Сумын Алдарт уяач Б.Хүрэлбаатар: Анхны айраг, түрүүгээ 1976 онд авч байлаа

2016 оны 4 сарын 21

Дорноговь аймгийн Сайхандулаан сумын уугуул, сумын Алдарт уяач Б.Хүрэлбаатарын ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.

-Хурдан морьтой холбогдсон түүхээс ярилцлагаа эхэлье.

-Миний нагац ах Цэрэндорж хусуур сойз зүүсэн уяач хүн. Би ахыгаа дагаж 1974 оноос эхлэн морь уяж байна. Анх морь уяад хоёр, гурван жилийн дараа сумандаа наадаад анхны айраг, түрүүгээ хүртэж  байлаа. Ингээд 1977 онд цэрэгт явж, гурван жилийн дараа халагдаад, морины ажлаа үргэлжлүүлэн, сумандаа даага, шүдлэн айрагдуулсан. Гэвч түүнээс хойш 1987, 1988 он хүртэл хэсэг завсарласан. Зуд турхан, ган гачиг хэцүүхэн үе байлаа. Түүнээс хойш дахин морь уях болоод 20 гаруй жил болж байна. Одоо ихэвчлэн хүний морь уядаг юм. Сайхандулаан сумын Хоролсүрэн гэж хүний морийг уяад хэд хэдэн айраг, түрүү аваад байгаа.

-Голдуу ямар насны морьдоор уралдаж байна вэ?

-Ихэвчлэн бага насны адуу  оруулсан байна. Хуурай дүү Хоролсүрэн маань Сайханы унаган адуутай. Бидний ганзага нийлж одоогоор хориод айраг, түрүү авчихсан. “Хутагтын хурд”-д их морийг нь аман хүзүүдүүлж, сүүлд соёолон зүүн, баруун бүсэд айрагдууллаа. Сүүлийн жилүүдэд нутгаасаа гарч Сүхбаатар, Дундговь, Өвөрхангайгаар наадаж байгаа.

-Энд дурсамж тээсэн наадмынхаа тухай ярьж өгөөч?

-Мэдээж уясан морьдоо айраг, түрүүнд хурдлуулах тоолонд үнэхээр их баярладаг. Ер нь хүн хийж байгаа ажлынхаа үр шимийг үзэх сайхан шүү дээ. Эндээс Өвөрхангайд дүүгийнхээ соёолонг аваачиж мордуулаад зургаагаар оруулж байсан үеийг дурсмаар байна. Халхын довтой хурдан хүлгүүдтэй уралдана гэдэг үнэхээр урамтай юм билээ. Говиос би бараг ганцаараа очсон байх шүү.  Айрагт багтаагүй ч чансаа өндөр наадамд зургаагаар давхисан нь говийн адуу ямархан жишигтэйг харуулсан гэж боддог.

-Хэдэн оны сумын Алдарт уяач вэ?

-Болоод удаагүй байна. Өөрийн цөөн хэд дээрээ Хоролсүрэнгийн морийг уяад гаргасан амжилтаараа 2012 онд сумын Алдарт уяач болсон.

-Ярилцсанд баярлалаа.

"Тод магнай" сэтгүүл Дорноговь аймгийн тусгай дугаар

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна