Кубын коммунистууд мөд огцрохгүй

2016 оны 4 сарын 20

Кубын хувьсгалын удирдагч Фидель сүүлчийн удаа сургаалиа айлдаж, өөрийнх нь төгсгөл ойртсон тул үзэл санааг нь үргэлжлүүлэхийг уриалсан байна.

Хэдэн цагаар ч хамаагүй сургааль айлддаг Фидель Кастро сүүлийн хэдэн жил огт телевизээр гараагүй ажээ. Фидель Кастро “Би 90 хүрэх гэж байна. Бас тэдний араас явна. Энэ бол бүгдийн дайрч гардаг жам. Гэвч Кубын коммунистуудын үзэл санаа энэ дэлхий дээр мөнх байх болно” гэжээ.

Намын хурал дээр Кубын Засгийн газар түүний дүү Раул Кастрог Кубын коммунист намын лидерын албыг үргэлжлүүлэн хашна хэмээн зарласан байна. Засгийн газрын мэдэгдэл болон Фидель Кастрогийн дээрх илтгэлээс АНУ, Кубын харилцаа сайжирч, иргэдийн дунд коммунизмыг эсэргүүцэх нь нэмэгдсэн байлаа ч Кубын хувьсгалчдын үе удам энэ орныг удирдах нь тодорхой болсон юм.

Фидель Кастро Кубад коммунист дэглэм байгуулахаар хувьсгал хийж, нэг намын системтэй, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн системээр явна гэж тунхагласнаас хойш тавин таван жилийн дараа Кубын засгийн газар итгэл үнэмшлийн хямралтай тулгарсан билээ.

Коммунистуудаар тавин жил удирдуулсан энэ орны залуучуудын дийлэнх нь амь зуухад хүрэхтэй үгүйтэй сарын 25 ам.долларын цалингаа голох болсон юм.

Кубын төрийн өмчит мэдээллийн хэрэгслүүд интернэт дэх гадаадын гоё нэвтрүүлэг, иргэдийн дунд гараас гарт дамжсан CD-нд байр сууриа хэдийн алдсан. Хувьсгалаас хойш  Кубын цагаачлагчдын тоо тоймгүй болсон гэдэг. Капитализм бол аюул, заналхийлэл гэж тунхагласан энэ улсад цөөн тооны хувийн үйлдвэрүүд нь зогсонги байдалд орж, хулгай, шамшигдуулалт газар авсан төрийн өмчит үйлдвэрүүдийн дийлэнх нь дампуурч дууссан байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өнгөрсөн сард Кубад айлчилсан нь өнгөрсөн 90 жилийн хугацаанд АНУ-ын төрийн тэргүүдээс тус арал дээр айлчилсан анхны тохиолдол болсон юм. Гэвч энэ айлчлалаас хойш Кубын Засгийн газар болон иргэдийн хоорондох үзэл суртлын ялгаа улам ихэсчээ.

Кубын коммунист намын долдугаар их хурал дээр намын нэгэн өндөр албан тушаалтан АНУ Кубыг эрхшээлдээ оруулахыг хүсч буй дайсан хэвээрээ гэж мэдэгдсэн бөгөөд Барак Обамагийн айлчлал бол Америк үзэл суртлын халдлага гэжээ.

Намын хурлаар өдгөө 84 настай Раул Кастрог Кубын коммунист намын нэгдүгээр нарийн бичгийн дарга, Хосе Рамон Мачадо Вентураг хоёрдугаар нарийн бичгийн даргын албыг цаашид үргэлжлүүлэн хашна гэж мэдэгдсэн байна. Фидель Кастрогийн төрсөн дүү Раул Кастро одоо Кубын ерөнхийлөгч болон намын нэгдүгээр нарийн бичгийн даргын албыг зэрэг хашиж байгаа юм.

Намын энэ шийдвэр нь 2018 он хүртэл ерөнхийлөгчийн албан тушаалыг Раул Кастротой булаацалдах хүн байхгүйг батлан харуулсан. Раул Кастрогийн хэлж буйгаар коммунист хувьсгалчид  2021 он хүртэл энэ улсыг удирдахаар төлөвлөж байгаа ажээ.

85 настай Хосе Рамон Мачадо Вентура 1959 онд дарангуйлагч Фульхенсио Батистагийн дэглэмийн унагаж, Кубад хувьсгал хийхэд ах дүү Кастротой хамт эдийн засгийн шинэчлэлийн эсрэг тэмцэж байв. Ах дүү Кастро түүнийг Кубад сахилга, дэг журам тогтоохоор томилж байв. Сүүлд Хосе Рамон Мачадог жимс, хүнсний ногоо, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн худалдаалагч хувийн хэвшлийнхэнийг журамлаар томилсон юм.

Раул Кастро хувийн хэвшлийнхэнд хөдөө аж ахуйн эдийн засгийн нээлттэй бодлого баримталж буй хэдий ч засгийн газар хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнийн өсөлтөнд хувийн хэвшлийнхэнийг буруутгаж байгаа юм.

Мягмар гаригт болсон намын их хурлын дараа Кубын үндэсний телевизээр Фидель Кастро Гавана хотын намын ордонд үг хэлж байгааг дамжуулжээ.

"Би магадгүй сүүлчийн удаа энэ танхимд үг хэлж байгаа байх. Бид Латин Америк болон дэлхийн бусад орон дах ахан дүүстэй Кубын иргэд ялна гэдгийг хэлэх ёстой” гэжээ.

Н.ЭНХ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна