“Адидас”-тай эртний хүн

2016 оны 4 сарын 20

Сэтгүүлч:
Г.Сүмбээ

Өнгөрсөн гуравдугаар сард www.dailymail.com сайтад нийтлэгдсэн нэгэн мэдээнд Монголын нутгаас олдсон нэгэн булшны талаар дурдсаныг уншигч та бүхэнд сонирхолтой байх болов уу хэмээн орчуулан хүргэж байна.

Энэ долоо хоногийн эхэнд Монголын археологичид Алтайн уулнаас олсон эмэгтэй хүний булш олж, зургийг нь дэлгэжээ. Гэхдээ уг зургийг анзаарвал 1500 жилийн өмнөх булшин дахь цогцсын хөлд Адидас фирмийн гутал өмсөөтэй байх ажээ. Тиймээс твиттер болон фэйсбүүкийн хэрэглэгчид  энэ эмэгтэйг цаг хугацаагаар аялагч нэгэн байжээ хэмээн сэтгэгдэл бичжээ. Мэдээж энэ бол хошигнол.

Эмэгтэйн шарилыг Ховд аймгийн музейн мэргэжилтнүүд судалж буй юм байна. Шарилыг Төв Азиас олдсон хамгийн анхны Түрэгийн үеийн хүний оршуулга хэмээн үзэж буй бөгөөд далайн түвшнээс дээш 2803 метрийн гүнээс олдсон байна. Ийм гүнд байрлаж байсан учраас гүний хүйтэн температурын нөлөөгөөр энэхүү булш бүтцээ алдаагүй өнөөг хүрсэн гэж зарим хүмүүс үзэж буй аж.

Музейн судлаач Б.Сүхбаатарын хэлж буйгаар: “Энэ булшны эзэн өндөр зиндааны хүн байгаагүй. Мөн бид түүнийг эмэгтэй хүн байсан хэмээн тааварлаж байна. Учир нь түүний булшинд нум сум, зэрэг зэвсэг байгаагүй. Одоогоор бид түүнийг ороосон боолтыг маш болгоомжтойгоор тайлахыг хичээж байна. Үүний дараа мэргэжилтнүүд ямар хүйстэй хүн байсан талаар илүү дэлгэрэнгүй хариулт өгөх боломжтой болно” гэжээ.

Энэхүү булшнаас олдсон бусад олдворууд болох /морины эмээл, хазаарын амгай, шавар ваар, модон аяга, тэвш, төмөр данх, эртний хувцас, дэр, хонины толгой, ямааны яс, аягаа хийж авч явдаг байсан гэмээр жижиг арьсан цүнх болон морины араг яс/  нь манай эриний зургадугаар зууны үеийн Монголчуудын аж амьдралыг харуулсан баримт байж  болох гэнэ. 

Б.Сүхбаатарын хэлэхдээ “Энэ мориор өргөл өргөсөн болохыг бид төвөггүй тогтоож чадна. Энэ бол дөрвөөс найм орчим настай гүү байжээ. Мөн даавуугаар хийсэн 4 янзын хүрэм олдоод байна. Сонирхолтой зүйл нь гэвэл тэр үед  дан ганц хонины ноос биш тэмээний ноосыг ч мөн адил хэрэглэж байсан байна. Ямартай ч, энэ үеийн хүмүүс үнэхээр чадварлаг гар урчууд байжээ ” хэмээжээ.

Siberian Times-ийн мэдээлснээр Ховд хотын музейн ажилчдад  энэхүү булшны талаарх анхны мэдээллийг нутгийн малчин хүргэжээ.  

Хоёр жилийн өмнө археологичид мөн л Алтайн уулнаас Түрэгийн тулаанч баатрынх  хэмээн үзсэн булшийг олж байсан юм.   

Алтайн уулс нь Сибир, Монгол Хятад болон Казакстаныг холбосон уул юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна