Наймаачдын 50-60 хувь нь хоногийн зээлтэй

2016 оны 4 сарын 20

Томоохон захуудын наймаачдаас нэг цаг өнгөрөхөд 7 мянган төгрөг, нэг өдөр өнгөрөхөд 160 мянган төгрөг гэх мэт мөнгө хүүлдэг бүлэг байдаг байна. Иргэдийн шударга шүүх ТББ-ын судалгаагаар 200 мянга гаруй хувиараа үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэг наймаачдын 50-60 хувь нь өндөр хүүтэй зээл авсан дүн гарчээ. Томоохон захууд тарах цагаар наймаачдаас дэвтэр бариад мөнгөө хурааж авдаг бөгөөд наймаачдын ихэнх нь  аман гэрээ хийдэг ажээ.

Жишээ нь мөнгө хүүлэгчид хүний итгэлийг олох замаар 500 мянган төгрөгнөөс эхлэн зээл олгохдоо аман гэрээ байгуулдаг. Тэр нь 2-3, 20 сая болчихвол гэрээ байгуулж эхэлдэг байна. Гэтэл зээлийн гэрээг мөнгө авч, өгсөн өдрөөс эхлэн байгуулах ёстой байдаг. Энэ мэт санхүү, эдийн засгийн ойлголтгүйгээс наймаачид өдөр бүр наймаа хийдэг ч мөнгө хүүлэгчдэд хүү төлөх гэж амьдардаг болсон тухай Хувиараа худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг хамгаалах холбооноос өнөөдөр /2016.04.20/ мэдээлсэн юм.

Тус ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт “Манай байгууллага 2013 оноос эхлэн хоногийн зээлийн талаар судалгаа хийсэн. Хоногийн зээл нэртэй гаднаас орж ирсэн луйврын сүлжээ үүсчихээд байна. Сүүлийн үед гарч байгаа зэвсэгт дээрэм, хулгайн хэрэг ч энэ өндөр хүүтэй зээлтэй холбоотой.” гэв.

Мөнгө хүүлэгч 5-6 хүн бүлэглэж, дамжуулж зээл олгодог бөгөөд зээлийн хугацаа хэтэрвэл худалдаачдыг доромжилж, барааг нь нураах, зодох зэрэг дарамт үзүүлдэг. Мөн наймаачид нэг удаа мөнгө зээлж авснаар 15 төрлийн гэмт хэргийн хохирогч болж байгааг тус ТББ-ын мэргэжилтнүүд дурдлаа. Манай оронд хоногийн зээл гэх уг бизнес 10 гаруй жилийн өмнө БНСУ-аас орж ирсэн гэнэ.

Тиймээс хоногийн зээлтэй худалдаачдын асуудлаар энэ сарын 25-ны өдөр хэлэлцүүлэг хийх гэж байна. Хэлэлцүүлэг Сонгуулийн ерөнхий хорооны хурлын танхимд болох бөгөөд томоохон захуудын захиргаа, ТЕГ, ЦЕГ, ШӨХТГ зэрэг холбогдох байгууллагууд оролцоно. Мөн энэ асуудлыг Цагдаагийн ерөнхий газарт шалгуулахаар тус ТББ-ын судалгааны тайланг 10 хүний өргөдлийн хамт хүргүүлсэн байна.

А.ЦЭЭСҮРЭН

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна