Б.Маралжингоо: Учрах л байлгүй дээ

2016 оны 4 сарын 21

Сэтгүүлч:
А.Цээсүрэн

Монголын рок попын урлагт содон, хүчтэй хоолойгоороо 14 наснаасаа тодорсон залуу дуучин Батчулууны Маралжингоотой ярилцлаа. Тэрээр шинэ уран бүтээл гаргах гээд тун завгүй явна. Түүнтэй “Дашка” студид дуу бичүүлэх үеэр ярилцсан юм.

-Нэг хэсэг  нам гүм байлаа. Сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхнаас хуваалцахгүй юу?

-Танай сайтын уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Сүүлийн үед шинээр долоон дуу гаргасан. Одоо дууныхаа клипийг хийнэ. Хувийн ажил ихтэй болохоор аль алинд нь цаг гаргаж гүйж байна. Гэхдээ урлагт хайртай учраас илүү их сэтгэл гаргадаг. Цаашдаа олон шинэ уран бүтээлээр бэлэг барих болно.

-Шинэ дуунуудаараа цомог гаргана гэж ойлгож болох уу?

-Тэгж ойлгож болно. Шинэ дуунууд бүгд өөрийн гэсэн санааг илэрхийлснээрээ онцлог. Дуунуудын маань өнгө аяс ч гэсэн дулаан урин цагийг харуулна. “Prosound” студийн аранжировшик ая зохиогч Ганг ахтай хамтран ажилласан. Ганг ах миний дуунуудад маш их сэтгэл гаргаж, дахин давтагдашгүй хийж чадсан.

-Хувийн бизнес эрхэлж байгаа юм уу?

-Энэ талаар яримааргүй байна.

-Та уул уурхайн чиглэлээр суралцаж байсан. Энэ мэргэжлээрээ ажиллах уу?

-Одоогийн нийгэмд урлагаас өөр чиглэлээр суралцах шаардлагатай байдаг. Дан ганц урлагаар амьдарна гэдэг худлаа. Мэргэжил, сонирхол хоёроо хослуулснаар нийгэмд эзлэх байр суурийг олж чадна. Урлагийн хүн болохыг хүсч буй залуучуудад хэлэхэд урлаг чиний хүсэл мөрөөдөл мэдрэмжтэй үүрд холбоотой байдаг. Гэхдээ боловсорч, суралцахыг орхигдуулж болохгүй. Ингэснээр жинхэнэ бие хүн болж төлөвшинө гэж хэлмээр байна.

-Гэр бүлээ танилцуулахгүй юу. Өвөө нь жүжигчин хүн байсан гэж дуулсан? 

-Манай аавыг Батчулуун гэдэг. Гаалийн ерөнхий газар ажилладаг. Ээжийг минь Ариунаа гэдэг. Бас төрийн байгууллагад ажилладаг. Миний ээжийн аав маань жүжигчин Ч.Цэрэннадмид. Олноо “Тунгалаг тамир” киноны Тахар Бадарчийн дүрээр танигдсан жүжигчин байсан. Гэр бүлд маань өөр урлагийн хүн байхгүй. Гэсэн хэдий ч гэр бүлийнхэн минь надаас өндөр урлагийн мэдрэмжтэй, урлагт ээлтэй хүмүүс. Би дээрээ нэг ахтай. Доороо нэг эрэгтэй дүүтэй. Айлын ганц охин.

-Маралжингоо айлын ганц охин болоод ч тэр үү, эрх танхил зантай юу?

-Би айлын ганц охин. Эцэг эх маань намайг хэнээс ч дутахгүй хайрлаж өсгөсөн. Одоо ч гэсэн айлын эрх танхи охин нь хэвээрээ байдаг. Мөн би эршүүд, хэнэггүй зантай.

-25 дугаар сувгийн “240” цаг реалити шоу нэвтрүүлэгт оролцож байгааг чинь харахад их хүлээцтэй, тэвчээртэй юм шиг санагдсан?

-Баярлалаа. Надад хүлээцтэй, тэвчээртэй зан байдаг. Манай аав их уужуу, аливаа зүйлийг тайван хүлээж аваад цаг алдалгүй шийдэж чаддаг хүн. Гэр бүлийн хүмүүжил маань ч нөлөөлсөн. Ээж аавдаа их баярлаж явдаг.

-Хөгжим бүжгийн коллежид төгөлдөр хуурын ангид сурч байсан. Магадгүй төгөлдөр хууртай дуугаа хослуулах юм биш биз?

-Төгөлдөр хуураар хичээллэж байхад олж авсан мэдлэг надад үргэлж хэрэг болдог. Багаасаа хөгжим тоглож, хөгжмийн мэдрэмжээр өссөн болохоор юмыг хүлээж авах, төсөөлөх зэрэг мэдрэмжид сайнаар нөлөөлдөг. Ямар ч хөгжмийн зэмсгээр тоглодог хүний мэдрэмж өөрчлөгдсөн байдаг. Төгөлдөр хуурын багшдаа их баярладаг. Цаашдаа төгөлдөр хууртай хослосон уран бүтээл гаргана гэж боддог.

-Найз залуутай юу?

-Одоохондоо найз залуу байхгүй. “За одоо найз залуутай болно” гээд төлөвлөх нь ч юу юм бэ. Гэр бүлтэй болох гэж яарсан зүйл алга. Зөв хүнтэйгээ зөв цагтаа учрах л байлгүй дээ.

-Рок попын ертөнцөд чадварлаг залуус гарч ирдэг ч санхүүгийн асуудлаас болоод уран бүтээл хийхгүй байна гэдэг. Танд ч бас энэ асуудал тулгардаг байх?

-Уран бүтээл хийхэд хөрөнгө мөнгө их шаарддаг. Гэхдээ бас хувь хүний онцлогоос шалтгаална. Санхүүгийн асуудал тулгарна. Заримдаа үнэхээр гоё дуу хийх юмсан гэх хүсэл байгаа хэдий ч бүтэхгүй байх тохиолдол бий. Уран бүтээлээ зогсоосон үе ч гардаг. Гэхдээ санхүүгээс болж шантарна гэж юу байх вэ. Жилд 10 дуу гаргана гэж төлөвлөж ажилладаг хүн байна. Миний хувьд дуунуудаа чанартай бөгөөд хүмүүс хүргэх тал дээр их анхаардаг.

-“Хязгааргүй”.”Болсон явдал” зэрэг цөөнгүй киноны дууг дуулсан. Магадгүй кинонд тоглох санал ирсэн үү?

-Кинонд тоглох нь асар их авьяас цаг зарсан багын ажил юм. Би мэдэмхийрээд “За” гээд зөвшөөрчхөөд хүмүүсийн цагийг барсан зүйл хийхийг хүсэхгүй байна. Гэхдээ залуу насанд кинонд тоглох санал ирвэл үзээд алдмаар санагддаг. Одоогоор надад тийм санал ирээгүй. Харин киноны дуу гэвэл их байна. Цаашид ч гэсэн олон киноны дууг дуулах байх.

-Дуучин Маралжингоо гэхээр л урт долгиотой үс, нүдний шилээр төсөөлдөг. Нүдний шилний цуглуулгатай юу?

-Надад нүдний шилний цуглуулга бий. Багаасаа цуглуулсан болохоор зарим нь эвдэрч хэмхрээд, зүүхгүй хадгалдаг шил ч байгаа. Ойролцоогоор 70 гаруй нүдний шилтэй. Нүдний шил байнга хэрэглэдэг болохоор хүмүүст содон санагддаг байх.

-Цаашдын юу хийх төлөвлөгөөтэй байна вэ?

-Өмнө нь түүн шиг гоё дуу хиймээр байна гэдэг байсан бол одоо арай өөр талаас хардаг болжээ. Илүү сайн, чанартай уран бүтээлийг хүмүүст хүргэх юмсан гэж хичээж байна.  

-Чөлөөт уран бүтээлч хүний хувьд дахин продакшинтай хамтрах уу?

-Тийм төлөвлөгөө алга. Продакшинтай хамтрахаас илүү өөрийн хувийн уран бүтээлээ хүссэнээрээ хийхийг хичээнэ. Шинэ уран бүтээлүүд маань амжилттай бүтээсэй гэж хүсч байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна