Орон сууцны бирж байр түрээслэх зар авдаг болно

2016 оны 4 сарын 20

Барилгын салбарт анх удаа “Орон сууцны бирж” гаргаж, энэ сараас ажиллуулж эхэлсэн билээ. Тэгвэл энэ биржээс иргэд ихэвчлэн орон сууцны ипотекийн зээл, шинээр худалдан авахтай холбоотой мэдээлэл, зөвлөгөө авах болжээ. Ялангуяа найман хувь, таван хувиар орон сууц худалдан авах боломжийн талаар мэдээлэл авч байгаа аж.

Биржийн хувьд албан ёсны нээлтээ хийгээгүй ч иргэдэд шинэ орон сууц, ипотекийн зээл, үнэ ханш, бүрдүүлэх материалаас эхлээд бүх талын мэдээлэл, зөвлөгөө өгч, үйл ажиллагаагаа эхэлжээ. Одоогоор 50 гаруй барилга, орон сууцны компани бүртгүүлэн, мэдээллээ байршуулсан байна. Биржид бүртгэлтэй орон сууцны м2-ын доод үнэ 1.4 сая төгрөг аж.

“Нийслэлд 250 гаруй төслийн орон сууц барьж, зах зээлд нийлүүлж байгаа энэ үед зээлийн хүү 8-5 руу буурсан. Тиймээс энэ зах зээлд эрэлт нэмэгдэж байгаа учраас бүх мэдээллийг нэг дороос хүргэдэг биржийн үйл ажиллагааны хэрэгцээ үүсч байгаа” хэмээн барилгын салбарынхан тус биржийг ажиллуулахаар болсон юм.

Иргэд биржээс орон сууц, ипотекийн зээлийн мэдээлэл, зөвлөгөө авах, зах зээлийн бүх төрлийн судалгаа харах зэрэг боломжтой гэлээ. Цаашид хуучин орон сууцны болон түрээсийн мэдээллийг байршуулахаар боломжтой юм байна. Орон сууц түрээслүүлэгчид зарын сайт, сонинд мэдээллээ байршуулахын оронд Орон сууцны биржид бүртгүүлж болох юм байна. Орон сууцны бирж Мишээл барилгын их дэлгүүрт байрлаж, иргэдэд  үйлчилж эхэлжээ.

Б.ЗАЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна