Хуулиас дээгүүр тогтоол байхгүй

2016 оны 4 сарын 20

-Хууль зүйн хүчин чадлын хувьд хууль нь УИХ-ын тогтоолоос илүү гэсэн үг-

Монголын Хуульчдын Холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч Н.Баярхүүтэй ярилцлаа.

-УИХ-ын гишүүн, Шадар сайд Ц.Оюунбаатарын санаачилсан УИХ-ын тогтоолын төслийг харсан болов уу. Хуульчийн хувьд энэ тогтоолыг юу гэж үзэж байна?

-УИХ-д Үндсэн хууль болоод бусад хуулиар өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар тогтоол гаргах эрх нь байгаа. Гэхдээ нэгэнт хүчин төгөлдөр үйлчилж байгаа Өршөөлийн хуулийн зүйл, заалтыг тайлбарлах, эсхүл хэн нэгэн хүн дээр, аль нэг намын даргад холбогдох хэрэг асуудалд хамааруулан хэрэглэхгүй байх агуулгатай тогтоол гаргах эрх хэмжээ бол олгогдоогүй. Хэрэв ийм тогтоол гаргаж байгаа бол Үндсэн хууль зөрчсөн хэрэг болно.

-Яагаад үндсэн хууль зөрчсөн гэж?

-Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 4-т Үндсэн хуулиас бусад хуулийг тайлбарлах бүрэн эрхийг Улсын Дээд Шүүхэд олгосон. Тэгвэл яагаад УИХ-д хууль тайлбарлах эрх олгоогүй юм бэ гэсэн асуудал үүснэ. Товчхондоо энд л манай үндсэн хуульт тогтолцоон дахь засаглал хуваарилах үзэл баримтлал тодорхой илэрнэ. Хэрвээ УИХ нь гаргасан хуулиа тодорхой нэг хэрэг маргаан дээр яаж хэрэглэх талаар тайлбарлаад эхэлбэл шүүхийн хараат бус байдал үгүй болно. Хуулийг хэн нэгэн хүнд зориулж гаргадаггүй. Абстракт байдлаар, хууль зүйн бодлогын хүрээнд боловсруулж, өргөн барьж, УИХ түүнийг нь бодлогын хүрээнд хэлэлцэж баталдаг. Харин тодорхой хэрэг маргаан, хүн дээр хуулийг хэрхэн хэрэглэх, зүйлчлэх нь цэвэр шүүх эрх мэдлийн асуудал. Хэрэв тодорхой хүний хэргийг өршөөлд хамааруулах, хамааруулахгүй тухай агуулгаар тогтоол гаргавал энэ нь Үндсэн хуулийг хэм хэмжээ, үзэл баримтлалаар нь зөрчсөн шийдвэр болно.

-Өршөөлийн хуулийг УИХ-ын тогтоолоор тайлбарлах оролдлого яваад байна л даа. Хууль, тогтоол хоёрын аль нь хууль зүйн хувьд илүү хүчин чадалтай вэ?

-Эрх зүйн актыг хууль зүйн хүчин чадлаар нь ангилан авч үзвэл Үндсэн хууль, бусад хууль, бусад шийдвэр буюу тогтоол гэж ангилан авч үздэг. Хууль зүйн хүчин чадлын хувьд хууль нь УИХ-ын тогтоолоос илүү гэсэн үг.  Энэ утгаараа Үндсэн хууль бусад хуульд аливаа төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байх шаардлагатай. Энэ талаар “Хууль тогтоомжийн тухай хууль”-д УИХ-ын тогтоолын төслийн эх бичвэрт тавих шаардлагыг тодорхой заасан байгаа. Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн, бусад хууль болон Монгол Улсын олон улсын гэрээний заалттай уялдсан байх гэсэн шаардлагыг тодорхой хуульчилсан. Тиймээс хуулийн үйлчлэлийг тогтоолоор өөрчлөх боломжгүй юм.

-Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь зүйтэй гэж та үзэж байна?

-Дэмжихгүй байх ёстой болов уу. УИХ-д даргаасаа эхлээд л хуульчид олон байгаа. Үндсэн хууль судлаач эрдэмтэд, бүр Үндсэн хууль батлалцсан гишүүд нэлээд бий. Үндсэн хуулиас илүү эрх ашиг гэж байхгүй. Учир нь Үндсэн хуульт ёс бол ард түмний эрх ашиг. Үндсэн хууль маань “Монголын ард түмэн бид” гэж эхэлдэг нь их учир утгатай гэж Б.Чимид багш маань хэлдэг байсан даа.

Их Хурал дээр дэмжигдлээ гэхэд Үндсэн Хуулийн цэцэд хэн нэгэн нь өргөдөл, мэдээлэл өгөх эрх бас нээлттэй байгаа.

Б.ХОНГОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна