АНУ Ирак дахь цэргийн тоогоо нэмнэ

2016 оны 4 сарын 20

АНУ Ирак  руу нэмж 200 цэрэг, найман ширхэг Апаче нисдэг тэргийн хамт илгээхээр төлөвлөж байна. АНУ нь “Исламын улс” бүлэглэлийн эсрэг тэмцэлд Ирак дахь цэргийн тоогоо нэмэгдүүлэхээр болжээ. Америкийн цэргийн нэмэлт хүч Иракийн хойд хэсгийн Мосул хотыг хэт даврагчдаас чөлөөлөхөд дэмжлэг үзүүлэх аж. Ингэснээр Ирак дахь АНУ-ын цэргийн тоо 4087-д хүрч байна. Өмнө нь өнгөрсөн зургадугаар сард АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Иракийн Рамадиг чөлөөлөхөд туслах зорилгоор нэмж цэрэг илгээх тухай ярьж байсан юм.

Үүний зэрэгцээ АНУ-ын зүгээс Иракийн хойд хэсэг дэх курдын зэвсэгт дайчдад үзүүлэх тусламжаа нэмэгдүүлэх болсныг батлан хамгаалахын сайд Эштон Картер мэдэгджээ. Өнгөрсөн хугацаанд курдуудыг дэмжихэд АНУ 415 сая ам.долларыг зарцуулсан байна.

“Исламын улс” бүлэглэл нь Сири болон Иракийн газар нутгийн нэлээд хэсгийг эзэлснээр исламын халифатыг тунхаглаж, Европын орнуудад террорист халдлага зохион байгуулах болсон юм. Тус бүлэглэлийн эсрэг АНУ тэргүүтэй цэргийн эвсэл жил гарангийн хугацаанд Сири, Иракт агаарын цохилт хийжээ.

Эх сурвалж: Associated Press

Б.АНХТУЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна