20-тын дэвсгэрт дээр Харриет Табменыг зална

2016 оны 4 сарын 21

АНУ мөнгөн дэвсгэртийн шинэчлэлд түүхэн өөрчлөлт оруулах гэнэ. АНУ-ын Сангийн сайд Жейкоб Льюгийн мэдэгдсэнээр 20 ам.долларын дэвсгэрт дээр заларсан АНУ-ын долоо дахь ерөнхийлөгч, боолын эзэн Эндрью Жэксоныг Африк-Америк гаралтай боолоос боолчлолыг эсэргүүцэгч, хүний эрхийн төлөө тэмцэгч болсон Харриет Табмены зургаар солихоор болжээ.

Мөн 10 ам.долларын дэвсгэрт дээр байдаг АНУ-ын хамгийн анхны сангийн сайд Александр Хамилтоны зургийг солих тухай ярьж байсан ч Бродвейн шоуны ачаар хуучны хэвээр нь үлдээхээр болжээ.

АНУ-ын мөнгөн дэвсгэртийн загварыг өөрчлөх болсон тухай АНУ-ын Сангийн сайд Жейкоб Лью лхагва гаригт мэдэгдсэн байна. Харриет Табмен бол АНУ-ын түүхэнд цаасан мөнгөн дэвсгэрт дээр зураг нь гарах гэж буй хамгийн анхны хар арьст эмэгтэй юм. 19-р зууны эхээр боол болж төрсөн Табмен боолын эзнийхээс зугатаж, боолчлолын эсрэг хөдөлгөөнийг үүсгэн байгуулж, боолуудыг эрх чөлөөтэй болоход нь тусалж байсан гэдэг. Америкийн иргэний дайнаас хойш Табмен боолчлогдсон эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахын төлөө тэмцэж байжээ.

АНУ-ын мөнгөн дэвсгэртийн шинэчлэлийн хүрээнд таван ам.долларын загварыг мөн өөрчилж, иргэний эрхийн төлөө тэмцэгч Мартин Лютер Кингийн хөрөг болон түүний алдарт “Надад мөрөөдөл бий” үгтэй хамт оруулах гэнэ.

Н.ЭНХ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна