Хатан хаан 90 насыг зооглов

2016 оны 4 сарын 21

Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын хатан хаан II Элизавет өнөөдөр /IV.21/ 90 насыг зооглож байна. Хатан хааны төрсөн өдрийг албан ёсоор зургадугаар сард тэмдэглэдэг. Энэ үед Их Британид 900 морьт цэргийн парад, 1500 гаруй хүн оролцсон баярын жагсаал болох юм. 90 минут үргэлжлэх баярын үйл ажиллагааг үзэх 25 мянган тасалбарыг өнгөрсөн арваннэгдүгээр сард худалдаанд гаргажээ.

Энэ нь 2012 онд хаан ширээнд суусны очир эрдэнийн ойгоо тэмдэглэж байсантай ижил арга хэмжээ болох аж. II Элизавет хаан ширээнд суугаад нэгэн жарныг үдсэнээр 2012 онд очир эрдэнийн ойгоо тэмдэглэж байв.

Дөрөвдүгээр сарын 21-ны энэ өдөр хатан хаан хүү болон ач, зээ нарынхаа хамт Виндсор ордондоо гэр бүлийн хүрээнд төрсөн өдрөө тэмдэглэх аж. Харин маргааш /IV.22/ хатан хаан II Элизавет Их Британид айлчлал хийж буй АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай өдрийн зоог барих гэнэ.

II Элизавет Их Британи, Канад, Австрали, Шинэ-Зеланд, Ямайк, Барбадос болон өөр 10 тусгаар тогтносон орны хатан хаан юм. Тэрбээр 1953 оны зургадугаар сарын 2-нд Их Британийн хаан ширээг залгамжилжээ. Хатан хааны хувийн хөрөнгө нь 275 сая фунт-стерлинг хэмээн “Форбес” сэтгүүл мэдээлж байв. Харин хаан ширээний өв хөрөнгө, эзэн хааны цуглуулгыг нэмбэл хөрөнгийн хэмжээ нь 9.8 тэрбум фунт-стерлинг өлхөн хүрэх гэнэ. Их Британийн хатан хааны олонд танигдсан имиж нь нэг өнгийн хувцас бөгөөд гоёмсог чимэглэл бүхий малгай донжийг илтгэдэг байна.

Эх сурвалж: The Telegraph

Б.АНХТУЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна