Чингэлтэйг “услагчид” чихцэлдэж байна

2016 оны 4 сарын 21

“Сонгууль-2016” тулааны өнгийг тойргоор нь долоо хоног бүр тоймлон мэдээлж буй. Энэ удаад УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойрог буюу Чингэлтэй дүүрэгт хэн, хэн нэр дэвшихээр бэлтгэл хангаж байгааг тоймлолоо.

УИХ-ын сонгууль болох өдөр алхам, алхмаар ойртож, АН, МАН энэ удаагийн сонгуульд дангаараа оролцох шийдвэр гарган, 2016 оны УИХ-ын сонгуульд дэвшүүлэх мөрийн хөтөлбөрөө Аудитын байгууллагад хүргүүллээ. Иргэний зориг ногоон нам/ИЗНН/ МҮАН, Эх орон нам, ХҮН, Тусгаар тогтнол эв нэгдлийн намуудаас ирүүлсэн эвсэх саналыг хүлээж авсангүй, дангаараа “үзэлцэх” болж байна. Хэрвээ Сонгуулийн хуульд өөрчлөлт орж, жижиг 76 тойрог эргэн ирвэл жижиг намуудад хамгийн халтай тусна. Нөгөө талдаа өнгөрсөн дөрвөн жилд тойрогтойгоо тулж ажилласан нэр дэвшигч сонгогдох магадлал өндөртэй болох ч бэл бэнчинтэй нь хөрөнгөөр зодоод гараад ирэх эрсдэл бас бий.

Өнгөрсөн хугацаанд зургаан удаагийн УИХ-ын сонгууль болж өнгөрөхөд Чингэлтэйд АН, МАН-аас нэр дэвшигчид ихэвчлэн сонгогджээ. 2012 оны УИХ-ын сонгуулиас эхлэн хоёр мандаттай болсон тус тойргийг төлөөлөн эдүгээ УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, УИХ-ын гишүүн Г.Уянга нар парламентад сууж буй.

Мандатын тоо нь хоёрхон боловч горилогчид нь чихцэлдэж байгаа юм.

Ардчилсан нам

Эрх баригч хүчнээс 24 дүгээр тойрогт нэр дэвших жагсаалтын түрүүг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан өнгөлж, УИХ-ын гишүүн асан Б.Батбаатар, Уул уурхайн дэд асан О.Эрдэнэбулган нараас “шигших” нь. Хэрвээ Сонгуулийн хуульд өөрчлөлт орж, жижиг 76 болбол дээрх нэрсэд хөдөлгөөн орохгүйгээр чигээрээ явах магадлал байна.

Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханы хувьд 2008 оны УИХ-ын сонгуулиас эхлэн Чингэлтэйд нэр дэвшин хоёр дахь удаагаа дараалан сонгогдсон түшээ юм. Анхны салхийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хамтаар хагалж байсан бол 2012 онд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн зөвлөх Б.Батбаатарын хамтаар өрсөлдөн ялжээ. Хоёр дахь удаагаа УИХ-д сонгогдсон түүнийг намын бүлэг нь УИХ-ын Хүнс хөдөө аж ахуйн байнгын хороог удирдах үүрэг ногдуулж, улмаар Хөдөлмөрийн сайдаар томилсон юм. Сайдаар ажилласан жил гаруйн хугацаанд амжуулсан ажил олон. Тухайлбал, Монгол, Солонгосын Политехникийн коллежид авто машины кузов засварчны анги нээсэн нь хөдөлмөрийн зах зээл дэх эрэлттэй мэргэжлийг олж харсан явдал байв. Айл болгон авто машинтай болсон ч засвар үйлчилгээг  гадаадын ажиллах хүчинд даатгаж ирсэн тогтолцоог өөрчлөх хөшүүрэг болсноороо энэ чиглэлээр гадагшилж байсан бизнесийн ашиг орлогыг дотооддоо үлдээх  суурь болсон юм.

Экспортын төмөр замаа цэргүүдээр бариулахаар болж, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд сургаж эхэлсэн нь монгол залуус цэргээс халагдангуут ажилгүйчүүдийн эгнээнд шилждэг хуучин тогтолцоог халах шинэ бодлого болж хэрэгжиж байна.

Уул уурхайн дэд сайд асан О.Эрдэнэбулган Чингэлтэйн сонгогчдод цоо шинэ хүн харагдаж болох ч Ардчилсан нам доторх залуусыг өнгөлөх мэдлэгтэй, чадвартай боловсон хүчин гэх тодотгол дагаж байна. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хамаатан гэх “чимэг” ч дагах аж. Түүнд эрх баригч хүчин Төрийн өмчийн хорооны дэд дарга зэрэг хариуцлагатай албанд зүтгүүлж иржээ.

Уул уурхайн дэд сайдаар ажиллахдаа нефтийн бүтээгдэхүүний хомсдолыг арилгах менежмэнтийг бий болгосон, занараас түлш гаргах зэрэг санаачилга нь уул уурхайн салбарын хөгжлийг шинээр харах “цонх” болсон гэж үнэлэх мэргэжилтнүүд ч байна.

Харин УИХ-ын гишүүн асан Б.Батбаатарын хувьд шинэ оны өмнөхөн Ерөнхий сайдын зөвлөх болсон нь өнгөрсөн хугацаанд бизнестээ илүүтэй анхаарахад хүрэв үү гэж хэлж болохуйц байгаа юм.

МАН 

90 настай МАН, 4 настай МАХН-тай эвсэх оролдлого хийсэн нь бүтэлгүйтсэн ч УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр бэлтгэлээ хангасан Ардын намын горилогчдод хамгийн сайхан мэдээ болж буугаад байна. Учир юу вэ гэвэл, МАН, МАХН хоёр эвсэх шийдвэрт хүрсэн бол хоёр мандатын нэг нь Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэд автоматаар очих байв. Хойноос ирээд хот минийх, хотонд ороод хонь минийх гэгч тулгалтыг МАХН-ын дарга Н.Энхбаяр эвсэх саналаар далимдуулж МАН-д тавьсан нь үнэндээ бол хоосон хоцроход хүргэсэн юм.

Энэ тойрогт Ардын нам УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинг сойх чимээ байна. Хамтрагчаар нь Уул уурхай эрчим хүчний сайд асан Д.Зоригт, УИХ-ын гишүүн асан Д.Очирбат, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга асан Т.Аюурсайхан, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд нараас сонгох нь.

Д.Зоригт, Д.Очирбат нар өмнө нь дээрх тойргоос УИХ-д сонгогдож байсан тул тойргийнх нь сонгогчдын хувьд “шинэ хүн” биш. Т.Аюурсайхан ч мөн нэгэн үе тус дүүргийг удирдаж байжээ. Харин Ө.Энхтүвшин Чингэлтэй дүүргийн иргэдэд шинэ хүн болж буух ч МАН-ыг хамгийн хүнд цаг үед нь удирдаж явсан, мөн хууль тогтоогчийнхоо хувьд туршлагатайд тооцогдох улстөрч юм. Хөвсгөл аймгийн угшилтай улстөрчийг хотын тойрогт өрсөлдүүлэх тактик барьж байгаа нь МАН-ын удаа дараагийн сонгуулийн ялагдал нь нийслэлтэй холбоотой тул хуучин кадруудаа сойж азаа үзэхээр шийдсэн гэх яриа байгаа юм.  

Уул уурхай, эрчим хүчний сайд асан Д.Зоригт хуучин тойрогтоо өрсөлдөх болж байгаа нь дахин УИХ-ын гишүүн Г.Уянгад “боорлуулах” шалтгаан болж мэдэх аж. 2012 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөхөд нь Г.Уянга гишүүн Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг ташуураа болгон, сайд асан Д.Зоригтыг намнасан юм. Гэхдээ тэрээр баялгийн тэгш хуваарилалтыг бий болгох амлалт өгсөн ч ажил хэрэг болгож чадалгүй бүрэн эрхээ дуусгаж буй нь сонгогчид сонголтоороо ажлыг нь дүгнэж дүнгээ тавих болж байна.  

Өмнөх сонгуульд МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслээс нэр дэвшиж байсан бол энэ удаагийн УИХ-ын сонгуульд Тусгаар тогтнол, эв нэгдлийн намыг удирдан орох боллоо.

Нам дагавал ам тостоно, Н.Энхбаярыг дагавал албан тушаалд хүрнэ гэх үлгэрийг бодитоор нь харуулж яваа улстөрч бол Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ. Хэвлэлд өгсөн ярилцлагадаа “УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ, гэхдээ тойргоо сонгоогүй байна” гэдгээ илэрхийлсэн нь өнгөрсөн хугацаанд тойргийнхонтойгоо тулж ажилласангүй юу гэх дүгнэлт хийхэд хүргэсэн ч нөгөө талдаа дахиад намын жагсаалтаар УИХ-д сонгогдох бодол агуулж суусан юм биш байгаа гэх хардлага тээхэд ч хүргэсэн юм. Хэсгийн хорооны даргаас УИХ-ын гишүүн, улмаар УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга, УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн дэд дарга, Барилга хот байгуулалтын сайд болсон түүнд УИХ-ын дэд даргад хүрэх виз л олдоогүй юм.

Г.ХОРОЛ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна