АСЕМ-ын уулзалтын тээврийн асуудлыг “Моннис Моторс” ХХК хариуцна

2016 оны 4 сарын 21

Ази, Европын 51 улс, олон улсын хоёр байгууллагыг эгнээндээ нэгтсэн АСЕМ-ын 11 дэхудаагийн дээд түвшний уулзалт Улаанбаатар хотноо зохиогдох гэж байгаа бөгөөд Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг Улаанбаатар хотноо 2016 оны 04 дүгээр сарын 21-нээс 23-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

АСЕМ-ын яриа хэлэлцээ нь эрх тэгш харилцаа, харилцан хүндэтгэх зарчимд суурилах бөгөөд улс төр, эдийн засаг, нийгэм соёлын нийтлэг, тулгамдсан асуудлыг хэлэлцэн хоёр тивийн улс орнуудын харилцааг ойртуулан бэхжүүлэх зорилготойгоор маш нөлөө бүхий уулзалт болдог учир уг уулзалтыг улс орнууд нутаг дээрээ зохион байгуулах сонирхол их байдаг юм.

АСЕМ-ын үйл ажиллагаа хоёр тивийн улс орнуудын харилцан сонирхсон бүхий л салбарыг хамардаг бөгөөд улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын салбарыг хамтын ажиллагааны гурван тулгуур гэж үздэгээрээ онцлогтой.

Энэ чухал арга хэмжээг амжилттай зохион байгуулахын тулд Засгийн газрын хэмжээнд онцгой ач холбогдол өгч тус уулзалтыг зохион байгуулах ажлыг удирдан зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөл байгуулсан билээ. Ерөнхий сайдаар ахлуулсан уг зөвлөл Байр, зочид буудлын асуудал хариуцсан, Аюулгүй байдал, ёслол, улсын хил нэвтрэх асуудал хариуцсан, Зам, тээвэр, харилцаа холбоо, нисэх буудлын асуудал хариуцсан, Үйлчилгээ, соёл урлагийн арга хэмжээ, хоол хүнс, түүний аюулгүй байдлыг хариуцсан, Дээд түвшний уулзалтын хуралдаан, үндсэн арга хэмжээнүүдийн зохион байгуулалт, баримт бичгийн асуудал хариуцсан, Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны асуудал хариуцсан Ажлын хэсэг зэрэг нийт зургаан Ажлын хэсгүүд ажиллаж байгаа юм. Мөн Гадаад хэргийн яамны харьяа АСЕМ-ын бэлтгэл ажлын албыг ч байгуулсан.

Салбар тус бүрт ихэд анхаарал хандуулсны дотор зочид төлөөлөгчдөд үйлчлэх тээврийн хэрэгслийн асуудал олны анхаарлын төвд байж, уг асуудлыг хэрхэн шийдвэрлэх бол хэмээх хүлээлт үүсгээд байгаа.

30 ширхэг Бенз машин авчирсан, зочид төлөөлөгчдөд Приус маркийн автомашинаар үйлчилнэ гэх мэт мэдээ мэдээлэл цахим ертөнцөөр шуугиан тарьсан бол зарим УИХ-ын гишүүнээс “АСЕМ-ийг төлөөлөгчдийг гэр тэргэнд байрлуулж, үхэр, морин тэргээр унааных нь асуудлыг шийдвэл тэдэнд хэзээ ч мартагдашгүй дурсамж үлдээх болно” гэсэн санал ч гарч байсан. Зохион байгуулагчдын зүгээс “АСЕМ-ын уулзалтад зориулж төсвийн мөнгөөр машин оруулж ирсэн тохиолдол одоогоор байхгүй. Уулзалтаар ашиглах машинуудыг хувийн хэвшлийн компаниудтай ярилцаж, шийдвэрлэх чиглэлийг Үндэсний Зөвлөлөөс өгсөн. Бид энэ чиглэлээр ажиллаж байна. Энэ хүрээнд жагсаалт гаргах, санхүүжилтыг шийдэх, захиалах зэрэг ажил хийгдэж байгаа” хэмээн тухайн үед албан ёсны хариулт өгч байсан билээ.

Улс орны эдийн засаг хүнд, хямралтай байгаа энэ үед уг асуудлыг Засгийн газар “Моннис моторс” ХХК-тай хамтран төр засагт дарамтгүйгээр шийдвэрлэсэн байна. Тус компани АСЕМ-ийн уулзалтын үеэр хэрэглэгдэх автомашинуудыг үнэ төлбөргүйгээр ашиглуулахаар болоод байгаа юм. Харин төр засгийн хувьд АСЕМ-д ашиглагдах эдгээр автомашиныг гааль, онцгой, НӨАТ-аас чөлөөлөх нөхцөлтэйгээр энэхүү ажлыг дэмжиж байгаа бөгөөд үүнийг олон нийт нүдээ олсон зохицуулалт боллоо хэмээж байна. “Моннис Моторс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Баяр “АСЕМ-ийн дээд түвшингийн уулзалтад “Ниссан” брэндийн автомашинаар үйлчлэх болсон нь бидний хувьд нэр төрийн хэрэг юм. Нөгөө талаар Ниссан брэнд нь өөрөө дээд зэргийн тав тухтай, аюулгүй байдлыг бүрэн хангасан гэдэг утгаараа Монгол орны нүүр царайг олон улсад эерэгээр илэрхийлэх учраас бидний зүгээс Монгол орныхоо нэрийн өмнөөс сэтгэл хангалуун байгаа. АСЕМ-ын үеэр “Моннис Моторс” ХХК автомашинуудаа үнэгүй ашиглуулна. Мөн эдгээр автомашины татваруудыг чөлөөлөх болсон нь эргээд ард түмэнд урд өмнө нь болоод ирээдүйн хэдэн жилдээ гарч ирэхээргүй ашигтай тусах юм. Энэ юу вэ гэхээр, АСЕМ-ийн уулзалтын үеэр ашиглуулсан эдгээр машиныг буцаагаад монголынхоо худалдан авагчдад борлуулахдаа манай компани ямар нэг үнэ нэмэхгүйгээр шууд татваргүй үнээр нь худалдах юм. Тэгэхээр энэ ажил маань тал бүрийн ач тустай болно. Гадны зарим орнуудад томоохон хурал, уулзалт, арга хэмжээг зохион байгуулахдаа яг энэ аргыг хэрэглэж, унааны асуудлаа шийдэж байсан тохиолдол олон юм билээ” гэж байлаа.

Монгол Улс ардчилалд шилжиж, гадаад бодлогын үзэл баримтлалаа шинэчилсэнээс хойшхи 25 жилийн хугацаанд гадаад харилцаа, дипломат үйл ажиллагааны ололт, амжилтын оргил нь энэхүү АСЕМ-ын дээд түвшний уулзалт гэдгийг манай Засгийн газар онцолдог. АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг зохион байгуулах нь улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын төдийгүй хүмүүс хоорондын харилцааг бэхжүүлэх онцгой ач холбогдолтой бөгөөд улс төрийн ач холбогдлын хувьд энэхүү уулзалтыг амжилттай зохион байгуулснаар Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцанд улам өсөн бэхжиж, манай гадаад бодлогын үзэл баримтлал, идэвхитэй  үйл ажиллагааг дэмжиж, хамтын ажиллагаа нэмэгдэнэ гэдэг нь тодорхой.

Ямартай ч эдийн засгийн байдал хүндэрсэн үед манай хувийн хэвшлийнхэн төр засагтайгаа хамтраад тулгараад байгаа асуудлыг ийнхүү шийдвэрлэсээр байгаа нь хүн бүрт эх орноо гэсэн сэтгэл бийг харуулж байна. Нөгөөтэйгүүр хэдий бизнесийн байгууллага ч гэлээ төр засагтайгаа санаагаа нэгтгээд мухардлаас гарах гарц олж байгаа нь аливаа компани, байгууллагын нийгмийн өмнө хүлээх үүргийн нэг гэж үзэж ч болно.

Д.САРНАЙ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна