Турк Европын холбооноос юу нуухыг хүсэв?

2016 оны 4 сарын 20

Туркийн Истанбул хотын Ататурк олон улсын нисэх буудалд Германы сэтгүүлчийг саатуулж, нэвтрэхийг хориглосон хэрэг Европын холбооны удирдлагуудыг бухимдуулжээ. Германы “ARD” телевизийн сэтгүүлч Фолькер Швенкийг Истанбул хотын нисэх буудалд олон цаг саатуулсны эцэст Египет рүү буцаасан байна. Тэрбээр Турк-Сирийн хил дээрх дүрвэгсдээс ярилцлага авч, нөхцөл байдлыг сурвалжлахаар явж байсан аж. Сэтгүүлчийг хил нэвтрүүлэлгүй, саатуулсан хэрэгт Германы канцлер Ангела Меркель дургүйцлээ илэрхийлжээ. Үүний зэрэгцээ Туркийн албаныхан зөвшөөрлийг нь сунгахаас татгалзсанаар Германы “Der Spiegel” сонин өнгөрсөн сард Истамбулаас сурвалжлагчаа эргүүлэн татсан байв.

Анкара  нь Грекээс дүрвэгсдийг буцаан авах гэрээг Европын холбоотой байгуулж, Турк дэх дүрвэгсдийн нөхцөл байдлыг сайжруулахаар амлан олон тэрбум ам.долларын санхүүжилт авсан юм. Гэвч Сирийн дүрвэгсдийн нөхцөл байдлыг суравжлахыг хүссэн сэтгүүлчийг хил нэвтрүүлээгүй нь шүүмжлэл дагуулж байна.

Өмнө нь өнгөрсөн долоо хоногт Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганыг элэглэсэн шүлэг уншсан Германы нэвтрүүлэгчийн эсрэг Анкарагийн шаардлагаар прокурорт эрүү үүсгэсэн юм. Энэ хэргийн дараа Европыг зорих дүрвэгсдийн урсгалыг сааруулсныхаа хариуд Туркийн эрх баригчид Германы канцлер Ангела Меркелд дарамт үзүүлж байна хэмээн ард түмэн хурцаар шүүмжилжээ.

Эх сурвалж: Associated Press

Б.АНХТУЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна