов уу гэж харж байна. Энэ хэрэг хурдан илрээсэй гэж хүлээж байна. Харин мөрдөн шалгаж буй ажлын талаарх нарийн мэдээллийг өгдөггүй нь бас учиртай л юм билээ.  Эрүүгийн байцаан шийтгэх хуульд  Хүн амины хэргийг 91 дүгээр  зүйлээр зүйлчлэн шалгадаг бол  ахыг хөнөөсөн хэргийг 81.2-оор зүйлчлэн шалгаж байгаа. Энэ нь улс төрийн өндөр дээд албан тушаалтныг улс төрийн үйл ажиллагааг болиулах, бусниулах зорилгоор хийсэн гэмт хэргийн мөрдөн байцаалт, мөрдөн шалгах ажиллагааг төрийн нууцад багтаахаар заасан байдаг юм билээ.

-Хэргийн мэдээллийг хэвлэлийнхэнд бол огт өгдөггүй. Та нарт, өөрөөр хэлбэл хохирогчдод бас  өгдөггүй хэрэг үү?

-Бидэнд ч нарийн мэдээлэл өгдөггүй.  Сая хэлсэнчлэн төрийн нууцад хамруулах шаардлагатай учир бид хүлээцтэй, хүндэтгэлтэй хандаж байгаа.

-Хэдэн сарын өмнө талийгаач ахын тань эхнэр Б.Булганыг баривчилсан. Чухам яагаад баривчлав гэдэг талаар та мэдээлэлтэй байгаа юу. Булганыг барих тухай та урьдчилан мэдэж байсан уу. Та Булгантай  уулзсан уу. Булганы ээж Байгалмаа гуай энэхүү  баривчилгаа хууль бус, тэнд хүний эрх зөрчигдөж байна гэж гомдоллож байгаа?

-Ний нуугүй хэлэхэд Булган бид нар ойрын хэдэн жил ойр дотно холбоогүй байгаа.  Тийм болохоор Булган ч, Байгалмаа гуай ч надтай уулзаагүй.  

Бид бол хохирогчид. Тиймээс хэргийг хурдхан, үнэн зөвөөр шийдээсэй л гэж хүлээж байна. Өнгөрсөн 18 жилийн хугацаанд бид нэлээд тэвчээртэй, хүлээцтэй хандаж ирсэн. Аль нэг улстөрийн хүчин, хэн нэг хүнийг онилж, хардаж, хий хоосон таамаг дэвшүүлж байсан удаа үгүй. Хэргийг илрүүлэхсэн гэсэн сэтгэл, зүтгэл гаргаж байгаа хууль хяналтынхан, цагдаагийнханд итгэсэн хэвээрээ байгаа гэдгээ л хэлье дээ.

-УИХ, Засгийн газрын төвшинд хэрэгт хэр анхаарч байгаа вэ?

-УИХ-ын гишүүн Г.Батхүүгээр ахлуулсан ажлын хэсэг  ажиллаж байгаа. Уг ажлын хэсэг улиралд нэг удаа сонсгол хийхээр болсон. Нэг хоёр удаа сонсгол явуулсан. Сонсголын талаарх мэдээлэл ч мөн нууцын зэрэглэлд хамаарах учир олон нийтэд мэдээлээгүй байх гэлээ.

Ардчилсан хувьсгалын удирдагч С.Зориг агсны  “Би монгол хүний саруул ухаанд итгэдэг” гэсэн үг биеллээ олж, ээдрээт хэргийн учгийг  саруул ухаанаар шийдэх цаг ойрхон ирсэн байгаасай.

Д.ЦЭЭНЭ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна