А.Зангад: 95 мөрийн хөтөлбөр ирээд байна

2016 оны 4 сарын 22

Сэтгүүлч:
Г.Дарь

2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх нам, эвсэл, бие даагчид Сонгуулийн ерөнхий хорооноос өгсөн зөвлөмжийн дагуу дөрөвдүгээр сарын 20-ний өдрийн ажлын цагт багтаан сонгуульд дэвшүүлэх мөрийн хөтөлбөрөө хянуулахаар Үндэсний Аудитын газарт хүргүүлсэн юм. Энэ талаар Монгол Улсын Ерөнхий Аудитор А.Зангадаас тодрууллаа.

-Аудитын газарт өнөөдрийн байдлаар хэчнээн мөрийн хөтөлбөр ирээд байна вэ. Хуульд заасан хугацаанд багтаан /уржигдар 17.30 цагт багтаан/ 14 нам, хоёр эвсэл, 79 бие даагч мөрийн хөтөлбөр ирүүлсэн гэдэг мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Тийм ээ, дөрөвдүгээр сарын 20-ны байдлаар УИХ-ын сонгуульд өрсөлдөх хүсэлтээ илэрхийлж 14 нам, хоёр эвсэл, 79 бие даагч мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар Аудитын газарт хүргэж ирсэн.

Дөрөвдүгээр сарын 20-н гэдэг бол Сонгуулийн ерөнхий хороо бүрэн эрхийнхээ хүрээнд сонгуульд оролцогч намуудад зориулж гаргасан зөвлөмж юм. Нэг үгээр хэлбэл, дээр заасан хугацаанд багтаан мөрийн хөтөлбөрөө өгөөрэй гэсэн зөвлөмж. Аудит хийлгэх хугацааг нь бодолцож гаргасан зөвлөмж болохоос дөрөвдүгээр сарын 20-ноос хойш мөрийн хөтөлбөр хүлээж авахгүй гэсэн үг биш. Мөн 17.30 цаг гэж заасан нь ажлын цагт багтах ёстой юм шүү гэдэг л хүсэлт . Сонгуульд оролцох нам, эвсэл, бие даагчид Аудитын байгууллагын ажлын ачаалал, үүргээ маш сайн ухамсарлаж, бүгд мөрийн хөтөлбөрөө өгчихлөө. Гэхдээ өнөөдөр бие даагчдын мөрийн хөтөлбөр нэмэгдэх шинжтэй байна.

-Дангаараа оролцох 14 нам, эвсэх хоёр намуудыг тодруулахгүй юу?

-Эвслийн тухайд Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам, Ногоон намтай эвссэн мөрийн хөтөлбөр, Эх орончдын нэгдсэн нам, Хамаг Монгол хөдөлмөрийн намтай эвссэн мөрийн хөтөлбөрийг ирүүлсэн.

Намуудын тухайд АН, МАН, МАХН, ИЗНН, Эх орон нам, Бүгд найрамдах нам, ХҮН, МҮАН гээд Улсын Дээд Шүүхэд бүртгэлтэй бүхий л намууд байгаа.

-Хамгийн түрүүнд мөрийн хөтөлбөрөө ирүүлсэн нам аль нь бол?

-Бүгд найрамдах нам.

-Өмнөх сонгуулиудтай харьцуулахад бие даан өрсөлдөх нэр дэвшигчийн тоо эрс өсжээ?

-Эрс өссөн.

-Дөрөвдүгээр сарын 29-нд багтаан эвсэх асуудлаар хүсэлтээ гаргах ёстой ч 20-нд багтаан мөрийн хөтөлбөрөө өгөх шаардлага үүссэнээс цаг хугацаанд хавчигдан эвсэх асуудлаа шийдэж чадсангүй гэх асуудал хөндөгдөөд эхэллээ?

-Зөв л дөө, мөрийн хөтөлбөрийг авах хугацаа хуулийн зохицуулалт байхгүй. Сонгуулийн хуульд юу гэж байгаа вэ гэхээр “Сонгуулийн санал хураалт эхлэхээс 60 хоногийн өмнө сонгуульд дэвшүүлэх мөрийн хөтөлбөрөө Аудитын байгууллагаар хянуулж, баталгаажуулж бүртгүүлэх ёстой” гээд заачихсан учраас дөрөвдүгээр сарын 20-н гэдгээр хязгаарлаад байгаа юм. Сонгуулийн хуульд мөрийн хөтөлбөрийг Аудитад авчирч өгөх, аудит хийх хугацааг зохицуулаагүй. Тийм учраас Сонгуулийн ерөнхий хороо сонгууль зохион байгуулахад оролцож байгаа төрийн байгууллагын үйл ажиллагааг уялдуулах, зохицуулах эрхтэй сонгууль удирдаж байгаа байгууллага учраас дээрх зөвлөмжийг өгсөн юм.

-Нэгэнтээ хуульд тодорхой заалт байхгүй учраас Аудит мөрийн хөтөлбөрийг хүлээж авах нь ээ?

-Хуулиар хязгаарлаагүй учраас мөрийн хөтөлбөрийг авна. Авахаас аргагүй.  Ес хоногийн дотор багтаан аудит хийх гээд хүмүүсээ тусгай зохион байгуулалтад оруулаад ажиллаж байна. Гэхдээ дөрөвдүгээр сарын 20-ноос хойш ирсэн мөрийн хөтөлбөрийг үүний өмнө оруулж аудит хийнэ гэж байхгүй. Өөрөөр хэлбэл, 20-ноос хойш ирсэн мөрийн хөтөлбөрийг 29, 30-нд багтаан Аудит гаргаж өг гэж шахах эрхгүй гэсэн үг юм. Аудитын хараат бус байдалд тэгж нөлөөлүүлэхгүй. Мөрийн хөтөлбөрийг нь авна, аудитыг нь хийнэ, тэгэхдээ сонгуулийн өмнө бүртгүүлэх хугацаанд нь багтаах үүрэг хүлээж чадахгүй.

Яагаад гэвэл сонгуульд бүртгүүлэхээр материалаа бүрдүүлж очихдоо мөрийн хөтөлбөрөө аудитын байгууллагаар хянуулсан байх нь тэдний л үүрэг.  Тэр үүргээ биелүүлэхэд нь тусалъя гээд хугацаагаа ерөнхий заагаад энэ хугацаанд багтаад өгөөрэй гэж байхад багтаж чадаагүй бол бид мөрийн хөтөлбөрийг нь хүлээж авах ч хугацаагаар шахуулахгүй. Амжихгүй бол хариуцлага хүлээхгүй.

-Амжихгүй бол хариуцлага хүлээхгүй гэдэг заалт нь хуульд тусчихсан юм уу?

-Үгүй. Бид мөрийн хөтөлбөрийг харангуутаа харанхуйгаар шууд гарын үсэг зураад өгөх тухай ойлголт байхгүй. Аудит хийх ажлаа хийнэ. Хариуцлага хүлээхгүй гэдэг нь юугаар хязгаарлагдах вэ гэхээр аудитынхаа стандартыг барьж ажиллана, хараат бусаар хөндлөнгийн нөлөөгүйгээр үйл ажиллагаа явуулна гэсэн үг. Тийм нөлөөлөлд орохгүй шүү л гэж байгаа юм.

Ер нь Сонгуулийн ерөнхий хороо хугацаа заасан зөвлөмж өгсөн нь их сайн хэрэг боллоо. Намууд бүгдээрээ мөрийн хөтөлбөрөө ирүүллээ. Өмнө нь бол дөрөвдүгээр сарын 28-нд ирээд аудитын дүгнэлт нэхээд сууж байдаг байж. Хэрвээ хугацаа заагаагүй бол 95 мөрийн хөтөлбөр нэгэн зэрэг шахам дөрөвдүгээр сарын 28-нд ирвэл яах уу, нэг хоногийн дотор Аудит ажиллаж чадахгүй шүү дээ.  

-Амьдралд биелэх боломжгүй мөрийн хөтөлбөр байвал яах вэ. Хас гэх үү, зөрчлөө арилга гэх үүрэг өгөх үү?

-Аудит ямар шалгуур тавих вэ гэхээр хуулиар заасан гурван баримт бичгийн хүрээнд авч үзэн, хэрэгжих үндэстэй юм уу, түүнд нийцэж байна уу гэдгийг нягтална. Баримт бичгүүдэд Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал,  Төсвийн тогтвортой байдлын  тухай хууль, 2018-2020 оны эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл түүнд туссан шалгуурыг авч үзээд түүнд нийцэж байна уу, хэрэгжих үндэстэй юм уу гэдгийг үзнэ.

-Мөрийн хөтөлбөрт хэрэглээний зээлийн хүүг тэглэнэ гэдэг ч юм уу хэрэгжүүлэх боломжгүй популист амлалт орсон байвал яах вэ?

-Эдийн засгийн үндэслэл тайлбараа хамтад нь оруулж ирэх ёстой. Тэрийг нь аудит хянаж үзнэ. Үндэслэлтэй байна гэж үзэх боломж нь хязгаарлагдмал хэцүү юм байвал тэр нь аудитын дүгнэлтээр гарч, таны мөрийн хөтөлбөрийг ингэж үзлээ, та залруулах боломжтой гэдгээ хэлнэ. Залруулахгүй гэвэл Аудит дүгнэлтээ гаргаад Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ. Тус газар Аудитын дүгнэлт ингэж гарч, та зас гээд явуулна. Хуулийн хугацаа гурав хоног байгаа. Энэ хугацаанд багтаан засна гэсэн үг.

-Цаашдаа нам, эвсэл, бие даагчид юуг анхаарах вэ. Мөрийн хөтөлбөр ирүүлбэл яах вэ?

-Дөрөвдүгээр сарын 25-наас хойш мөрийн хөтөлбөр барьж ирээд утгагүй. Ажиллах боломжгүй. Яг одоо 95 мөрийн хөтөлбөр дээр аудит ажиллаж байна.

-Ажиллах хүчний нөөц ямар байгаа юм?

-Одоо ид оргил ажлын ачааллын үе ирсэн. Төсвийн хөрөнгө оруулалтын аудит, Засгийн газрын санхүүгийн тайлангийн аудит, нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн аудит, Шилэн дансны аудит, орон нутгийн хөгжлийн сангийн аудит зэрэг, зэрэг хийж байна. Бүх бүрэлдэхүүнээрээ эхний хагас жилд багтаан хийдэг том аудит зэрэгцэж хийгдэж байна. Энэ жилийн онцлог сонгуулийн мөчлөг таарсан учраас сонгуулийн мөрийн хөтөлбөрийн аудит, хандивын тайлангийн аудит хоёр нэмэгдсэн. Тийм учраас ажлын ачаалал 2-3 дахин нэмэгдсэн байгаа. Нэг төрөлжсөн аудитынхаа ажлыг бүтнээр нь ес хоног зогсоогоод энэ олон бие даагчийн мөрийн хөтөлбөр дээр ажиллуулж байна. Сонгуулийн хуульд бие даагч заавал мөрийн хөтөлбөртэй байх, түүнийгээ аудитаар заавал хянуулах заалт хуульд орсон учраас ачааллыг зохицуулахаас аргагүй болгож байна.

-Хугацаа давчуу ч Ардын нам, МАХН хоёр эвсээд ороод ирье, тус тусдаа өгсөн мөрийн хөтөлбөрөө татаж аваад нэгдсэн болгоод дахин мэдүүлье гэвэл боломж байна уу?

-Аудит эвсэхийг нь хориглохгүй. Тус тусдаа ирүүлсэн мөрийн хөтөлбөр байгаа, татаж авъя, бид эвсэл болж оръё гэхэд болох ч өмнө ирүүлсэн мөрийн хөтөлбөрийн дараа л МАН, МАХН-ын эвслийн мөрийн хянагдана гэсэн үг юм. Гэхдээ боломж маш бага л даа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна