Сюрприз дүүрэн төрсөн өдрийн анплагед

2016 оны 4 сарын 20

Сэтгүүлч:
Д.Цээпилмаа

Та төсөөл дөө, попын хатан хаан Сараа үсээ шууж, үндэсний хувцсаар гоёод зохиолын болоод ардын дууг гэгэлзэнхэн дууллаа  гээд. Нэг л бууж өгөхгүй байна уу. Гэвч яг тэгсэн юм шүү. Ардын дууч  Д. Үүрийнтуяатай хамтран дуулсан ардын дуун дундуур Сараагийн поп өнгө аяс цухалзах нь цаанаа л донжтой. Үе үехэн Ардын жүжигчин Г. Түмэндэмбэрэлийн үелзүүр нугалаа ч сонсдох шиг. Араас нь буриад, якут дуу шил дарна. Тэрбээр якут дуугаа ээждээ зориулан дуулсан бөгөөд шинээр гаргаж буй цомог бүртээ 1-2 якут дуу заавал багтаадаг ажээ.

Энэ бүхэн бол өчигдөр (2016.04.19) Соёлын төв өргөөнд  болсон  МУГЖ, Зууны манлай дуучин, Поп-дива хатагтай Б.Сарантуяагийн төрсөн өдрийн анплагед тоглолтын эхлэл. Тэрбээр ардын хөгжмийн Олонхо хамтлагтай хамтран аав ээж, уярал хайрын тухай дууг уянгалаг, намбалаг төрхтэй дуулсан нь үзэгчдэдээ барьж буй түүний эхний сюрприз  байжээ.  

Шинэ төрх, шинэ стиль  яагаад ч юм Сараад наалдахгүй байх шиг,  өнөөх л гал цогтой  төрхийг нь үгүйлээд байсан үзэгчдийг тоглолтын хоёрдугаар хэсэг үнэхээр байлдан дагуулсан юм.

...Бээрсэн гарыг чинь дулаацуулж оддын дор зогсох жаргалтай аа

Бэтгэртлээ шөнөжин бодоод  би өглөөн нартай учрах  жаргалтай...

...Тэр намайг дурсдаг болов уу

Тэр намайг үгүйлдэг болов уу

Дахиад бид хоёр учрах болов уу

Догдлон байж уулзах болов уу...

...Хайрын бурхан чи минь хаана байна...

...Би юу ч мэдэхгүй ээ, мэдэхийг ч хүсэхгүй ээ еэ еэ...

Үзэгчид үүнийг л хүлээж байж. Дуу болгон нь хит болж, он удаан жилийн турш дөнгөж өчигдөрхөн сурсан мэт цоо шинээрээ сэтгэлд хоногшдог  ховорхон дуучин  гэвэл Сарааг л хэлэх биз ээ.  Гайхам чадалтай хоолой, ганган сваровски микрофон, содон сонин стилийн хувцаслалт, өөлсөн хүнд эв хавгүйхэн байж мэдэх ч түүнд л зохисон өвөрмөц хөдөлгөөн. Энэ бүхэн төрсөн өдрийн анплагет тоглолтын өнгө төрх байлаа.

10:20:30

Үнэндээ түүнд Соёлын төв өргөөний тайз илүү зохидог юм шиг ээ.  30 жилийн тэртээ 16-хан настай охин анх урлагийн тайзан дээр гэрэвшин байж гарснаас хойш өдгөөг хүртэл Сараа тайзан дээр “амьдарсан”.  Түүний урын сан дэндүү баян. Нэг байтугай нэг хэсэг тоглолтод хүрээд илүү гарна. Дуу бүхэн нь  анплагед  байдлаар хүрсэн тоглолтын хөг эгшгийг  Улсын филорамонийн симфони хөгжим болоод Rendom  хамтлаг эгшиглүүлсэн. Анплагед тоглолтод амласан ёсоороо ая зохиогч,  гитарчин Өөжгий оролцсон юм. Ая зохиогч Д.Өлзий-Орших, яруу найрагч Ү.Хүрэлбаатар нар  “Хайрын бурхан дуу”-гаа  20 жилийн өмнө зохиож, түүнийг нь Сараа дуулж олноо хүргэж байжээ. Тэгвэл “Хайрын бурхан-2” дуу саяхан төрсөн байна. Анплагед тоглолтын удаах сюрприз энэ байлаа.

Харин гарчигт тодотгосон 10 гэсэн тоо нь Сараагийн төрсөн өдрийн тоглолтын тоо юм. Тэрбээр 10 жилийн өмнө өөрийн үнэнч фэнүүдийнхээ хүсэлтээр,  дотнын найз ая зохиогч Б.Ангирмаагийн зөвлөснөөр анхны төрсөн өдрийн тоглолтоо хийж байжээ.

30 жилийн турш тайз эзэгнэсэн хосгүй авьяастанг  “30 жилийн аадар бөхөөгүй галын дөл” гэж тодорхойлмоор.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна