Л.Эрдэнэчимэг БНПУ-ын Сенатын дэд маршал хатагтай Мария Коцтой уулзлаа

2016 оны 4 сарын 21

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Л.Эрдэнэчимэг Бүгд Найрамдах Польш Улсын Сенатын дэд маршал хатагтай Мария Коцтой өнөөдөр /2016.04.21/ уулзлаа.

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг хатагтай Мария Коцыг Монгол оронд тавтай зочлохыг хүсээд Ази-Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтад оролцож буйд талархал илэрхийллээ.

Тэрбээр 2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж эхэлснээс хойш Монгол-Польшийн парламентын бүлгийн даргаар ажиллаж байна хэмээгээд хоёр орны харилцаанд парламент хоорондын харилцаа онцгой байр суурь эзэлдэгийг дурдсан. Түүнчлэн эрхэм гишүүн манай улс Польш улсын улс төр, нийгэм, эдийн засгийн өөрчлөлтийн туршлагаас багагүй зүйлийг суралцсан гээд Монголын олон тооны оюутан Польшийн их, дээд сургуульд суралцсан бөгөөд өндөр боловсролтой боловсон хүчин бэлтгэхэд Польшийн зүгээс бодит дэмжлэг үзүүлж ирсэнд талархаж байдагаа илэрхийлсэн юм.

Бүгд Найрамдах Польш Улсын Сенатын дэд маршал хатагтай Мария Коц, Бүгд Найрамдах Польш Улс Монгол Улсын харилцаа Засгийн газрын түвшинд төдийгүй парламент хооронд ч идэвхтэй байдагийг дурдаад цаашид худалдаа, эдийн засгийн чиглэлээр олон салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг уулзалтын үеэр УИХ-д сонгогдсон 11 эмэгтэй гишүүд УИХ дахь Эмэгтэй гишүүдийн бүлгийг байгуулсан талаар танилцуулаад хэдий таван өөр намаас сонгогдсон ч амжилттай хамтран ажиллаж байгаагаа дуулгасан бөгөөд хатагтай Мария Коц Польшийн парламентад эмэгтэй гишүүдийн бүлэг байгуулах талаар туршлага хуваалцах бодолтой байна хэмээсэн.

Мөн уулзалтын үеэр Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Л.Эрдэнэчимэг Бүгд Найрамдах Польш Улсын Сенатын дэд маршал хатагтай Мария Коц нар парламент хоорондын цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна