О.Тэмүүжин: Уран сайхны кино хийх төлөвлөгөөтэй

2016 оны 4 сарын 22

Сэтгүүлч:
А.Цээсүрэн

“Эмоци” продакшны жүжигчин Тэмкаг тайз, дэлгэцийн олон уран бүтээлээр нь таних биз. Тэрээр “Сарны нулимс”, “Ийм нэгэн дурлал”, “Гурван найз”, “Их хотын залуус” зэрэг үзэгчдийн сэтгэлд хүрсэн олон дүрийг бүтээсэн чавдарлаг залуу уран бүтээлч юм. Түүнтэй ирэх сарын 5-нд нээлтээ хийх шинэ тоглолтын бэлтгэлийн үеэр ярилцсанаа хүргэе.

 -“Эмоци” продакшин шинэ тоглолтын бэлтгэлтэй байна уу?

-Манай хамт олон “Монгол тулгатны 100 инээд” нэртэй ээлжит шинэ тоглолтын бэлтгэлдээ орсон. Тоглолтоо ирэх сарын 5-наас эхлэн Соёлын төв өргөөний тайзнаа өдөр бүр 19.00 цагаас тоглох болно.

-“Муу нүүрт” гэх уран сайхны кинонд тоглосон тухайгаа ярихгүй юу. Хэзээ нээлтээ хийх вэ?

-Анх удаа “Хаган” фильмийн зохиолч Д.Ундраа, найруулагч Э.Оргил нартай хамтарч ажиллалаа. Киноны гол дүрд жүжигчин О.Долгор, Б.Анхбаяр, Р.Баттогтох нартай хамт тоглосон. Цоо шинэ багаар ажиллахад сонирхолтой байлаа. Зохиол нь ч гэсэн ээдрээтэй, адармаатай санагдсан. “Муу нүүрт” кинонд Эрхмээ гэдэг дүр дээр ажилласан. Урьд нь миний тоглож байгаагүй сонин хийцтэй, эмгэнэлт инээдмийн жанрын кино. Дүрээ шууд хэлмээргүй байна. Үзэгчид өөрсдөө үзээд мэдэх байх. Кино маань ирэх сарын 13-нд нээлтээ хийнэ.

-Их сонирхолтой санагдчихлаа. Юугаараа өөр гэж?

 -Эрхмээ гэх өндөг шиг сайхан өөгүй залуугийн дүрд тоглосон. Шударга хэлэхэд алуурчны дүрд тоглосон юм.

-Жүжигчин С.Тэмүүжин цаашдаа ямар дүр бүтээхийг хүсдэг вэ?

-Эргээд харахад миний тоглосон киноны ихэнх хайр дурлалын, романтик кинон. Цаашдаа бүхий л төрлийн дүр бүтээхийг хичээдэг. Уран бүтээлч хүний мөрөөдлийн түүхэн дүр бүтээх юмсан гэж боддог. Түүхэн дүр гэхээр баатарлаг, хааны дүр байх албагүй. Ер нь тухайн цаг үеийн бодит хүний дүрд тоглох хүсэлтэй. Энэ мөрөөдөл маань ч ойрхон байгаа байх. Хошин урлагийн жүжигчин зөвхөн инээдмийн дүр бүтээдэг гэдэг өрөөсгөл ойлголт.

-Цөөнгүй хайр дурлалын жанрын кинонд тоглосон гэлээ. Тэгвэл та хэр романтик хүн бэ?

-Тодорхой хэмжээний дүр надаар дамжин үзэгчдэд хүрч байдаг. Зарим дүртэйгээ төстэй зүйл байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ амьдрал дээр бол жаахан өөр. Хэтэрхий романтик хүмүүсийн хажууд романтик биш. Гэхдээ романтиклах үедээ романтиклана л даа. Тодорхой хэмжээнд сэтгэл хөдлөлөө илэрхийлж байна гэдэг амьд байгаагийн шинж юм болов уу. /инээв/

-Урлагийн гэр бүл учраас ойлголцоход амар байдаг уу. Эхнэртэйгээ хамт ажиллахын хэцүү болон сайхан тал нь юу вэ?

-Энэ талаар ойр дотны найз нөхөд, сэтгүүлчид их сонирхдог. Ер нь шударга хэлэхэд маш хэцүү. Хоёулаа урлагийг сонгосон хүмүүс учраас уран бүтээлийнхээ төлөө ар гэрийн асуудлаа, үр хүүхдээ хаяад явах хэцүү байдаг. Тэр болгоныг зохицуулж байдаг найдвартай хоёр талын эцэг эх маань байна. Тэднийхээ хүч, дэмээр ажлаа хийгээд явдаг. Мөн хамт ажиллахын сайхан зүйл ч олон бий. Хоёулаа уран бүтээлийн санаагаа ярилцана, ажлаа төлөвлөнө. Өөрсдөө хүсч энэ мэргэжлийг сонгосон учраас хэн  нэгэн гомдоллох шаардлагагүй. Аливаа бэрхшээлийг хамтдаа ярилцаад даван туулахыг хичээдэг.

-Уран бүтээлч хүн тухайн нийгмээсээ нэг алхмын урд алхдаг гэдэг. Уран бүтээлийн шинэ санааг хэрхэн эрэлхийлдэг вэ?

-Айхтар нийгмийг шүүмжлээд юмыг бодож тунгаагаад явах хэцүү. Би нийгмийг шүүмжлээд байх ёстой хүн ч биш байх. Гэхдээ уран бүтээлч хүний хувьд нийгмээсээ нэг алхам өмнө явах ёстой юм болов уу. Нийгэмд болж бүтэхгүй байгаа зүйлийг уран бүтээлээрээ илэрхийлэхийг хичээдэг. Гэхдээ ихэвчлэн оюуны таашаал өгөх гэдэг утгаараа боддог. Агаарын бохирдол, Туул голын асуудалд санаа зовж явдаг. Өмнө нь аав болоогүй байхдаа ийм зүйлд санаа зовдоггүй байж. Өнөөдөр өрхийн тэргүүн болчихоод миний үр хүүхэд агаарын бохирдолтой, бохир орчинд өсвөл яахав гэдэгт эмзэглэж байна. Надад байгаа хамгийн том зэвсэг бол урлаг юм.

-Тоглолт, зураг авалт гээд хүүхдүүдэдээ цаг гаргаж чадаж байна уу?

-Хүүхдүүдээ хамгийн гол нь эцэг эхээ хайрладаг, ах захаа хүндэлдэг, халуун дулаан уур амьсгалтай байлгахыг хичээдэг. Мөн амьдралын зөв хэвшил сургах хэрэгтэй. Гэвч өдөр бүр хамт байж чаддаггүй. Манай мэргэжлийн онцлог юм. Хааяа хол байх үе гардаг. Өөрийгөө сайн  аав гэж хэлэхгүй. Гэхдээ аль болох гэр бүл, үр хүүхдүүддээ цаг гаргахыг хичээдэг.

-Гэр бүлдээ шинэ гишүүн нэмэх төлөвлөгөө байгаа юу?

-Монголын үрсийг маш олон болгохоор шинэ гишүүн нэмэх бодол байгаа. Ирээдүйд хүү, охины алийг нь заяахыг хэлж мэдэхгүй. Бурхан ямар бэлэг өгөхийг таашгүй шүү дээ.

-Зарим хүн хошин урлаг хэт залуужаад, хэлбэр тал руугаа анхаарах болж гэх юм?

-Хүмүүсийн шүүмжлэлийг хүлээж авалгүй яах вэ. Мөн хошин урлагийг ам уралдан муулах хүмүүс байхад алгасалгүй үздэг хүмүүс ч байна. Шүүмжлэх эсэх нь тухайн хүмүүсийн эрх. Тэр хүмүүсийг ийм тийм гэж үнэлмээргүй байна. Хамгийн гол нь хошин урлаг өөрийн гэсэн өнгөтэй, орон зайг бий болгосон, түүхтэй салбар. Энэ салбарт өөрийн хамтлагаа байгууллаад хамтдаа зорилготой ажиллаж байгаа учраас шүүмжлэл магтаалыг дааж явах болно. Бидэнд уран бүтээл хийх эрх чөлөө нь байна. Үзэгчдэд ч гэсэн үзэх эс үзэх эрх нь нээлттэй.

-Хямрал хошин урлагт нөлөөлж байна уу?

-Мэдээж тодорхой хэмжээгээр нөлөөлөлгүй яахав. Хүмүүс гэртээ хоолоо  авах уу, орой тоглолт үзэх үү. Надад ч гэсэн эдийн засгийн хямрал нөлөөлж байна. “Ажил хийж байгаа тулдаа мөнгөгүй байна. Ажилгүй бол бүр өрөнд орох нь ээ” гэдэг. Энэ үнэн үг байгаа биз. Эдийн засаг хямарч байгаа ч гэсэн бид ажлаа хийж байгаа учраас мөнгөгүй байгаад байна. Ажил хийхгүй бол өрөнд ороод дуусах нь байна шүү дээ /инээв/.

-Цаашдаа “Гурван найз”, “Их хотын залуус” шиг олон ангит кино хийх үү?

-“Гурван найз”, “Их хотын залуус” олон ангит кинонуудыг “Боловсрол” суваг телевизийн хамт олонтой хамтарч хийсэн. Ойрхон хоёр ч уран бүтээл хийсэн учраас тодорхой хэмжээний завсарлага авах хэрэгтэй байх. Гэхдээ үзэгчдийн дунд хүлээлт үүсгэж чадаж байвал дахин олон ангит кино хийхийг үгүйсгэхгүй. “Эмоци” продакшны энэ жил тоглолтуудаас гадна гадаадад аялан тоглох болно. Мөн бүрэн хэмжээний уран сайхны кино хийх төлөвлөгөөтэй байгаа.         

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна