Итгэлцэлгүй зөвлөл

2016 оны 4 сарын 21

ОХУ Крымийг өөртөө нэгтгэснээс хойш хоёр жилийн хугацаанд түнжин муутай байсан ОХУ болон НАТО /Умард Атлантын цэргийн эвсэл/ Брюссел хотноо зөвлөлийн хурал хийв.

Элчин сайд нарын түвшинд болсон уг хурал удаан үргэлжилсэн ч хоёр тал санасан шигээ зөвшилцөлд хүрч чадсангүй.

Уулзалтын гол сэдэв нь Украины асуудал байв. Крымийг өөртөө нэгтгэсэн асуудлыг Москва Украины зүүн муж дах орос хэлтнүүдийг болзошгүй иргэний дайнд нэрвэгдэхээс сэргийлсэн арга хэмжээ гэж тайлбарласан юм. Харин НАТО энэ мэдэгдлийг няцааж, Москвагийн эрх баригчид Украины зүүн хэсэг дэх салан тусгаарлагчдыг дэмжиж, Киевийн эсрэг дайныг санхүүжүүлсэн гэж буруутгажээ.

Уулзалтын дараах хэвлэлийн хурал дээр НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Женс Столтенбергийн хэлсэн үг талууд Украины хэрэг явдалд нэг нэгнээ хүлээн зөвшөөрөхгүй, хэн нь ч хариуцлага хүлээхгүй нь тодорхой байв.

Женс Столтенберг хэлэхдээ “Уулзалтын үеэр Украины асуудалтай холбоотой баримт, хариуцлагын асуудал дээр бид зөвшилцөлд хүрэхгүй нь тодорхой болсон гэсэн юм. Гэхдээ талууд жижиг боловч нэг зүйл дээр санал нэгдсэн нь Украины зүүн хэсэгт гал зогсоох тухай Минскийн хэлэлцээрийг биелүүлэх тухай байв.

Уулзалт хаалттай болж өнгөрсөн ч Женс Столтенберг гол гол ямар асуудал хэлэлцсэн талаар хэвлэлийн хурал дээр ярьсан байна. Москвагийн тал Минскийн хэлэлцээртэй холбоотой зарим нэг зүйл дээр санал зөрөлджээ. НАТО харин ОХУ-ыг зүүн Украины салан тусгаарлагчдыг далдуур дэмжиж, зэвсгээр хангахаас гадна тэднийг удирдан чиглүүлж байгаа гэсэн байр сууриндаа хатуу зогсчээ.

ОХУ, НАТО-гийн зөвлөлийн хурлын дараа НАТО-д суугаа ОХУ-ын Элчин сайд Александр Грушко хэлэхдээ НАТО-той хийсэн хэлэлцээнд ямар ч эерэг зүйл байсангүй гэсэн юм. Хоёр тал зөвлөлийн хурлыг дахин хуралдуулахыг дэмжсэн боловч яг хэзээ, хаана болохыг хэлээгүй байна. Александр Грушко зөвлөлийн хурал ямар нэгэн бодит зорилготой зохион байгуулсан тохиолдолд ОХУ оролцоно гэжээ. Хэдийгээр уулзалт үр дүнгүй болсонд хоёр тал аль алин нь сэтгэл дундуур байсан боловч НАТО-гийн лидер аль болох эерэг талаас нь харахыг хичээж, ямар ч байсан хоёр тал ширээний ард суугаад, ярилцаж болохыг энэ хурал харууллаа гэсэн юм.

Украины хэрэг явдлаас хойш хурцадмал болсон хоёр орны харилцааны талаар Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэлэхдээ хоёр орны харилцаанд ямар ч итгэл байхгүй болсныг онцолж байсан юм.

Олон улсын хэвлэлүүд Украиныг хямралаас гаргахад ОХУ-НАТО-гийн зөвлөлийн хуралд өндөр ач холбогдол өгч байсан боловч уулзалт ямар ч үр дүнд хүрсэнгүй.

Украины хэрэг явдлаас үүдэн НАТО-гийн гишүүн зүүн Европын орнууд ОХУ-ыг эсэргүүцэх болсон бөгөөд Польшийн Гадаад харилцааны сайд Витолд Вашчыковски Москваг олон улсад зартай ИУ алан хядагч бүлэглэлээс ч аюултай заналхийлэл гэж тодорхойлсон юм.

Харин үүний хариуд НАТО-г Оросоос айх өвчин туссан гэж Оросын эрх баригчид үзэх болсон юм.

Энэ сарын 11, 12-нд ОХУ-ын Сухой Су-24 сөнөөгч онгоц Балтийн тэнгист сургуулилт хийж байсан АНУ-ын тэнгисийн цэргийн сөнөөгч Доналд Күүк онгоцтой 10 метрээс дотогш нисч өнгөрсөн нь хоёр орны харилцаа ямархуу  хурцадмал байгаагийн тод илрэл болсон юм. ОХУ-ыг ганцаардуулах гэсэн НАТО-гийн бодлого алдаа зааж эхэлсэн учраас тэд харилцаагаа сэргээхээр Кремлийн хаалгыг тогшиж  байгаа нь энэ гэж ОХУ-НАТО-гийн зөвлөлийн хурлыг нэгэн төлөөлөгч тодорхойлжээ. Гэвч Москва хаалгаа тайлж өгсөнгүй бололтой.

Н.ЭНХ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна