Н.Батцэрэг НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөртэй хамтран ажиллах санал солилцлоо

2016 оны 4 сарын 21

Байгаль орчин, Ногоон хөгжил, Аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг 4 дүгээр сарын 20-ны өдөр Нью-Йорк хотноо НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Нью-Йорк дахь албаны дарга ноён Эллиоти Харристай уулзлаа.

Сайд Н.Батцэрэг Монгол Улсын Засгийн газраас байгаль орчныг хамгаалах талаар баримталж буй бодлого, үйл ажиллагааны талаар товч танилцуулахын зэрэгцээ,  Монгол Улсын Ногоон хөгжлийн бодлого болон 2030 он хүртэл урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөртэй хамтран ажиллах талаар санал солилцлоо. Тэр дундаа тогтвортой хөгжлийн зорилтыг ханган биелүүлэхэд шаардлагатай санхүүгийн механизмийг бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцлаа.

2014-2016 онуудад Монгол улс НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн чуулганыг үр дүнтэй даргалж энэ үүргээ амжилттай хэрэгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газраас бүх талын дэмжлэг үзүүлж ирсэнд ноён Эллиоти Харрис талархал илэрхийлсэн юм. Түүнчлэн НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс “UNEP Inquire” хэмээх тогтвортой санхүүжилтийн системийг бий болгох санаачилга гарган байгаль орчныг хамгаалахад шаардлагатай санхүүжилтийг бүрдүүлэхэд хувийн салбарын оролцоог нэмэгдүүлэх арга замын талаар тодорхой зөвлөмж гаргахаар ажиллаж байгаагаа танилцуулсан юм.

Мөн уулзалтын үеэр 5 дугаар сарын 23-27-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Кени Улсын нийслэл Найроби хотноо болох НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн 2 дугаар чуулганд сайд Н.Батцэрэгийг оролцохыг урилаа.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна