Х.Тэмүүжин: Хуулийн салбарт хоёр цонхоор тушаал очдог

2016 оны 4 сарын 21

УИХ-ын чуулганаар Үндэсний аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг  дэмжсэнгүй. Тиймээс санал хураалтын дүнг баталгаажуулж, хуулийн төслийг буцаалаа.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:

-Би энэ хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжиж байна. Байнгын хороон дээр олон талаас нь ярилцсан. Эдийн засаг, хүрээлэн буй орчин гэх мэт аюулгүй байдлын олон асуудал тулгарч байна. Үүнийг даван туулах боломж нь ҮАБ-ын зөвлөл юм. Тиймээс энэ хуулийг боловсронгуй болгоод үлдээх хэрэгтэй. Өнөөгийн сул дорой парламентаар бид хол явахгүй. Тиймээс ҮАБ-ын зөвлөлийг бэхжүүлэх нь зөв.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-ҮХ-д Монгол Улс парламентын засаглалтай байна гээд заачихсан байдаг. Гэтэл хуулиар дамжуулж хэн нэгэн эрх мэдлээ бэхжүүлж авах гээд байгаа санаа юм биш үү? ҮАБ-аас гаргаж байгаа зөвлөмж бол заавал биелүүлэх албатай юм биш. Үйл ажиллагаанд анхаарах зөвлөмж гаргасан гэсэн үг. Эрх мэдэл нэг талд төвлөрчихвөл дарангуйлал бий болно. Тиймээс би хууль хүчний байгууллагуудын хараат бус байдлыг хангасан хууль хэрэгтэй болохоос нэг зөвлөлийн эрх мэдлийг бэхжүүлэх хууль хэрэггүй.  

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:

-Энэ хуулийн төслийг хэлэлцэх ёстой. Яагаад гэхээр одоо үйлчилж байгаа хуулийн төслөөс ялгагдах  юм байхгүй. Хуулийн төсөлд шинээр оруулж ирсэн 3-4 заалт байна.    

Бид хэлэлцэх явцдаа ҮАБ-ын зөвлөл чинь зөвлөх механизм юм уу гэдгийг ярилцах ёстой. Одоо бол эрх мэдэл хуваарилах системээ эвдээд явж байгаа. Хууль хүчний, батлан хамгаалах салбарт хоёр цонхоор тушаал очдог болчхоод байна. Тиймээс би дэмжиж байна.

УИХ-ын чуулган үргэлжилж байна. Яг одоо .Батлан хамгаалах тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Т.НОМИН

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна