Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын хамтарсан шалгалт пүрэв гарагт дуусна

2016 оны 4 сарын 20

Улаанбаатар хотын цагдаагийн газар, Нийслэлийн Тээврийн газар, Нийслэлийн Авто Замын газрын хамтран баталсан "Нийслэл гудамж, замын хөдөлгөөнд оролцож байгаа автотээврийн хэрэгслийн техникийн байдал, ачаа тээвэрлэлт, зам, замын байгууламжийн ашиглалтын шаардлагад хяналт тавих хамтарсан шалгалтын улирдамж”-ийн дагуу 6 дүүргийн 8 цэгт Нийслэлийн Тээврийн газрын Авто тээврийн хяналтын улсын байцаагч, Улаанбаатар хотын цагдаагийн газрын Техник, замын хяналт хариуцсан мэргэжилтэн, Нийслэлийн Авто Замын газрын Авто замын засвар ашиглалтын хяналтын мэргэжилтнүүд  хамтарсан шалгалт хийж байна.

2016 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд 20:00-03:00 цагийн хооронд хяналт шалгалтыг хийж,  16 хоногийн явцад  4244 тээврийн хэрэгсэл шалгагдснаас "ЕС" зөвшөөрөлгүй хөдөлгөөнд оролцсон 708, Авто зам, замын байгууламжийг техникийн нөхцөл шаардлагын дагуу ашиглаагүй 22, Автотээврийн хэрэгслийн хэрэглээний стандартын үзүүлэлт шаардлагыг хангаагүй 249, нийт 979  тээврийн хэрэгслийн зөрчлийг илрүүлж Автотээврийн тухай хуулийн дагуу 11,202,000 төгрөгийн арга хэмжээ авчээ.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 102 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн гудамж замын хөдөлгөөнд ачааны автомашиныг цагийн хязгаарлалттайгаар оролцуулах, түр олгох журам”-ыг шалгалтанд хамрагдсан Аж ахуйн нэгж, байгууллагын инженер техникийн ажилтан болон тээвэрлэгч жолооч нарт тайлбарлан танилцуулж хууль тогтоомж зөрчихөөс урьдчилан сэргийлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан байна гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна