“24” дугаартай Black Mamba

2016 оны 4 сарын 21

Бүтэн нэр: Коби Беан Брайнт

Төрсөн он сар өдөр: 1978 оны наймдугаар сарын 23

Төрсөн газар: Филадельфиа, АНУ

Өндөр:  1м 98 см

Жин: 96 кг

Гэр бүл: Гурван хүүхэдтэй айлын бага бөгөөд  ганц хүү

Сагсан бөмбөгийн түүхэнд мөрөө хамгийн тодоор үлдээсэн домгуудын нэг болох Коби Брайнт буюу Кобигийн сагсан бөмбөгт татагдан орсон нь түүний аавтай холбоотой юм. Учир нь түүний аав Лос-Анжелос Лэйкерс багт 20 жил тоглоод тэтгэвэртээ гарсан ахмад тоглогчдын нэг болох Жозеф Вашингтон Брайнт юм. Коби хэмээх нэрийг түүний аав ээж Япон рестораны хоолны цэс болох үхрийн махаар хийсэн хоолноос санаа авч өгсөн гэлцдэг.

Кобиг 6 настай байхад түүний аав НБА-г орхиж, Итали улсад мэргэжлийн сагсан бөмбөгчөөр ажиллах болсон тул гэр бүлээрээ Италийн Риети хэмээх газар луу нүүжээ. Гэсэн ч багаасаа Лэйкерс багийнхны дунд өсөж торнин, 3 настайгаасаа сагс тоглож эхэлсэн Коби  зуны амралт болгоноороо Америкт очиж, зуны лигүүдэд оролцон тоглосоор байдаг байв.

12 настай Коби Италид байгаа нь

Долоон жилийн турш Италид амьдарсан гэр бүл 1991 онд аав нь тэтгэвэртээ гарах болсонтой холбогдуулж эх орондоо эргэн иржээ. Эргэж ирэхэд нь түүнийг угтан авсан амьдрал өөрт нь ч тийм таатай байсангүй. Үеийнхнийхээ хэрэглэж буй хар ярианы хэллэгүүдийг ойлгодоггүй болсон байсан 13 настай хүүд найз нөхөд гэх зүйл ч байгаагүй нь түүнд хэцүү санагдаж байв. Ийнхүү тэрээр ахлах сургуулийнхаа сагсан бөмбгийн багт тоглож эхлэн, Филадельфиагийн шилдэг тоглогч зэрэг цолын эзэн болсноор ажиглагчдын анхаарлыг татаж эхэлжээ. Элсэлтийн ерөнхий шалгалтын оноо 1080 байсан нь түүнийг боломжийн олон коллеж их сургуульд оруулж дөнгөх байсан боловч Коби сурахыг хүссэнгүй.

Драфтийн 13

1996 онд 16 настай Коби “Шарлотте Хорнетс” багийн драфтийн 13 дахь сонголт болон НБА-д орох боломж нээгджээ. Үнэн хэрэгтээ драфтийн сонголт хийгдэхээс өмнө Шарлотте Хорнетс баг өөрсдийн сонголтуудаас Лос-Анжелос Лэйкерс багтай солилцох тохироо хийгдсэн байжээ. Тийм учраас драфтийн шалгаруулалтаас ердөө 5 минутын өмнө Лейкерс баг хэн хэнийг сонгох тухай зөвлөгөөг Шарлотте Хорнетсийнхонд гаргаж өгсөн байна. Үгүй бол тэд хэзээ ч Кобиг сонгох бодолгүй байсан гэдэг.

Ийнхүү Коби Брайнт аавынхаа түүхийг давтаж Лос-Анжелос Лэйкерс багтай хамтран ажиллах болжээ. Солилцооны хариуд Серб гаралтай төвийн тоглогч Влад Дивакийг Шарлотте Хорнетс багт шилжүүлжээ.

Албан ёсны НБА тамирчин

Эхэндээ түүний талбай дээр тоглох хугацааг хязгаарлаж, ихэвчлэн сэлгээнд суулгадаг байсан боловч багийнхаа дасгалжуулагч менежер нарынхаа сэтгэлийг сэргээсэн тоглолтуудыг үзүүлж байсан тул улирлын сүүлч гэхэд дунджаар 15.5 минутыг тоглож өнгөрөөдөг болжээ.

Анхныхаа плэй-оффийн үеэр Юта-Жазз багийн эсрэг тоглох тоглолт шинэ тоглогчийн хэн бэ гэдгийн харуулах томоохон тоглолт байлаа. Учир нь багийн хэд хэдэн гишүүд бугуйн гэмтэл болон тоглолтын явцад эсрэг багтай маргаан үүсгэсэн зэргээс тоглолтод оролцох боломжгүй болсон үед хүн бүрийн нүд зөвхөн Кобе дээр л тусаж байлаа. Харамсалтай нь Коби багаа аварч чадсангүй. Түүний дөрвөн бөмбөгнөөс нэг нь ч цагиргандаа орсонгүй. Өөрийгөө харуулах боломжоо 4 эйрболлоос болж ашиглаж чадаагүйн улмаас 98:93 харьцаатайгаар Лэйкерс баг хожигдож, хасагдах боллоо.

Энэ бүтэлгүйтэл нь түүнд том сургамж болсон тул тэр шөнөдөө тэрээр гэрийнхээ ойролцоо байдаг ахлах сургуулийн зааланд Шөнийн 3 цагаас эхлэн маргааш өдөржингөө зөвхөн шидэлт хийх бэлтгэлийг хийж өнгөрөөсөн талаараа өөрийн баримтат кинондоо дурджээ.

Ингээд түүний тоглолтын хоёр дахь улирал эхлэхэд өмнө гаргасан алдаагаа засах, өөрийн ур чадварыг бүрэн дүүрэн үзүүлэх итгэл дүүрэн залуу тоглогч хөгжөөн дэмжигчдийнхээ урмыг сэргээж эхлэв. Өмнөх хугацаанд нэг тоглолтоос авах дундаж оноо нь 7.6 байсныг хоёр дахин нэмэгдүүлж 15.4 болголоо. Энэ бол дөнгөж эхэлж байсан шинэ тоглогчдын түүхэн дэх хамгийн өндөр оноо билээ.

Өөрийн байх ёстой газраа яг таг олсон Коби 1998-1999 оны улирлын тоглолтын үеэр 6 жилийн хугацаатай 70 сая долларын гэрээг байгуулжээ. Энэ үед хэдий карьерийн эхэн үедээ байгаа боловч чадварлаг тоглолт гаргадаг түүнийг Майкл Жорлан болон Мэжик Жонсон нартай харьцуулж эхлээд байв.

Рэппер Коби

Коби Брайнтийн бас нэгэн нууц авьяас нь реп хийх байжээ. Түүнийг үг зохиох үглэх чадварыг сайшаасан хүмүүс олон бий бөгөөд клипнийхээ зураг авалтын үеэр эхнэр Ванессатайгаа танилцжээ. Энэ бол 1999 он байсан бөгөөд энэ үед Коби 21, Ванесса 18 настай ч ахлах сургуулийн охин байжээ. Танилцсанаасаа хойш нэгхэн жилийн дараа гэрлэх шийд гаргасныг нь Кобигийн эцэг эх дургүйцэж байсан ч хосууд тэдний үгийг сонсолгүйгээр хамтдаа байх шийд гаргажээ. Одоо Коби хоёр охинтой бөгөөд том охин Наталья нь 2000 онд, бага охин Жиана 2003 онд тус тус мэндэлжээ.

Гэмт хэрэгт холбогдсон нь

Анхны охин нь төрөөд удаагүй 2003 онд Коби хүчингийн хэрэгт холбогджээ. Түүнийг буудалд ажилладаг Кэйтлин Фэбер хэмээх 19 настай охиныг хүчирхийлж, бэлгийн дарамт үзүүлсэн гэсэн гомдол цагдаа нарт  иржээ. Харин Коби болсон хэрэг явдалд зориулж хэвлэлийн бага хурал хийхдээ: “Би насанд хүрсэн гэр бүлтэй хүний хувьд алдаа гаргасан нь үнэн. Гэхдээ би хэнийг ч хүчлээгүй” хэмээн мэдэгдэж байжээ. Өөрийгөө хохирогч хэмээн зарлаж байсан бүсгүй гомдлоо буцаан авч, үүний хариуд Коби олон нийтээс уучлал гуйж, энэ хэрэг намжжээ.

Хар ирвэс буюу Lakers-ийн Black Mamba

2004 оныг хүртэл тасратгүй өсөж байсан түүний хэр хүнд амжилтууд нь хувийн амьдралд нь тохиолдсон таагүй зүйлс, өвдөгний мэс засал зэргээс болж плэй-оффийн тоглолтыг өнжиж байсан түүний тэрээр нэг хэсэгтээ уруудсан боловч, 2007 оны үеэс эхлэн дахин гайхшруулж хар ирвэс хэмээх нэрээр дуудуулж эхэлжээ.

Удалгүй ЛеБрон Жэймсийн эзэмшиж байсан хамгийн залуу 20,000 онооны эзнээр 29 нас 122 өдөртэйдөө тодорсон бөгөөд тэр үеэс өдийг хүртэл дахин олон олон шинэ амжилтуудын эзэн болсон Коби энэ хугацаанд Лэйкерсийн гэрээгээ тогтмол сунган ажиллаж байлаа.

Description: http://fitwithfallon.com/wp-content/uploads/2013/08/20130809-054919.jpg

Түүний амьдралд тохиолдсон бас нэгэн томоохон үйл явдал нь 2013 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр Голден Стэйт Варриорс багтай хийж байсан тоглолтын үеэр болсон юм. Тоглолтын дөрөвдүгээр үе дуусахад гуравхан минут дутуу байх үед хамгаалалт хйиж байх үеэрээ зүүн хөлөө гэмтээсэн нь түүний эргэн сагсан бөмөгтөө амжилт гаргах эсэхийг тааж хэлэхэд тун хэцүү байдалд оруулсан юм. Учир нь түүний ахиллисийн шөрмөс нь тасарсан байлаа. “Би юу болсныг гадарлаж байсан ч ийм зүйл битгий болсон байгаасай гэж их хүссэн. Цаашдаа дахин тоглож чадахгүй болох вий гэж сэтгэлээр их унасан. Энэ үед эхнэр хүүхдүүх маань орж ирэхэд аав нь зүгээр болно оо гэхээс өөр үг надад байгаагүй” гэж Коби ярьжээ. Ахиллисийн шөрмөс гэдэг нь хүний бие дэх хамгийн том, хүчтэй шөрмөс бөгөөд сагсчин гэлтгүй энгийн хүний өдөр тутмын хөдөлгөөнд чухал үүрэгтэй юм. Энэ гэмтлээс болж Шакилл ОНейл, Изиа Эүтас зэрэг мэргэжлийн сагсчид тэтгэвэртээ гарч байсан болохоор Кобигийн айж байсан нь ч зөв юм. Азаар түүнд хийсэн хагалгаа амжилттай болж, тэрээр талбайд эргэн ирсэн билээ.

Өдгөө 38 настай гайхалтай тоглогч хамгийн сүүлд Лэйкерстэй хамтран ажиллах гэрээгээ 2 жилээр сунгаж, гэрээний дагуух хамгийн сүүлчийн тоглолтоо өнгөрсөн долоо хоногт хийсэн юм.

Description: https://i.ytimg.com/vi/8uV6mZ30NE4/hqdefault.jpg

Түүний сүүлчийн тоглолтыг дэлхий даяар сагсан бөмбөг сонирхдог бүхий л хүн сэтгэл хөдлөн үзсэн бөгөөд сүүлийн тоглолтдоо зориулж түүний багтаа авчирсан бэлэг нь 60 оноо байлаа. Энэ түүхэн тоглолтод зориулж 1.1 сая хүн твиттерт сэтгэгдлээ бичиж, 4.5 сая хүн энэ тухай “чатласан” гэсэн тоо судалгаа гарчээ.

Description: http://www.ooyuz.com/images/2016/3/14/1460633669041.jpg

Кобигийн бүх шидэлтүүдийн байршил

НБА-д нийт 20 жил тоглохдоо тэрээр 30.699 удаа бөмбөг шидсэн бөгөөд хамгийн сүүлийн Юта Жазз багтай хийсэн тоглолтын үеэр шидсэн хамгийн сүүлчийн шидэлт нь тоглолт дуусахаас 31 секундын өмнө, цагирагнаас ойролцоогоор 5,7 метрийн зайнаас шидсэн шидэлт байжээ.

                                                                                                                                                Г.Сүмбээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна