З.Баянсэлэнгэ: Түрээсийн сууцыг өмчлүүлэхээр ярьж байна

2016 оны 4 сарын 21

БХБ-ын сайд З.Баянсэлэнгэ “Сайдын цаг”-т оролцлоо. Энэ удаагийн “Сайдын цаг” уулзалт БХБЯ-нд  болсон юм.

Тэрээр Барилгын тухай хуулийг дагаж мөрдөх  33 заавар, дүрэм боловсруулах ёстой. Үүнээс 22-ыг нь боловсруулан гаргалаа. Барилгын ажилын ид үе эхэлж байгаатай холбогдуулан үлдсэн дүрэм, журмыг яаралтай боловсруулан гаргахаар ажиллаж байгааг онцолсон юм.

Засгийн газрын тогтоолоор ипотекийн зээлийн журамд өөрчлөлт оруулсан. Ипотекийн зээлийн 8 хувийг хүүг 5 хувь болгосон. Ипотекийн 5 хувийн хүүтэй зээлийг Засгийн газраас зорилтот бүлэгтээ хэрэгжүүлсэн бодлого. Тиймээс Алслагдсан 3 дүүрэг, шинэ суурьшлын бүс, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 21 аймагт баригдсан орон сууц зэргийг хамруулан хэрэгжүүлэхээр болж байна. Энэ хөтөлбөрийг бүрэн утгаар нь хэрэгжүүлэхийн тулд Засгийн газрын дунд хугацааны зорилтот хөтөлбөртөө зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлага байгаа.

Гэр хорооллын дахин төлөвлөлт төсөл БХБЯ-ны захиалгаар, Хятадын Засгийн газрын хөнгөлөлтэй зээлээр 7,14 дүгээр хороололд явагдсан. МҮОНРТ-ийн орчмын гэр хорооллын төлөвлөлт учир дутагдалтай. 2009 оны зураг төслөөр хийгдсэн учраас  төлөвлөлт дутуу болсон. Айлуудын нүүлгэн шилжүүлэлт, орон сууцны хороолол бүрэн баригдаагүй гээд асуудал үүссэн байна. Иргэдээс 80  ам.метрийг чөлөөлөх асуудлыг тавьж байгаа. Гэхдээ энэ нь Ирээдүйн тэтгэврийн сангийн хуулиар ХАХНХЯ, Монгол банкнаас шийдвэрлэх зүйл юм хэмээлээ. 

Ийнхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх үү?

-Түрээсийн орон сууц өөр зохицуулалтаар явна. 5 жилийн хугацаанд түрээсээ болон хэрэглэсэн дулаан цахилгааны зэрэг бусад зүйлээ төлөөд явна. Төвлөрөл ихсэж байгаа холбоотой зорилтот бүлэг рүүгээ чиглэсэн бодлого. Харин өмчлөлд хэзээ шилжих вэ гэдэг асуудлыг ярьж байгаа. Гэхдээ түрээсийн орон сууц тусдаа зохицуулалтаар явна. Өмчлөх асуудал нь түрээслэхээс өөр зохицуулалтаар шийдэгдэнэ. Ингэхийн тулд МИК арилжааны банкуудтай гэрээ хийх зайлшгүй нөхцөл бүрдэх юм. Иргэн  тодорхой хугацаанд түрээсийн зарчмаас өндрөөр төлбөрөө  төлөөд  30 хувиа бүрдүүлсэн нөхцөлд өмчлөх эрх нь үүсдэг зохицуулалт явагдана.

-Барилгын компаниуд гүйцэтгэлийн мөнгөө төрөөс авч чадахгүй байна. Үүнийг яаж зохицуулах гэж байна вэ?

-Одоогоор хүлээлтийн байдалтай 28 мянган орон сууц байна. Гүйцэтгэлийнхээ санхүүжилтийг авч чадаагүй байгаа аж ахуйн нэгжүүд арилжааны банкин дээр хар дансанд орж, дахин зээл үүсгэхгүй болж байна. Тийм учраас бид арилжааны банкуудтай аж ахуйн  нэгжүүдээ уулзуулж асуудлыг шийдэх зорилгоо МХАҮТ-тай хамтраад ирэх 7 хоногийн 3 дахь өдөр хэлэлцүүлгийг хийх гэж байгаа. Манайд 2016 онд шинээр төсөл хөтөлбөр бага тавигдсан. Мөн ажлын  гүйцэтгэл нь 80 хувьтай байгаа аж ахуйн нэгжүүдийг векслиэр санхүүжээч гэсэн хүсэлтийг Сангийн яаманд тавьсан. Удахгүй шийдвэрлэгдэнэ.

Т.НОМИН

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна