Финланд Улсын Парламентын Тэргүүн дэд дарга Маури Пеккаринен тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа

2016 оны 4 сарын 22

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Бүгд Найрамдах Финланд Улсын Парламентын Тэргүүн дэд дарга Маури Пеккаринен тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр /2016.04.21/ хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга З.Энхболд эрхэм зочдыг Монгол Улсад тавтай зочлохыг хүсээд, Ази, Европын Парламентын төлөөлөгчдийн уулзалтад оролцож буйд талархал илэрхийллээ. Тэрбээр Улаанбаатарт 2014 онд зохион байгуулсан Монгол, Финландын Засгийн газар хоорондын комиссын 12 дугаар хуралдааны үеэр ярилцсан асуудлын хэрэгжилт тааруу байгааг тэмдэглээд хоёр талын холбогдох байгууллагууд идэвхтэй ажиллах шаардлагатайг онцлон хэлсэн юм. Бүгд Найрамдах Финланд Улсын Парламентын Тэргүүн дэд дарга Маури Пеккаринен Ази-Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг амжилттай зохион байгуулж байгаад баяр хүргээд хоёр орны Засгийн газар хоорондын комиссын 12 дугаар хуралдааны үеэр ярилцсан асуудлыг ажил хэрэг болгохын төлөө ажиллах болно гэдгээ илэрхийлсэн.

Мөн энэ үеэр УИХ-ын дарга соёл, спортын хамтын ажиллаагааг хөгжүүлэх, ялангуяа өвлийн спортын чиглэлээр дэд бүтэц бий болгох, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийлсэн.

Түүнчлэн боловсролын салбарт хамтын ажиллагаа хөгжүүлэх, Финландад цэцэрлэг, бага, дунд сургуулийн багш бэлтгэх, магистр, докторын зэрэгт оюутан сургах боломжийн талаар УИХ-ын дарга хөндсөн. Ноён Маури Пеккаринен Финланд Улс бага боловсролын чиглэлээр сүүлийн 10-аад жилд дэлхийд дээгүүр үзүүлэлттэй явааг дуулгаад боловсролын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллахад таатай байх болно хэмээн хэлсэн юм.

Уулзалтын үеэр АСЕМ-ын дээд түвшний чуулга уулзалт, хоёр орны парламентын харилцааны хөгжлийн талаар хөндөн ярилцлаа хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна