Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичиг барилаа

2016 оны 4 сарын 20

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр Бүгд Найрамдах Литва Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ина Марчюлёните, Бүгд Найрамдах Латви Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Марис Селга, Маршаллын Арлуудын Бүгд Найрамдах Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Томас Д.Кижинер, Микронезийн Холбооны Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Карлсон Д.Апис нар тус тус Итгэмжлэх жуух бичгээ барив.

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа.

Литва Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Ина Марчюлёните ардчиллыг эрчимтэй хөгжүүлж байгаа Монгол Улсад баяр хүргээд удахгүй болох АСЕМ-ын чуулганыг амжилттай зохион байгуулна гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайдын ажилд Монгол Улсын Гадаад хэргийн яам, Ерөнхийлөгчийн Тамгын газрын зүгээс туслалцаа дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэж буйгаа мэдэгдэж, Элчин сайдын ажилд амжилт хүсэн ерөөв.

Бүгд Найрамдах Латви Улсын Элчин сайд Марис Селга Монгол Улсад томилогдон ажиллах болсондоо сэтгэл хангалуун буйгаа илэрхийлж, хоёр улсын харилцааг цаашид эрчимтэй хөгжүүлэхийн тулд чармайн ажиллахаа мэдэгдлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж удахгүй Улаанбаатар хотноо болох АСЕМ-ын дээд түвшний уулзалтад Латвийн Ерөнхийлөгч Раймондс Вейонис оролцохоор төлөвлөж буйд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлэн, Элчин сайдын нэр хүндтэй, хариуцлагатай ажилд амжилт хүслээ.

Маршаллын Арлуудын Бүгд Найрамдах Улсын Элчин сайд Томас Д.Кижинер тус улсаас Монгол Улсад ажиллах анхны Элчин сайдаар томилогдсондоо баярлаж буйгаа илэрхийлэн цаашид хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг сайжруулахад анхааран ажиллахаа дуулгав. Монгол Улсын Ерөнхийлөгч Элчин сайдын ажилд амжилт хүсэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2015 оны тавдугаар сарын 24-нд Япон Улсад ажлын айлчлал хийх үеэр Маршаллын Арлуудын Бүгд Найрамдах Улстай дипломат харилцаа тогтоох тухай хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан.

Микронезийн Холбооны Улсын Элчин сайд Карлсон Д.Апис Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзахдаа хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргахын төлөө чармайн ажиллахаа мэдэгдэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайд нарт ажлын өндөр амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөв.

ЭХ СУРВАЛЖ: PRESIDENT.MN

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна