С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв

2016 оны 4 сарын 20

“Хүн бүр Б.Булганд санаа тавьж буй энэ үед хохирогчид бид дуугүй л хараад сууж байна. Цаашид яг юу болох нь уу, мөрдөн байцаалтын ажиллагаа  ахих нь уу гээд” хэмээн Улс төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны дүү С.Оюун ярилаа. Жил бүрийн дөрөвдүгээр сарын 20 ний өдөр бол С.Зориг агсны хорвоод мэндэлсэн өдөр. Хэрэв тэрээр амьд байсан бол өдгөө 54 насны босго алхах байсныг дүү нь дурсаад ахынхаа хөшөөнд цэцэг өргөв. Тэрбээр “Бид бол хохирогчид. Тиймээс хэргийг хурдхан, үнэн зөвөөр шийдээсэй л гэж хүлээж байна. Өнгөрсөн 18 жилийн хугацаанд бид нэлээд тэвчээртэй, хүлээцтэй хандаж ирсэн. Аль нэг улстөрийн хүчин, хэн нэг хүнийг онилж, хардаж, хий хоосон таамаг дэвшүүлж байсан удаа үгүй. Хэргийг илрүүлэхсэн гэсэн сэтгэл, зүтгэл гаргаж байгаа хууль хяналтынхан, цагдаагийнханд итгэсэн хэвээрээ байгаа гэдгээ л хэлье” гэсэн юм.

60 дөхсөн настай эмэгтэйг хэргийн ганц гэрч гээд тодорхойгүй хугацаагаар эрхийг нь зөрчиж, эрүүл мэндэд нь халтайгаар хорих нь явуургүй арга гэж УИХ-ын гишүүн Л.Болд тайлбарлаж байна. Иймээс УИХ дахь Хууль зүйн байнгын хороо Б.Булганы хоригдож буй асуудлыг хэлэлцэж, хурц гэрэлтэй өрөөнд, залхаан цээрлүүлэх байдлаар хориж болохгүй гэсэн хэд хэдэн саналыг гаргаж Хүний эрхийн үндэсний комисст хүргүүлжээ. Б.Булган УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Л.Болд нартай уулзахдаа ээжийгээ харж, хандахыг хүсч, эрх нь зөрчигдсөн гэх асуудлыг хуулийн байгууллагад хандаж, шийдэж өгөхийг хүссэн байсан юм. Энэ мэдээлийн мөрөөр УПЕГ-аас ажлын хэсэг гарч, үнэхээр Б.Булганг ариун цэвэр сахих боломжгүйгээр, эрхийг нь зөрчин хорьсон уу гэдгийг тогтоохоор, хяналт, шалгалтын ажлыг эхлүүлсэн гэдгээ өчигдөр мэдээлсэн билээ.

МоАХ-ноос С.Зориг агсны хэргийг илрүүлэхээр мөрдөн байцаалтын ажиллагааг хуулийнхан эхлүүлсэнд талархтай хандаж байна. Яагаад Б.Булганг баривчлав, түүнийг саатуулаад шинэ баримт, мэдүүлэг юу олж мэдэв гэдгийг цагдаа, прокурорын байгууллагууд цаг тухайд нь олон нийтэд мэдээллээд явах хэрэгтэйг ч тэд сануулсан юм.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна