Ахлах ангийн хөвгүүд цэргийн албыг сонирхох нь эрс нэмэгдсэн гэв

2016 оны 4 сарын 20

Хүүхэд залууст эх оронч хүмүүжил олгох, тусгаар тогтнолынхоо үнэ цэнийг нь ойлгуулахад эцэг, эхээс гадна багш, сурган хүмүүжүүлэгчид маш чухал үүрэгтэй. Тэр үүднээс нь УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон 2016 оны дөрөвдүгээр сарын 19-нд "Шавь" цогцолбор сургуулийн эрдэмтэн багш, ажилтан алба хаагчдад 2015 онд УИХ-аар шинэчлэн баталсан Батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичгийг танилцуулж, эх оронч хүмүүжил олгох тухай, сурагчдыг биеийн бялдарын төлөвшлийг сайжруулах тухай харилцан ярилцлаа. Тэрээр өмнө нь баримт бичгийн танилцуулгыг Улаанбаатар, Налайх дүүргийн цэргийн хүрээ, БХИС, ХСИС-ийн эрдэмтэн багш нарт танилцуулсан бол энэ удаа сурагчидтай тулж ажилладаг багш нарт энэ батлан хамгаалах бодлгын талаарх мэдээллийг өгсөн юм. Уулзалтын эхэнд "Эх орноо батлан хамгаалах үйл хэрэг бол бүх нийтийн үйл хэрэг юм. Өнөөдөр санаа зовоож байгаа асуудал бол залуус маань хугацаат цэргийн албанд эрүүл мэндээрээ тэнцэхгүй байх нь олон байна. Иймээс та бүхний олон мянган шавь ирээдүйн эх орноо хамгаалах цэрэг эрс болоход эрүүл мэндээрээ тэнцэхгүй байгаа харамсалтай асуудал байгааг багш нарт захих байна. Анх 1990 оноос өмнө хугацаат цэрэгт татагдаж байгаа залуус маань бичиг үсэг мэддэггүй, бие бялдар нь эрүүл саруул байсан бол өнөөдөр эсрэгээрээ. Оюуны өндөр мэдлэг чадвартай атлаа бие бялдар нь сул дорой, архаг хууч өвчтэй залуус байх боллоо. Үүнд эцэг эхийн анхаарал халамжаас гадна багш та бүхний ажлын арга барил чухал. Ялангуяа, үүнд биеийн тамирын багш чухал үүрэгтэй. Биеийн тамирын хичээл гээд сурагчдын дунд сагсны бөмбөг өгчихмөөргүй байна. Хөнгөн атлетик, бусад бие бялдар хөгжүүлдэг төрлүүдээр хүүхдүүдийг төлөвшүүлж сургах хэрэгтэй " хэмээн онцлоод эх оронч хүмүүжлийн тухай болоод Батлан хамгаалах бодлогын баримт бичигт орсон өөрчлөлтийн талаар мэдээлэл өгсөн юм. Батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичигт цар хүрээний хувьд батлан хамгаалах үйл ажиллагаа нь үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны бүрэлдэхүүн хэсэг бөгөөд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хил хязгаарын халдашгүй дархан байдлыг хангах, хамгаалах зорилго бүхий улс төр, эдийн засаг, нийгэм, эрх зүй, цэргийн арга хэмжээ тэдгээрийг хэрэгжүүлэх нэгдмэл удирдлага, зохион байгуулалт, зохицуулалтын өргөн цар хүрээтэй цогц үйл ажиллагаа болохыг тодорхойлсон. Зарчмын хувьд нийт иргэдээ эх орноо батлан хамгаалах журамт үүргээ биелүүлэх нөхцлөөр хангах, батлан хамгаалах бодлого, арга хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн бүхий л байгууллага, засаг захиргааны нэгжийн үүрэг, оролцоог нэмэгдүүлж, орон нутгийн хамгаалалтад тулгуурласан батлан хамгаалах тогтолцоог бүрдүүлэх зарчмыг орууллаа" хэмээн онцолсон. Мөн Монгол Улсын төрийн цэргийн байгуулал нь тайван цагт зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдлын байгууллагаас бүрдэж, дайны байдлын үед хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдлын байгууллага нь зэвсэгт хүчний бүтцэд үүрэг гүйцэтгэхээр тусгасан. Цэргийн байгууллагууд цэргийн нийтлэг дүрмүүдийг даган мөрдөж, цэргийн алба хаагчийн эрх зүйн хэм хэмжээгээр олгогдсон эрх, үүргийг хэрэгжүүлнэ гэж тусгасан. Энэ нь цэргийн нийтлэг дүрмүүд, цэргийн эрх зүйн хэм хэмжээ, цэргийн цол, цэргийн алба хаагчдын бие бялдрын стандарт, энхийг дэмжих ажиллагаанд оролцох байдлаараа нэгдмэл байх агуулгыг багтааж байгаа юм" хэмээн онцолсон. "Шавь" цогцолбор сургуулийн багш нарын зүгээс "Өсвөрийн ангийн сурагчид маань цэргийн албыг их сонирхдог болсон. Тийм болохоор танай салбараас манай сурагчдад цэргийн албанд татагдсаны давуу тал, эх орноо хамгаалах үйл хэргийг нь өөрсдөд нь танилцуулж болох уу" гэсэн бол өөр нэг багш "Өнөөдөр Монголын нэрийг энхийг сахиулагчид болоод цөөнгүй тамирчин, урлагийнхан тив дэлхийд мандуулж байна. Энэ бол маш том алхам. Нэр хүнд нь өсч байгаа Зэвсэгт хүчний тухай мэдээлэл өгсөнд баярлалаа" хэмээн талархал илэрхийлж байсан юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна