С.Ламбаа: Юун сайд вэ. Мэдэхгүй

2016 оны 4 сарын 21

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Эрүүл мэнд, спортын яамны /ЭМСЯ/ Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбааг Эрүүл мэндийн сайдын албан тушаалд томилж байгаа тухай мэдээлсэн. С.Ламбаагийн нэрийг өргөн барьсан, шинэ Засгийн газар бүрэлдтэл ажиллана хэмээн мэдээлсэн юм. Тэгвэл энэ асуудлаар болон, түүнтэй холбоотой зарим асуудлаар тодрууллаа.

-Таныг Эрүүл мэндийн сайдад томилохоор нэрийг нь өргөн барьсан гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Юун сайд вэ. Мэдэхгүй. Би улаан бурхан өвчинтэй тэмцэх гээд түмэн завгүй л явна.

-Танд энэ талаар мэдэгдсэн зүйл байхгүй юу?

-Одоогоор тийм зүйл байхгүй.  

-Сүүлийн үед таны олон нийтийн сүлжээнд бичсэн, “Боловсролтой хүний хүүхэд улаан бурхан өвчнөөр өвчлөхгүй” гэх утгагүй үгсийг зарим эмэгтэйчүүд ихээр шүүмжилж байна. Та яагаад тэгж бичсэн юм бэ?

-Шууд улаан бурхны асуудлаар биш л дээ. Уг нь боловсролын асуудал ярьж байсан юм. Боловсролтой хүн эрүүл байх уу, эрүүл хүн боловсролтой байх уу гэдэг дээр л маргаан явж байсан юм. Миний хувьд боловсролын салбарын хүн учраас өөрийн саналаа л бичсэн. Уг нь наад захын эрүүл мэндийн боловсролтой хүн хүүхдэдээ анхаарал тавьж чадна гэж л бичсэн юм. Гэтэл улаан бурхан өвчнөөр нас барж буй хүнийг доромжиллоо, дайрлаа, наад захын боловсрол гэдэг нь юуг хэлж байгаа юм гээд яриад эхэлсэн. Наад захын боловсрол гэдэг нь эмнэлгийн ханан дээр бичсэн заавар, журам, зөвлөгөө, улаан бурхантай тэмцэхэд юу юу хэрэгтэй вэ гэдгийг л хэлсэн л дээ. Гэхдээ боловсрол, эрүүл мэнд хоёрын хамаарлын асуудлаар ярьж байсан зүйлийг улаан бурхан өвчин дээр наачихсан байна билээ. Ямартай ч улаан бурхан өвчинтэй тэмцэх гээд олон ажил төлөвлөөд, хийгээд явж байна. 

-Мөн сүүлийн үед эрүүл мэндийн салбарын шинэ хуультай холбоотойгоор эмч нар эсэргүүцэл илэрхийлэн, хэвлэлийн хурал ч зарлалаа. Эмч нар шинэ хуулийг “Шоронжсон” гэж хүртэл тодорхойлоод амжсан байна?

-Энэ асуудлаар ирэх долоо хоногт хэлэлцүүлэг өрнүүлнэ. Миний хувьд их судалгаа хийж байгаа. Уг нь өмнөх хуулийн заалт өөрчлөгдсөн зүйл огт байхгүй. Харин хорих заалтуудыг нэмж, хассан зүйл л байгаа. Үг өгүүлбэрийн хувьд найруулсан зүйл бий. Тиймээс энэ дээр эмч нарын зүгээс эмзэглэх шаардлагагүй.

Нөгөө талаас Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулиа ерөөсөө судлахгүй байна. Эмч нар алдаа гаргавал шууд хорих мэтээр ярьж байна. Уг нь Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд эмч нар алдаа гаргасан тохиолдолд шинжээчдийн баг бүрдүүлэх тухай нарийн заалт бий. Миний хувьд өмнө нь оролцож байсны хувьд заалтуудыг сайн мэдэж байна. Шинжээчид ажиллаад, санаатай юу, болгоомжгүй үйлдлээс болов уу, юунаас болсон бэ гэдгийг тодорхойлсны дүнд шүүх асуудлаа шийднэ. Түүнээс биш шүүх цагдаа нар эмч нарын ажлыг мэднэ гэж ойлгож болохгүй. Тиймээс эмч нартаа битгий эмзэглэ гэж хэлмээр байгаа юм. Гэхдээ ирэх долоо хоногоос хуулийн байгууллагынхантай хамтарч хэлэлцүүлэг өрнүүлнэ. Ер нь манайхан санаатай гэдэг үгэн дээр их эмзэглэж байна. Санаатайгаар гэдгийн цаана болгоомжгүй гэх мэтчилэн үг бий. Гэхдээ санаатайгаар хүний аминд хүрнэ гэсэн асуудал манай эмч нарт байхгүй шүү дээ.

Зарим тохиолдолд үнэхээр дуудлагаар давхиад очсон чинь өвчтөнийг авч явах ямар ч боломжгүй, тэндээ л мэс хүргэхээс аргагүйд хүрэх тохиолдол эрүүл мэндийн салбарт байдаг. Ингээд гэрт нь тухайн хүнд мэс засал хийдэг, төрүүлдэг. Гэтэл өвчтөн хавсарсан өвчтэй байснаас ч юм уу, тэнд ямар нэг алдаа гарсан тохиолдолд эмчийн үйлдлийг санаатайгаар гэж хэлж болохгүй. Энэ асуудлыг шинжээч нар үнэлж, дүгнэсний дараа шийдвэр гарна шүү дээ. Тиймээс эмч нарын зүгээс эмзэглэх зүйлгүй гэдгийг хэлмээр байна.

Б.ЗАЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна