“МАХН-ын дарга эвсэх бодолгүй байсан”

2016 оны 4 сарын 20

Сэтгүүлч:
Г.Дарь

2016 оны УИХ-ын сонгуульд МАН дангаараа оролцох болж, сонгуульд дэвшүүлэх мөрийн хөтөлбөрөө Аудитын газарт хүргүүлэх болсноо өнөөдөр /2016.04.20/ МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат сэтгүүлчдэд мэдэгдлээ.

Харин МАН-ын дарга М.Энхболд “МАН, МАХН эвсэж УИХ-ын сонгуульд оролцох хүрээнд хоёр талаас ажлын хэсэг байгуулагдан ажиллаж МАН-ын зүгээс 80х20 гэсэн санал тавьсан, МАХН 60х40 болгохыг хүссэн. Хоёр талаас байгуулагдсан ажлын хэсгийн дарга нарын гарын үсэг зурж тохиролцсон санамж бичигт 33х67 болсон. МАН МАХН-ын саналд илүү хүлээцтэй, хүндэтгэлтэй хандсан. Мөн энэ санамж бичигт “Тогтсон зүйлүүдээ өөрчлөхгүй, түүнээсээ буцахгүй, гэрээгээ байгуулж, эвслийн мөрийн хөтөлбөрөө баталъя” гэж тохиролцсон боловч өөрчлөх асуудал тавьсан нь итгэл алдруулсан. Хэдийгээр энэ удаагийн сонгуульд бид эвсэж орж чадаагүй ч гэсэн цаашдаа эвсэж нэгдэхийн төлөө ажиллана” гэлээ.

Үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад ийм хариулт өгөв.

-МАН-ын дарга М.Энхболд, МАХН-ын дарга Н.Энхбаяр нар Төрийн ордонд нэлээд удаан хугацаагаар уулзаж ярилцсан гэдэг мэдэээлэл байгаа. Уулзалтаар яг юу ярьсан юм бэ?

М.Энхболд: Бид МАХН-ыг 16.00 цагт эвсэх эсэх асуудлаар эцсийн хариугаа өгөөч ээ, Сонгуулийн хуульд заагдсан ажиллагаагаа хэрэгжүүлэх боломж бололцоогоо тооцсон ч гэсэн цаг хугацаа давчуу болж байна,  эвсэх бол хамтарсан мөрийн хөтөлбөрөө, үгүй бол дангаараа оролцох мөрийн хөтөлбөрөө өргөн барих ёстой гэдгийг сануулсан. Гэвч 17.00 цаг хүртэл хүлээсэн, ямар ч хариу өгөөгүй. Харин 18.00 цагийн үед манай намд МАХН-аас бичиг ирж, хоёр намын даргыг ажлын хэсэгтэй уулзуулах санал тавьсан. Бид Бага хурлаа өндөрлүүлэх гэж байсан боловч түр завсарлуулсан. Төрийн ордонд очиж, ажлын хэсгийн гишүүдтэйгээ хоёр намын дарга уулзсан.

МАХН-ын дарга саналаа хэлсэн, зөвшилцсөн зүйл дээр орж байгаа нэмэлт өөрчлөлтөө авч үзээч. Нэгдүгээрт, орон нутагт манайх үнэхээр хүнд байна гэсэн. Хоёрдугаарт дөрөвдүгээр сарын 20-нд багтаан Сонгуулийн мөрийн хөтөлбөрийг заавал Аудитад өгөх ёсгүй гэсэн.

Гуравт, УИХ-ын сонгуультай холбоотойгоор пропорцианалиар нэр дэвшихээр МАХН-д оногдсон 10 суудлын зургааг нь эхний 15-д заавал бичнэ. Можаритороор МАХН-аас нэр дэвших 15 хүн эхлээд можариторын 48 тойрог дээр сонголтоо хийнэ. Үлдсэн 33 дээр танайх хүнээ тавина шүү гэсэн. Ийм саналыг дахин нэмж тавьж байгаагаас нь үзэхэд МАХН ын удирдлага эвсэх тал дээр хичээл чармайлт гаргах бодолгүй юм байна, асуудлыг улам хүндрүүлж байгаа нь биднийг хойш суулгах бодлого барьж байгаа юм байна гэж үзээд “Сонгууль зохион байгуулах байгууллага дөрөвдүгээр сарын 20-ний 17.30 цаг гэж цаг өгчихөөд байхад бид 24, 25-нд мөрийн хөтөлбөрөө өгч чадахгүй” гэдгээ хэлсэн.

Уулзалт 3 цаг гаруй үргэлжилсэн. 

-Таны ярианаас эвсэх асуудал нээлттэй  үлдсэн гэж ойлголоо.  Энэ яг юу гэсэн үг вэ?

-УИХ-ын сонгуулийн үр дүн яаж гарахыг хэн ч мэдэхгүй. Хэрвээ сонгуулийн дараа олонх бүрдэхгүй УИХ бий болбол МАН хэнтэй ч эвсэж энэ улс орны төлөө зүтгэхэд бэлэн. Өчигдөр муудсан, өнөөдөр ярихгүй гэдэг юм байхгүй. Улс орны эрх ашгийн төлөө, ард түмний эрх ашгийн төлөө хэнтэй ч шинэ асуудал үүсгээд хамтраад явах бололцоотой.

-УИХ-ын Ч.Хүрэлбаатар, Ч.Улаан нарыг эвсэх асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийж байхад МАХН-ын дарга Н.Энхбаяр ажлын хэсгээс гарсан зөвшилцөлд хүрсэн баримтыг бариад Ардчилсан намын даргатай хэлэлцээр хийх маягийн юм хийгээд явж байсан гэх мэдээлэл цацагдаад байна. Энэ тал дээр та бүхэнд мэдээлэл байна уу?

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: МАН, МАХН 2016 оны УИХ-ын сонгууль болон орон нутгийн сонгуульд эвсэж орох асуудлаар ажлын хэсэг байгуулагдаж ажилласан. Мэдээлэл хийсний дараагаар МАХН-ын дарга, Ардчилсан намын даргатай уулзсан гэдэг мэдээлэл ирсэн. Бид сонгуульд хамтарч оролцох санамж бичиг байгуулсны дараа бусад улс төрийн хүчний удирдлагатай уулзаад яриа хийгээд яваад байгаа нь эвсэх асуудлыг эргэлзээнд оруулж байна гэдэг бичгийг явуулсан. Бид тэдний уулзаж байгааг нүдээрээ хараагүй. Гэхдээ буцаад бидэнд өгсөн хариундаа “Бидний бусад намуудтай хийсэн яриа МАН-тай эвсэхэд нөлөөлөхгүй” гэсэн байсан ч хүлээн авах боломжгүй саналуудыг тавьсан.

-Өнгөрсөн хугацаанд ажлын хэсэг 10 гаруй удаа уулзсан байгаа. Гэтэл МАХН-ын дарга гадаадаас ирсэн даруйдаа ажлын хэсгийн зөвшилцөлд хүрсэн асуудлыг өөрчлөх санал гаргасан нь Н.Энхбаяр даргад мэдээлэл өгөхгүй яваад байсан юм байх даа гэх дүгнэлт гаргахад хүргэж байгаа. Энэ талын мэдээлэл юу байна?

-МАХН-ын ажлын хэсэг дотооддоо ажлаа яаж зохион байгуулж байсныг мэдэхгүй. МАН-аас гарч ажилласан ажлын хэсэг уулзалтын үр дүнгээ намын удирдлагадаа хэлж зөвшилцөж байсан.

-МАХН мөрийн хөтөлбөрөө хоёр янзаар боловсруулсан гэсэн мэдээлэл бий. МАН бас мөрийн хөтөлбөрөө хоёр өөрөөр боловсруулсан байсан уу?

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт: МАХН-ын мөрийн хөтөлбөрийг Ц.Цолмон сайд хариуцаж байсан. Эвсэх асуудал эрчимтэй явж, ажлын хэсэг тодорхой тохиролцоонд хүрээд ирсэн үед бид мөрийн хөтөлбөрөө хэдийд яаж нэгтгэх вэ, эвссэн тохиолдолд эвслийн мөрийн хөтөлбөрийг Сонгуулийн ерөнхий хороо, Үндэсний аудитын газарт хүргүүлэх ёстой гэж үзээд энэ дээр ямар байр суурь баримтлах вэ гэдэг дээр бид Батлан хамгаалах яаманд очиж уулзсан. Нэг өдрийн дотор хоёр талын мөрийн хөтөлбөрөө нэгтгэх цаг хугацааны боломж байх юм байна гэж үзсэн. Өчигдөр 18.00 цаг хүртэл МАН-ын мөрийн хөтөлбөр батлагдаагүй байсан, гэтэл МАХН 17.00 цагт мөрийн хөтөлбөрөө баталсан байсан. Эвссэн тохиолдолд эвслийн мөрийн хөтөлбөр гарна гэж үзээд хүлээж байсан.

-МАХН-тай харьцуулахад МАН-д боловсон хүчний асар их нөөц бий. Тийм байтал МАХН-тай эвсэх ямар шаардлага байсан юм бэ. Сонгуульд эвсэж орохгүй бол амжилт олохгүй болчихоод байгаа юм уу. Бага хурлын гишүүд эвсэхгүй болсонд ямар байр суурьтай байсан бэ?

Н.Энхболд: МАН-ыг хагалснаас хойш жирийн гишүүд, дэмжигчдийн дунд хоёр нам нэгдчихээсэй гэх хүлээлт бий болсон. Тийм учраас хамтрах ёстой, тэгж байж, улс орноо энэ хямралт байдлаас гаргана гэж үзэн,  Удирдах зөвлөлд оруулаад шийдүүлсэн. Монгол орны хувь заяаны асуудал гэдэг утгаар дэмжсэн. Бага хурал удирдаж байсан хүний хувьд заалны уур амьсгалыг ажиглахад “Манай нам арай л дэндүү буулт хийжээ” гэдэг байдлаар хүлээж авсан. Тэгэхдээ улс орны эрх ашгийн үүднээс эвсэх ёстой гэдэгт санал нэгдсэн. Гэхдээ МАХН саналаасаа буцсаны дараа ярилцах асуудлыг дахин ярих хэрэг гарч, нэг оролдож үзээд цаг хугацаа тулчихсан үед явуулахаас өөр аргагүй гэж үзээд, шийдвэрээ гаргасан.

Боломжийг ашиглаагүй нь МАН-аас болоогүй шүү гэдэг дээр Бага хурлын гишүүдийн сэтгэл нь амар байсан байх. Гэхдээ хоёр намын олон мянган гишүн дэмжигчдийн мөрөөдөж байгаа зүйлийг хүлээн авахын аргагүй болзлууд тавьснаар биелэгдэх боломжгүй болгосон нь харамсалтай.

Ж.Мөнхбат: МАН дангаараа ямар нэг эвсэл болохгүйгээр 2016 оны УИХ-ын сонгуульд оролцох болж байна. Бид гишүүддээ эерэг хариу өгөх юмсан гэсэн сэтгэл зүтгэлээр ажилласан. Гэвч эвсэх асуудал нь улстөрийн тохиролцоо наймааны хэрэгсэл болж хувиран, хүлээж авахын аргагүй болзол тавьж байсан учраас МАН шийдвэрээ гаргасан. Сонгуулийн бэлгэлээ сайн хангаж, эв хүчээ нэгтгэж ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна