УИХ-ын чуулганаар санал хураах ирц хүрсэнгүй

2016 оны 4 сарын 21

УИХ-ын чуулганаар Батлан хамгаалах тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэхээр санал хураах болоход гишүүдийн ирц хангалтгүй байсан тул үдээс хойших чуулган санал хураалтаар эхлэхээр боллоо.  

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Су.Батболд:

-Энэ батлан хамгаалах, цэргийн бодлоготой холбоотой том хуулиудыг хэзээ боловсруулсан юм бэ? Хоёрдугаарт, бүх нийтээрээ цэргийн албан хаах хуультай. Цэргийн албанд очоод бие бялдар, боловсрол, интернэтээр хангах чиглэлээр хийж буй ажил бий юу?

Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон:

-Энэ хуулийн төслийг боловсруулахад батлан хамгаалах салбарын бүхий л туршлагатай хүмүүс оролцсон. Одоо богино хугацаанд энэ хуулиа батлаад гаргахад зөрчил гарахгүй. Харин ч парламент дамжих юм бол бодлогын хууль зөрчилдөөд энэ хуульд сөргөөр нөлөөлөх магадлалтай. Хоёрдугаарт, бие бялдрын хөгжил доогуур залуусыг анхаарах чиглэлээр ажиллаж байгаа. Цэргийн ангийг тохижуулах тал дээр төсөв санхүүгийн боломжгүй байгаа.   

УИХ-ын гишүүн М.Батчимэг:

-Ойрын үед энэ хуулийн төслийг батлах ямар шалтгаан байна вэ?

Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр:

-Энэ хуулийн төслийг өмнө нь өргөн барих боломж байсан. Ажлын хэсэг бол хуулийн төсөл дээр маш сайн ажилсан. Бодлогын баримт бичгээ батлагдахыг хүлээж байсан юм. Баримт бичиг нь 2015 оны сүүлээр батлагдсан учраас одоо үүнтэй зөрчилдөх гээд байна. Хоёрт, “Оюутан цэрэг” хөтөлбөрийг хууль эрх зүйн орчинд оруулах гэх мэт хүлээгдэж буй асуудал байгаа учраас яаралтай батлах шаардлага байгаа юм.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

-Зарчмын хувьд дэмжиж байна. Хэлэлцэх явцад анхаарах хэд хэдэн зүйл байна. Дэлхийн хүчний хуваарилалтыг харах ёстой. Мөнхийн хоёр хөрштэйгөө батлан хамгаалах салбарт ямар байдлаар хамтран ажиллах гэх мэт асуудалд анхаарах ёстой.

УИХ-ын дэд дарга Л.Цог:

-УИХ өөрөө батлан хамгаалах салбарын үндсийг баталсан учраас Батлан хамгаалах тухай хуулийг шинэчилж байна. Үүнд буруу байхгүй заавал хэлэлцэх ёстой. Батлан хамгаалах салбарын бодлого нягт нямбай байх ёстой, үүнийг анхаараарай. Ингээд хуулийн төслийг дэмжиж байна.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Монгол Улсын эрх ашиг гэж байдаг бол онцгой эрх ашиг нь батлан хамгаалах салбар юм. Энэ эрхэм зүйлийг хэлэлцэж байгаа парламентын байдлыг би эсэргүүцэж байна. Чуулганы танхимд есөн гишүүн сууж байна. Ийм байдалтай энэ чухал хуулийн төслийг хэлэлцэж болохгүй. УИХ-ын дарга нь “эхлээд хэлэлцэх эсэхийг шийдчих дараагийн парламент хаяна” гэж ярьж байна. Дараагийн парламент хаях юм бол бид хэлэлцэх шаардлага байхгүй. Үүрэг хүлээгээд эрхээ хасуулсан мянга мянган хүний эрх зүйн байдал, нийгмийн хамгаалал олон зүйл Батлан хамгаалах тухай хууль батлагдсанаар шийдэгдэнэ. Тиймээс яаралтай дэгээр хэлэлцээд батлаад явахгүй бол болохгүй. Тиймээс ирцээ бүрдүүлээд санал хураах хэрэгтэй.

Ийнхүү хуулийн төслийг хэлэлцэх эсэхээр санал хураах болоход чуулганы ирц хангалтгүй байсан юм. Тодруулбал эрх баригч хүчнээс дөрвөн гишүүн, сөрөг хүчнээс долоон гишүүн байлаа. Ингээд үдээс хойших чуулганаар Батлан хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг шийдэх санал хураалтаар эхлэхээр боллоо.

Үдээс хойших чуулган 14.00 цагаас үргэлжилнэ.  

Т.НОМИН

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна