“Хамжлагын тариачид төрийн албанд олон байна”

2016 оны 4 сарын 20

Сэтгүүлч:
Т.Давааням

Хууль зүйн байнгын хороогоор өнөөдөр /2016.04.20/ Төрийн албаны тухай хуулийг хэлэлцэж санал дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүллээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд хуультай холбоотой санал дүгнэлт хэлснийг доор сийрүүлэв.  

УИХ-ын гишүүн Л.Болд:

-Төрийн албан хаагчын үйл ажиллагаанд хориглох зүйлс гэж зааж өгсөн байна. Үүнд албан үүрэгтэйгээ холбогдуулж нам, шашны үйл ажиллагаанд төрийн албаны хаагчийн хувьд оролцох, улс төрийн сонгуульт албан тушаал эрхлэх гэх мэт намын хууль, улс төрийн хуулийн заалтаар зохицуулах юмыг энд хольсон байна. Ингэх юм бол сайн дэвшил болж чадахгүй. Тиймээс энэ заалтыг хасах санал оруулж байна.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:

-Надад гурван санал байна. Нэгдүгээрт, төрийн албан хаагчдад хариуцлагын ямар төрөл байх юм бэ гэдгийг тогтоож өгөхгүй бол бид иргэндээ хариуцлага тооцдог шиг торгох гээд байна. Эсвэл захиргааны хариуцлага тооцдог системээр баривчлах гээд байна. Төрийн албан хаагчдад цалингаас нь илүү торгууль оногдуулаад ирэхээр торгууль шийтгэлээ авлигаар аргал гэж байгаагаас ялгаагүй. Харин бусад улс орнуудад төрийн албан хаагчийг торгох биш, ил далд сануулах, цалингаас хувь хасах, албан тушаал тодорхой хугацаагаар бууруулах юм уу эсвэл бүр мөсөн бууруулах, халах, төрийн албанд эргэж орохгүйгээр халах гэх мэт олон хувилбар байдаг.

Хоёрдугаарт, албан тушаалтан,  төрийн албан хаагчийг халдаг. Гэтэл нөгөө хүн нь шүүх дээр очоод маргаан үүсгэчихдэг. Ингээд зарим хэсэг нь эргэж томилогддог. Иймд маргаан шийдвэрлэж байгаа хуулиа нэг болгохгүй бол төрийн албан хаагчийг халж байгаа маргаан нэг бол Хөдөлмөрийн тухай хуулиар яваад нэг бол Төрийн албаны тухай хуулиар яваад холилдоод байна. Шүүх дээр ирсэн ихэнх маргааныг харахаар хөдөлмөрийн хуулийг барьж шийдсэнээс болж буцаад томилогдоод байгаа юм. Гэтэл үнэхээр ажил дээрээ хариуцлага алдсан уу алдсан, гэмт хэргийн шинжтэй үйлдлээр шалгагдаж байгаа юу шалгагдаж байгаа тохиолдол цөөнгүй бий. Тэгсэн атал шүүх дээр маргаан нь нотлогдоогүй байгаа учир буцаад энэ хүнийг томилох ёстой гэсэн шийдвэр гаргачихдаг. Гэхдээ гэмт хэрэг нь нотлогдоогүй учраас эргэж томилогдож байгаа учраас түүний гаргасан албаны зөрчил бол тусдаа хэрэг юм. Иймд Төрийн албаны тухай хуульд төрийн албан хаагч ажлаас чөлөөлөгдөх шалтгаанууд тодорхой байх ёстой. Харин гадаадын иргэн юм уу, онцгой авьяастай гэрээт албан хаагчдыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулах нь зүйтэй байх.

Гуравдугаарт, Төрөөс гарсан зардал мөнгийг буруутай нь тогтоогдсон албан тушаалтнаар төлүүлдэг систем тогтох гэж байна. Үүнтэй холбогдуулж төрийн албан хаагчдын буруутай үйлдлээс болж хохирсон иргэний хохирлыг барагдуулах нь тусдаа, хэрэг бүртгэгч мөрдөн байцаагч, шүүгч, прокурорын алдаатай шийдвэрийн улмаас хүн эрх чөлөөгөө хасуулаад эрүүл мэндээрээ хохироод явсан маргаан тусдаа. Энэ мэтчилэн маргаануудын тус бүрт нь зааглаж өгөх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

-120 гаруй мянган хүнийг төрийн албан хаагч нэрээр нэг хашаанд шахаад илүү цагийн мөнгө ч өгдөггүй, хэн нэгэн албан тушаалтны дарангуйлалд байлгаж байдаг газар болгож хувиргасан. Төрийн албыг нийтийн захиргаа, нийтийн алба хэлбэр лүү явуулах чиглэлээр бодлого тодорхойлж үзсэн. Гэхдээ буцаад уламжлалт хэв маяг руу ирж байх шиг байна, энэ хуулийн төслөөр бол. Үүнийг сайн бодоорой. Өөрчилбөл өөрчилсөн шиг өөрчилмөөр байна. Жишээ нь,  төрийн албанд орохын тулд намын харъяаллаас татгалзсан байна гэжээ. Намаас нэг өдрийн өмнө гараад жинхэнэ төрийн албан хаагч болж чадах уу. Сэтгэл зүйн шинэчлэл 3-5 жилийн дотор явагддаг юм. Бусад улс орнуудын жишгийг харахад сүүлийн таван жил улс төрийн албан тушаал хашаагүй, аль нэг намын гишүүнчлэлгүй хүнийг томилдог юм байна лээ. Тиймээс шинэчлэлийг хийвэл хийсэн шиг хийх хэрэгтэй. Эрүүл мэнд, боловсролын салбарт хүйсийн тэгш байдал алдагдсан. Дандаа эмэгтэй багш, эмч нар байна. Үүнийг хэрхэн зохицуулах юм бэ.

Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат:

-Зөрчлийн тухай хууль, Хууль сахиулах ажиллагааны тухай хуулийн ажлын хэсэг гарчихсан байгаа. Төрийн албаны тухай хуулийн ажлын хэсэг дээрх хоёр ажлын хэсэгтэй хамтарч ажиллаарай. Дээр нь манай төрийн алба чинь тэр вангийн, тэр тайжийн, тэр компанийн, тэр яам, тэр гишүүний лиценз өгдөг газар ч гэх шиг. Ийм замбараагүй болчихсон юм уу? Үүний болих хэрэгтэй. Төрийн албан хаагчид таван жил, арван жил ажиллаад тушаал дэвшдэг. Гэтэл гадаадад эмнэлгийн шал угааж байсан нөхөр ирээд яамны Төрийн нарийн бичгийн дарга болж байна. Ийм байж болох юм уу. Түүнчлэн хамжлагын тариачид төрийн албанд олон бий шүү. Эцэст нь хамаг ажил хийдэг хүмүүст хариуцлага оногдуулаад, дээр нь сууж байгаа хүн “Нүдэн балай, чихэн дүлий” өнгөрдөг явдал бий шүү. Үүнийг сайтар тооцож зохицуулалтаа оруулж өгөх хэрэгтэй гэсэн юм.

Ийнхүү гишүүдийн хэлсэн саналыг Төрийн албаны тухай хуулийн ажлын хэсэгт гишүүд өөрсдийн байр сууриа хэллээ. Хууль зүйн байнгын хорооноос гарсан зарчмын санал дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна