2.2 тэрбум хүн Зикагийн халдвар авах эрсдэлтэй

Тархины саажилт үүсгэх аюултай Зика вирусын халдвар тархах эрсдэлтэй бүсэд 2.2 тэрбум хүн амьдарч байгааг “eLife” сэтгүүл газрын зурагт тодорхой дүрслэн харуулжээ. “Aedes aegypti” шумуулаар тархдаг Зика вирусын халдварын улмаас Дэлхийн эрүүл мэндийн байгууллага онц байдал зарлаад буй юм. Зика вирус нь жирэмсэн эмэгтэйд халдсанаар ургийн тархины хөгжлийг зогсоож, оюуны хомсдолтой жижиг толгойтой хүүхэд төрөхөд нөлөөлдөг аж.

Окфорд их сургуулийн судлаачид газар зүйн байршил болон цаг уурын нөхцөл байдалд тулгуурлан Зика вирус тархах эрсдэлтэй орнуудыг тодруулсан байна. Өмнөд Америкийн бүс нутагт далайн эргийн хотууд болон Амазон мөрний сав газрын хотууд Зика вирус тархах өндөр эрсдэлтэй аж. Мөн АНУ-ын Флорида, Техас муж улсад зуны улиралд вирусын халдвар тархах эрсдэл нэмэгдэх гэнэ. Зика вирусын халдвар тархах эрсдэл Ази, Африкийн орнуудад харьцангуй өндөр гэнэ. Харин Европын орнууд Зика вирусын халдварт өртөх магадлал маш бага байна.

Зика вирусын халдвар өнгөрсөн аравдугаар сард Бразильд гарснаас хойш Латин Америк, Карибын 20 гаруй оронд тархаж, 1.5 сая хүн халдвар авчээ. Эх сурвалж: ВВС

Б.АНХТУЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна