Цаазаас бид татгалзсан, харин тэд...

2016 оны 4 сарын 21

Цаазаас бид татгалзсан, харин тэд...

-Өнгөрсөн онд сүүлийн 25 жилд гараагүй дээд  хэмжээний цаазын ялыг гүйцэтгэжээ-

Олон улсын хүний эрхийн “Amnesty International” байгууллага өөрийн илтгэлдээ, сүүлийн 25 жилд гараагүй их хэмжээний  1600 гаруй цаазын ял гүйцэтгэснийг  тэмдэглэжээ. Энэ нь 1989 оноос хойш хамгийн өндөр үзүүлэлт болж байна.  Цаазын ялын гүйцэтгэлээр Иран, Пакистан, Саудын Араб тэргүүлж байна. Бүх ял гүйцэтгэлийн  90 хувийг энэ гурван орон эзэлж байна.

Хүний эрхийн төлөө тэмцэгчдийн мэдээлснээр, Иран өнгөрсөн онд 977 хүнийг цаазалжээ. Гэмт хэрэгтнүүдийн ихэнх нь хар тамхины наймаатай холбоотой байсан гэнэ. Гэхдээ тэнд бурхан, шашныг доромжилсон хэрэгт бас цаазын ял оноосон байна. Исламын улсад хүчин, завхайрал, биеэ үнэлэлт, зэвсэгт дээрэм, гэр бүлийн  үнэнч биш үйлдэл, порно тараах, тагнуулын болон урвасан хэргүүдийн төлөө амийг нь авна.

Гүйцэтгэх гол арга нь дүүжлэх. Саяхан болтол олны өмнө цаазын ялыг гүйцэтгэн хэрэгтнүүдийг авто кранд дүүжлэн  харуулдаг байв. Харин сексийн г хүчирхийлэл үйлдэгчдийг чулуугаар нүүлгэн цээрлүүлж иржээ. Ираны  Эрүүгийн хуульд “Чулуугаар цээрлүүлэхэд, чулуу нь ганц хоёр цохилтоор хэрэгтнийг хөнөөх том хэмжээтэй байж болохгүй, хэтэрхий жижиг байж болохгүй” гэсэн тусгай заалт байдаг ажээ. Эрх баригчид энэ аргыг хоёр ч удаа хориглож байсан ч шүүгчид ийм аргаар цээрлүүлэх ял ноогдуулж иржээ. Иран 2002 оноос чулуугаар шидлэн хөнөөх  аргыг хэрэглэхгүй байгаа гэдэг. Иранд өнгөрсөн онд цаазлагдсан хүмүүсийн дунд дөрвөн өсвөрийн насныхан байжээ. Тэндхийн хуулиар насанд хүрээгүй  хүүхдүүдийг цаазалж болдог. Цаазын ял  сонсгох насны доод хязгаар нь охидод 9 нас, хөвгүүдэд 15 нас ажээ. Энэ насанд хүрсний дараа тэднийг хуулийн ямар ч  ялаар шийтгэж болно гэж үздэг байна .

Фото: Sipa / East News

Өнгөрсөн онд Пакистан 320 хэрэгтэнг цаазалжээ. Энэ үзүүлэлтээр Пакистан анх удаагаа цаазын гүйцэтгэл ихтэй  таван лидерийн тоонд орлоо. Уул нь 2008-2014 он хүртэл тэнд цаазын яланд хориг тавсан байжээ. 2020 онд нэг цэргийг цаацалсан ялыг цэргийн шүүх л өгсөн байлаа. 2014 онд Пешевар хотын цэргийн сургуульд хэт даврагчид довтлон голчлон хүүхэд залуус байсан 140 хүнийг хөнөөсний дараа цаазын ялын хоригийг цуцалжээ.

Пешаварын халдлагад өртөгч. Фото: Mohammad Sajjad / AP

\Хориг цуцлагдсаны дараа террорын хэрэгт цэргийн шүүхээс ял авсан давхар харьяалалтай орос  хүнийг цаазалжээ. Хориотой байх үед Пакистанд 8000 орчим цаазын ял хуримтлагдсан байна. Тэднийг гүйцэтгэсэн эсэх нь тодорхойгүй. Тус оронд зөвхөн дүүжлэх аргаар л уг ялыг гүйцэтгэдэг юм.

Бурхан, шашныг доромжилсон хэргээр дээд хэмжээ авсан ялтнууд их байгаа. Заримдаа энэ хэргээр  хэлмэгдүүлж, бусдын матаасаар яллах ч тохиолдол бий гэнэ.

Цаазын ялаар тэргүүлэгч орнуудын гуравдугаарт Саудын Араб оржээ. Тэд 2015 онд 158 хүнийг цаазалжээ. Иран шиг шариатын хууль үйлчилдэг учир дээд хэмжээ авах гэмт хэргийн төрөл нь адилхан. Харин саудчууд гэмт  хэрэгтний толгойг авдаг ажээ. Гэхдээ эмэгтэй гэмт хэрэгтнүүдийг буудан цаазалдаг гэнэ. Цаазын ялыг олны өмнө гүйцэтгэх бөгөөд гол алуурчныг ван өөрөө томилдог.

Хааны гэр бүлийнхнээс цаазын ял сонсох явдал байдаг. Фейсал ибн Мусаид Аль Сауд вангийн аминд  үеэл ач нарынх нь нэг халдсан хэрэг 1975 онд гарсан юм. Үхлийн шарх авсан ван түүнийг цаазлахгүй байхыг гуйсан ч Фейсал ибн Мусаид Аль Саудын  ялыг алтан сэлмээр гүйцэтгэсэн юм. Дараа нь  түүний толгойг шонд өлгөн 15 минутын турш нийтэд харуулж байлаа. 1977 онд 19 настай Мишааль бинт Фахд аль Сауд гүнжийг завхайрсан гээд цаазалжээ. Гүнжтэй зэрэгцээд түүний амраг Ливаны элчингийн хүүг цаазалсан байв. Тав дахин цавчиж байж толгой нь тасалсан гэж ярих юм билээ. Мэргэжлийн алуурчин биш хамаатнуудаас нэг нь ялыг гүйцэтгэсэн байх.

Өнгөрсөн жилийн цаазын ялнуудаас шийтийн шашины номлогч шейх Нимр ан-Нимрыг цаазалсан нь мусальманы ертөнцөд ихээхэн дуулиан тарьсан байв.

Цаазын дараах эсэргүүцлийн нэгэн жагсаал дээр. Фото: Karim Kadim / AP

Үүний улмаас Иран, Саудын Арабын харилцаа эрс муудан дипломат харилцаагаа тасалсан юм. Суннитийн орнууд ч Ирантай харилцаагаа муутгасан байлаа.

Хүний эрхийн төлөө тэмцэгчид Хятадын цаазын ял гүйцэтгэгчдийг “сүүдрийн” лидер гэж үзэж байгаа. Amnesty International илтгэлдээ, Хятад 2015 онд олон мянган хүн цаазын ял оноож, гүйцэтгэсэн гэж байгаа юм. Эрүүгийн хуулийн 69-р зүйл ангиар тэнд цааз сонсгодог. Түүнд нь онц хэрцгий  гэмт хэрэг, авлига, мөнгөн дэвсгэртийг хуурамчаар үйлдэх, эм тариаг хуурамчаар хийн борлуулах тэсэрч дэлбэрэх бодис, зэвсэг хулгайлж хадгалах зэргийн олон хэрэг багтдаг.  Хятадад цаазын ял гүйцэтгэх  нь багассан шинж тэмдэг байгаа ч  тэр нь нууц байдагаас шалгахад бэрх гэж тэмдэглэжээ.

Найман хүүхэд хөнөөсөн Чэн Миньшэн ял сонсоны дараа. Фото: China Daily / Reuters

Хятадад голчлон буудан хөнөөдөг байснаа одоо  үхлийн тариа хийх болжээ. Мөн ялын гүйцэтгэлийг хоёр жилээр хойшлуулан харах болсон нь дээд хэмжээний ялыг бүх насаар хорих ялаар сольж байна гэсэн үг юм. Хоёр жилийн өмнөөс цаазлуулсан хүмүүсийн эрхтнийг донор болгож байгаа дуулиан дэгдсэн байна. Өнгөрсөн оны нэгдүгээр сараас түүнийг хуулиар хоригложээ.

Цаазын ялын эсрэг дэлхийн эвслийн мэдээгээр Хятадад жил тутам 2000 гаруй гэмт хэрэгтэнг цаазалдаг гэнэ.

Amnesty International тэмдэглэснээр, өнгөрсөн онд цаазын ялыг хориглосон орнуудын тоо нэмэгджээ. Мөн цаазын ял гүйцэтгэлийг буцаан сэргээсэн орнууд ч гарч иржээ.

 Бэлтгэсэн Ш.МЯГМАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна