Конор Макгрегор UFC 200-аас хасагдлаа

2016 оны 4 сарын 20

UFC-гийн дэлхийн аварга, ирланд тулаанч Конор Макгрегор Лас Вегаст болох хэвлэлийн хуралд оролцохоос татгалзсаны учир UFC-гийн ерөнхийлөгч Дейна Уайт түүнийг UFC 200 тулаанаас хасагдсан гэж мэдэгджээ.

Конор Макгрегор зодог тайлж байгаа эсэх нь тодорхойгүй байгаа ч UFC 200 тулаанд оролцохгүй нь нэгэнт тодорхой болжээ. Ирэх долдугаар сарын 9-нд болох UFC 200 тэгш ойн тэмцээнд Ирландын Конор Макгрегор, АНУ-ын тулаанч Нейт Диаз нарын тулаан хамгийн их хүлээлт үүсгэсэн юм.

UFC-гийн ерөнхийлөгч шийдвэрийнхээ талаар "Бид Конортой муудалцсан юм байхгүй. Би Конорыг тулаанчийнх хувьд, хүнийх нь хувьд хүндэлдэг. Гэхдээ хэвлэлийн хуралд оролцохоос татгалзаж болохгүй. Оролцох л ёстой” гэжээ.

Дейна Уайтын дээрх шийдвэрийн өмнө Конор Твиттер хуудсандаа "Би хар залуугаараа зодог тайлахаар шийдлээ. Намайг дэмжсэн хүмүүст баярлалаа. Баяртай” гэжээ.

Конорын ойрын эх сурвалжийн баталж буйгаар зодог тайлах тухай хэлсэн үг нь үнэний ортой гэнэ. Ямартаа ч UFC 200 тэмцээнд Нейт Диазтай Конор Макгрегор тулалдахгүй нь тодорхой болсон тул UFC түүний оронд тулалдах өөр тулаанч хайж эхэлсэн гэнэ.

UFC 200 тэгш ойн хамгийн их хүлээлт үүсгэж буй тэмцээний бусад тулаанууд хагас хөнгөн жингийн аваргын бүсийн төлөө Жозе Алдо, Фрэнки Эдгар нарын хооронд болох бол эмэгтэйчүүдийн хөнгөн жингийн аваргын бүсээ хамгаалж Миша Тейт Аманда Нюнсийн эсрэг тулалдах юм.

Н.ЭНХ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна