УИХ хошин шогийн тайз уу?

2016 оны 4 сарын 21

Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага хар зах биш. Гэвч 2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр Үндэсний аудитын газарт 14 нам, хоёр эвсэл, 79 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлснээс харахад УИХ-д хэн дуртай нь нэр дэвшээд гараад ирж болдог хямд тайз гэх ойлголтыг төрүүлдэг болсон байна. Өнгөрсөн 2012 оны УИХ-ын сонгуульд 11 нам, хоёр эвсэл, 2008 оны УИХ-ын сонгуульд 12 нам, нэг эвсэл өрсөлдөхөөр болж, Сонгуулийн ерөнхий хорооноос батламжаа гардаж байсан бол өнөөдөр энэ тоо бие даагчдын армиар эрс тэлжээ. Ардчиллын үр шимээр Монгол хүн бүр сонгох, сонгогдох эрхийг эдлэх эрхтэй ч парламентад сонгогдсон түшээ улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжлийг тодорхойлох хууль эрх зүйг бий болгож, ард түмний ажил, амьдралын амьжиргаа, эрх, эрх чөлөөг баталгаажуулах үүрэг хүлээж ажилладаг. Энэ утгаараа хууль тогтоох дээд байгууллагад улс төр, эдийн засгийн өндөр боловсролтой, ард түмний амьдралыг мэдэх мэргэшсэн хуульч сонгогдох ёстой. Харамсалтай нь, энэ үнэлэмж, босго сонгуулиас сонгуулийн хооронд намсан унасаар эцэстээ олонд танигдсан хэн боловч нэр дэвшиж болох нь гэдэг ойлголт төрүүлж, өөрийгөө сойж өрсөлддөг синдромтой болгов. Уг нь бизнесмен нь аж ахуйгаа эрхэлж, дуучин нь дуугаа дуулж, бөх нь шавиа бэлтгэж, лам нь олон түмний тусын төлөө буяны ажлаа хийсэн шиг хийгээд, хууль тогтоох дээд байгууллагад нь мэргэшсэн парламентач сонгогдон үндсэн ажлаа хийдүүлэхгүй болбол энэ улсад хэрэгтэй. Гачлантай нь, УИХ-д сонгогдсон нь хууль тогтоох дээд байгууллагыг эрх мэдлийн оргил, хэсэг бүлэг хүний эрх ашгаа хамгаалах зэвсэг, мөнгөний уурхай болгон харж, ашиглах болсон нь парламентын нэр хүндийг унагаж шалны алчуур болгон хувиргасан байна.  Өнгөрч буй дөрвөн жилийг эргээд хар. Бүрэн эрхийнх нь ихэнх хугацаа Засгийн газрыг огцруулах, сайд огцруулах, хэн нэг албан тушаалтныг чөлөөлөх, томилоход зарцуулагдсаар өнгөрлөө. Томилогдсон сайд, дарга нь очсон газраа халаа сэлгээ хийж бужигнуулдаг заншил тогтсон. Дараа нь УИХ дахь намын бүлгүүдийнх нь дунд “Танай нам тэдэн хүнийг хоморголон нэг дор ажлаас нь халсан бол манайх арай гайгүй, энд тэнд оочин, цоочин халсан” ухааны юм ярьж, зүүдээ ярих гээд хулгайгаа ярина гээч болно. Харин тэрхүү халаа сэлгээний дүнд татвар төлөгчдийн үйл тамаа цайж тушаасан татварын хэд нь төрийн албаныхны ажлаас гэнэт халагдсаны тэтгэмж болж очдог. Эдийн засаг хямралтай байгаагаас эцэс сүүлдээ энэ мөнгөө төр нь өгч чадахгүй болсон сураг ч дуулдана билээ.

За тэгээд хууль хэлэлцэх болгондоо намаараа талцан салам хэрэлдэнэ. Солир, долир, хялар, хулгайч, худалчаараа дуудалцах нь энүүхэнд. Нэг л их төрийн мөнгө идсэн уусан, зохицуулсан улс гэдэг ойлголтыг энэхүү хэрүүлээрээ нийгэм рүү цацаж орхидог. Хэлж ярьж байгаа нь батлагдаж нотлогдоогүй ч хамаагүй. Ерөөсөө хэл амаараа биенийхээ дээр нь л гарч байвал болох нь тэр. Хүн л юм хойно уур цухал нь төрөөд дэлбэрчээ гэж зөвтгөж болох ч хэлсэн үг, авирлаж байгаа үйлдэл нь ёс зүйтэй юу гэж асуухад хүргэнэ. Чуулганы танхимд хууль хэлэлцэж сууж бие бие рүүгээ салаавч гаргана. Ажилдаа цагтаа ирнэ гэж үгүй.

Хууль хяналтын байгууллагын ажлыг УИХ-ын гишүүний дархан эрхээрээ хааж саад учруулахыг оролдоно. Ийм үйлдэл нь УИХ-ын нэр хүндийг улам унагаж, гадна талд байгаа нэг хэсэгт нь өөрийгөө УИХ-д нэр дэвшүүлж болох нь гэдэг ойлголтыг бий болгож улам өдөөж байна. Хэрвээ тэд олонд танигдсан имижээрээ УИХ-д ороод ирвэл яах вэ?. Жинхэнэ хошин шогийн тайз болж хувирахгүй гэж үү.

Өнөөгийн УИХ-д дөрвөн гишүүн бие даагч байсан тэд цөөдөөгүй. Оюутолгой, Тавантолгой төсөл зэрэг улс орны хөгжлийг урагшлуулах томоохон төслүүдээ газар доор ортол нь муулсаар гадаад ертөнцөд Монголын нэр хүнд шалдаа бууж, гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 0 заах болсон. Нэг л их эх оронч царайлсан “баатрууд”. Санаачилсан хуулийн төсөл гэж бараг үгүй. Хийдэг үндсэн ажил нь хэрүүл. “Биеэ үнэлэх”-ийг сонгодог утгаар нь үзүүлсэн гэж хэлж болно. Хаана ямар аятайхан албан тушаал байна, түүн рүү хүнээ шургуулна. Дөрвөн жил хууль  тогтоох байгууллагаараа тоглочихоод эцэст нь нам, нам бараадаад дахин УИХ-д нэр дэвших боломж хайж байна. Сонгуулийн хууль нь жижиг намуудад халтай, бие даагчдыг хяхсан, жижиг 76 тойрог эргэн ирж болзошгүй нөхцөл байдал үүсэнгүүт нэг, нэг нам бараадсан. Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нарыг хар, МАН-ын гишүүнчлэлээ сэргээлээ. С.Ганбаатар ХҮН-аар тоглож өгч байна. Г.Уянга Тусгаар тогтнол эв нэгдлийн намын дарга болов. Бие даагчдад бодлого гэж байдаггүй, байлаа ч түүнийгээ хэрэгжүүлэх боломж угаас байдаггүй. Харамсалтай нь, тэдний үг олон нийтэд үнэн юм шиг, эх орныхоо төлөө юм шиг сонсогдох нь зарим нэгэнд тэдний замаар яваад үзэх хүслийг төрүүлдэг байж болох ч зөв зам биш.

Хэрвээ сонгогчид энэ сонгуулиар дахиад л ийм попуудыг гаргаад ирвэл энэ улс орон сүйрэх болно шүү. Тийм учраас үл бүтэх амлалт өгч байгаа улс төрийн нам, эвсэл, бие даагчдад битгий итгэл үзүүл, сонгогчидоо. Төрөө хулгайчаас, худалчаас салгах эрх сонгогч таны сонгуулиар өгөх саналаар баталгаажсан байгаа.

УИХ бол хэн нэгний дуу дуулах, бөх барилдаж, морь уралдуулах тайз, талбар, эх орончийн дүр эсгэх баатруудын цуглуулга биш. Улс орныг хөгжүүлэх, халдашгүй дархан эрхийг баталгаажуулж бодлого зангидаж, баталж байх хууль тогтоох дээд байгууллага юм.

 Г.ХОРОЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна