Эмчийн хариуцлагаар хэлэлцүүлэг өрнүүлнэ

2016 оны 4 сарын 21

Зарим эмч мэргэжилтнүүдийн зүгээс Эрүүгийн шинэ хуулийн эмч нартай холбогдсон заалтыг эсэргүүцэж байгаа билээ. Тиймээс Эрүүгийн шинэ хуультай холбоотойгоор ирэх долоо хоногт хуулийн байгууллагынхан, эмч нараас бүрдэх том хэмжээний хэлэлцүүлэг өрнүүлэхээр болжээ.

Өнгөрөгч мягмар гаригт л гэхэд Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооныхон эмч нарын төлөөлөлтэйгөөр хэвлэлийнхэнд хандсан. Тэд Эрүүгийн шинэ хуулийн 15.1 дүгээр зүйлд “Эмнэлгийн мэргэжилтэн хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан тохиолдолд 1-3 жил эмчлэх эрхээ хасуулж, 20-80 сая төгрөгөөр торгох эсхүл 2-8 жил хорих ял эдэлнэ” гэж заасныг дурдсан юм. 

Ажиллах орчин нөхцөлийг сайжруулаагүй, ачаалалтай, тоног төхөөрөмж тааруу нөхцөлд “шоронжсон” хууль хэрэгжүүлж байгааг шүүмжилсэн. Иймээс улс орон даяар Эмч эмнэлгийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос хамтын тэмцэл зарласнаа мэдэгдсэн.

Тэгвэл ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаагийн зүгээс “Эмч нар алдаа гаргавал шууд хорих мэтээр ойлгож байгаа нь буруу” хэмээн энэ талаар тайлбарлалаа. С.Ламбаа “Нөгөө талаас Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулиа ерөөсөө судлахгүй байна. Эмч нар алдаа гаргавал шууд хорих мэтээр ярьж байна. Уг нь Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд эмч нар алдаа гаргасан тохиолдолд шинжээчдийн баг бүрдүүлэх тухай нарийн заалт бий. Миний хувьд өмнө нь оролцож байсны хувьд заалтуудыг сайн мэдэж байна. Шинжээчид ажиллаад, санаатай юу, болгоомжгүй үйлдлээс болов уу, юунаас болсон бэ гэдгийг тодорхойлсны дүнд шүүх асуудлаа шийднэ. Түүнээс биш шүүх цагдаа нар эмч нарын ажлыг мэднэ гэж ойлгож болохгүй” гэлээ.

БЭЛТГЭСЭН: Б.ЗОЛЗАЯА

Н.БАТМӨНХ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна