З.Баттулга: Дэмжигчдийнхээ итгэлийг алдахгүйн тулд маш их хичээх болно

2016 оны 4 сарын 19

З.Баттулга: Багууд хичээж байгаа нь анзаарагдаж байна. Дэмжигчдийнхээ итгэлийг алдахгүйн тулд маш их хичээх болно

“Хүрхрээ” үндэсний дээд лигийн аварга “Эрчим” клүбийн дасгалжуулагч З.Баттулгатай уулзаж багийн бүрэлдэхүүн, шилжилт хөдөлгөөн бэлтгэлийн талаар болон хилийн чанадад оролцох тэмцээний талаар мөн Монголын хөлбөмбөгийн дасгалжуулагчдын талаар бодлыг хуваалцаж чадлаа. Хэдийгээр өсвөр насныхантай бэлтгэл хийж, зааж сургаж байсан ч цаг гарган ярилцсан түүний үнэтэй үгсийг та бүхэнд хүргэж байна.

-МХБХ-ны тэргүүн дээд “Хүрхрээ” үндэсний лиг эхлэхэд цөөн хоног үлдлээ. Өнгөрсөн жилийн аварга “Эрчим” клүбийн талбайн бэлтгэл хэрхэн хангагдаж байна?

-Хөлбөмбөг сонирхогчид, нийт тамирчин дасгалжуулагчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Эрчим клүб талбайн бэлгэлдээ дөрөвдүгээр сарын эхээр гарсан. Тамирчид одооноос жигдэрч эхэлж байна.

-Өнгөрсөн жилийн бүрэлдэхүүнд ямар ямар өөрчлөлтүүд орсон бэ? Монгол болон гадаадын тамирчдын шилжилт хөдөлгөөний талаар ярихгүй юу?

-Монгол тамирчдын хувьд бол Эрхэмээ одоогоор яг эцсийн шийдээ гаргаж чадаагүй байна. Гэхдээ багийн бүрэлдэхүүнд онцгой өөрчлөлт байхгүй. Харин гаднаас хоёр ч Япон тамирчин хүрэлцэн ирж байна. Мөн хуучин манай  багт тоглож байсан Николай Дуричич тэргүүтэй Серби улсын хоёр  тамирчин ирэх болно.

-“Баянгол ФС” клүбт футзалын лигт зээлээр тоглож байсан М.Төгөлдөрийг эргээд багтайгаа нэгдэж байгаа гэж сонссон? Энэ таны санаа байв уу?

-Мэдээж М.Төгөлдөрийн хувьд  авьяаслаг тоглогч. Талбайд гаргаж буй ур ухааныг нь зөв ашиглавал юунд ч хүрч болно. Багийн тоглолтондоо оруулж түлхүү ашиглахыг бодно. Мэдээж өмнө нь “Эрчим” клүбт тоглож байсан учир илүү амар байна гэж найдаж байна. Гол нь зөв залаад, зөв удирдаад явахад ямар ч асуудал гарахгүй байх.

-“Хүрхрээ” үндэсний лиг 2015 онд анхны жилдээ явагдсан ч хөлбөмбөг сонирхогчдын дунд маш их хүлээлттэй байна. Энэ ч утгаараа маш олон гэнэтийн бэлгүүд үзэгчид болоод тамирчдыг хүлээж байна. Мэдээж багт хэрэгтэй нэг мэдээлэл задлахад лиг өөрөө тасалбартай болж түүнээс олсон ашигаар багуудад сүүлийн байр хүртэл хувиарлах гэх мэт. Багуудын өрсөлдөөн үүнийгээ дагаад ч улам ширүүсэх болов уу?

-Анзаарагдаж байгаа шүү багууд хэрхэн ажиллаж хичээж байгаа нь. Тодорхой хэмжээгээр лиг эхлэхээс өмнө хамтарсан бэлтгэл хийж, цугларалтанд гардаг болсон байна. Нөхөрсөг тоглолтууд ихээр хийгдэж байна. Гадны тамирчид лиг эхлэснээс хойш биш өмнө нь ирж гар хөлөө жигдэлдэг болсон нь маш сайн хэрэг. Амжилт гаргах гол үндэсүүд шүү дээ. Мөн холбооноос зохион байгуулж буй аливаа тэмцээн уралдаан бүр такстай болж байгаа гэж сонссон. Үүнийг дасгалжуулагч хүний хувьд дэмжиж байна. Гадны лигүүд тэр дундаа хөлбөмбөг хурдтай хөгжсөн европ тивд бүх зүйл үнэ цэнэтэй, тодорхой үнэлэмжтэй байдаг. Тамирчид нь энэ үнэ цэнийг нь их өндөрт авч явдаг. Нэр хүнд гэдэг бол маш чухал зүйл. Үүнийг өргөж явна гэдэг нь тамирчин хүний үүрэг. Тэр ч утгаараа тэмцээн уралдаан бүр өндөр үнэ цэнэ дор явагдаж буй нь харагдаж байсан. Монгол улсад ч гэсэн энэ бүх зүйл дэс дараатай хөгжиж байгаа нь сайн хэрэг.  Хөлбөмбөгийн хөгжлийн хувьд өшөө илүү гэрэл гэгээтэй ирээдүй хүлээж байгаа юм уу гэж харагдаж байна.

-“Эрчим” клүб футзалын тэмцээнд залуу тамирчдаар багаа бүрдүүлэн оролцсон. Гол тамирчдаа оролцуулаагүй шалтгаан нь “AFC cup”-д бэлдэж байгаа гэж байсан. Энэ тэмцээний талаар зарим нэг ойлголт багатай хүмүүст та тодорхой хэлж өгч болох уу?

-Өнгөрсөн жилээс хойш энэ тэмцээн зохиогдож  эхэлсэн. Бид бүхэн Азийн Хөлбөмбөгийн Холбооны “President’s cup” тэмцээнээр илүү мэддэг болсон. Группд хуваагдан өрсөлдөж улмаар хэсгээс шалгарсан багууд хагас шигшээд шалгардаг тэмцээн байлаа. Харин AFC cup-ийн хувьд хамрах хүрээ нь илүү өргөн юм болов уу гэж харсан. Эхний хоёр шатыг амжилттай давж чадвал бүсэд хуваагдан дахин өрсөлдөх боломжтой. Тийм болохоор эхний тоглолтууд маш чухал байна. Дараагийн шатанд гарах нь бидний зорилго учир байгаа бүхнээ дайчлан хичээж ажиллаж байна даа.

-Сүүлийн жилийн хугацаанд МХБХ харьцангүй их хөдөлгөөнтэй, тэмцээн уралдаан ихтэй, түүнийгээ дагаад шагналын сан өндөрссөн өөрөөр хэлбэл хөгжлийн үүдийг нээсэн чухал алхамуудыг хийгээд байна. Таны хувьд тоглогч болон дасгалжуулагчийн хувиар ажиллаж байна. Өөрчлөлтүүдийн давуу тал болон орхигдож байгаа уламжлалын талаар бодлоо хуваалцахгүй юу?

-Одоо анзаараад байхад хуучны дасгалжуулагчид уусч, шинэ залуу дасгалжуулагчид ихээр төрөн гарч байна. Хүмүүсийн сонирхол хөлбөмбөг талруугаа их татагдаж байна. Зах зээлийн өөрчлөлт болоод 2000 он гарсаар хөлбөмбөгийн уур амьсгал их өөрчлөгдөж байна гэж боддог. Өмнөх таван жилийн хугацаанд багуудын тактик алсын дамжуулалтаас уралдуулсан зүйл анзаарагддаг байсан бол одоо илүү богино дамжуулалтыг гүйцэтгэж, багаар тоглолтонд оролцсон, багийн болоод тухайн хувь тамирчны онцлогийг түлхүү гаргаж ашиглаж байна.  Хувь тамирчид ч гэсэн биеэ дааж өөрийн ур чадвараа ахиулж чадаж байна. Өөр өөрийн гэсэн арга барилтай шинэ залуу дасгалжуулагчид ихээр гарж ирж байгаагийн нэг давуу тал нь өсвөр үе, бидний ирээдүй болсон тамирчдад онол болон практикийн зөв зүйл хэлээд өгөх хүн олон болж байна гэж үздэг.

-МХБХ-ны дасгалжуулагчдыг анзаарч байхад ямар нэгэн байдлаар, урт богино хугацаанд тоглогч байсан хүмүүс их байдаг. Шууд дасгалжуулагч болсон мэдээж цөөн тооны хүн бий. Ер нь тоглогч хүн дасгалжуулагч болохын давуу талууд юунд оршдог юм бол?

Давуу тал нэг биш нилээд хэдээр яригдах байх л даа. Жишээ нь багийн уур амьсгалыг мэдэрдэг, тухайн тамирчин бүрийн зан аашийг хэн хүнээс илүү мэдрэх. Олон жилийн хамт тоглосон болоод ч тэр үү, тухайн багт яг юу дутагдаад байна ?, ямар арга барил хэрэглэвэл илүү үр дүнд хүрэх вэ ? гэдэг нь тоглож явсан бидний хувьд маш тодорхой байдаг. Магадгүй би тоглогч байж үзээгүй бол энэ бүх хүчин зүйлийг ялгаж салгахад бэрх байх байсан болов уу. Тоглож байгаа хүн мэдээж наад захын жижиг заль, өрсөлдөгчийнхөө давуу болон сул тал дээр илүү мэдээлэлтэй байгаа.

-“Эрчим” клүбийн нэг зүйлд баярладаг. Гадаа талбайд хамгийн их хөгжөөн дэмжигчидтэй харагддаг. Тэгэхээр тэр давуу талаа бүү орхигдуулаарай. Улам олуулаа болж, хөлбөмбөгөө хамтдаа хөгжүүлцгээгээрэй. Мэдээж аваргаа хамгаалах том зорилт тавьсан байх. Түүндээ хүрээрэй. Олон улсын тэмцээнд нь мөн амжилт хүсье.

-Маш их баярлалаа.  Хөгжөөн дэмжигчид болон нийт хөлбөмбөг сонирхогчдынхоо итгэлийг алдахгүйн тулд бид бүхэн багаараа маш их хичээх болно. Баг хамт олон маань хэдийн нэг гэр бүл болсон. Энэ гэр бүлийнхээ халуун дулаан уур амьсгалыг эвдэхгүйн тулд хамтын хүчээр хичээнэ.

ЭХ СУРВАЛЖ: http://the-mff.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна