Ази-Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг нээж УИХ-ын дарга З.Энхболдын хэлсэн үг

2016 оны 4 сарын 22

2016.04.22-ны 09:00 цаг  Төрийн ордны Их танхим

        Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө, 

        Бүгд Найрамдах Итали Улсын парламентын  Сенатын Ерөнхийлөгч

        Эрхэмсэг ноён Пьетро Грассо, 

        Эрхэм хүндэт парламентын гишүүд, төлөөлөгчид өө,

        Монгол Улсын Их Хурлын Эрхэм гишүүд ээ,      

        Хатагтай, ноёд оо, 

Өнгөрсөн түүхэнд болон даяарчлалын өнөө үед Ази, Европын хооронд нэгэн гүүр болж ирсэн Монгол Улсад зохиогдож буй Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтад уригдан ирсэн Та бүхэнд  Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргээд, манай улсад тавтай зочлохыг хүсье. Энэхүү уулзалт нь 7 дугаар сард Улаанбаатар хотноо болох АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт болон түүнийг угтан зохион байгуулагдах арга хэмжээнүүдийн салхийг хагалж,  түүчээ болж байгаагаараа онцлог  юм.

1996 оны 3 дугаар сард Тайландын нийслэл Бангкок хотноо болсон АСЕМ-ын дээд хэмжээний анхны уулзалтын дараахан буюу мөн оны 4 дүгээр сард Парис хотноо Ази Европын  Парламентын Түншлэлийн анхны уулзалт болж Ази-Европын бүх талын уялдаа холбоо, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхийн төлөө хоёр тивийн парламентуудын хүчин чармайлтыг нэгтгэхэд анхаарлаа хандуулсан. Энэ нь АСЕМ-ын үйл хэрэгт дэмжлэг үзүүлж, хүч чадлаа нэмэрлэх гэсэн Ази, Европын ард түмнүүдийн хүсэл эрмэлзлэл байсан юм. 

Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Ази-Европын улс төр, эдийн засаг, нийгэм соёлын хэлхээ холбоо тэлж, Ази Европын Парламентын Түншлэл өөрийн гэсэн тодорхой хувь нэмрээ оруулсан.  

Ази, Европ хоёр тивийн улс орнууд олон зуун жилийн тэртээгээс хамтран ажиллаж ирсэн түүхтэй гэдгийг бид мэднэ.   

Тухайлбал, одоогоос 800-аад жилийн өмнө Монгол, Итали улсууд одоогийн АСЕМ шиг Ази, Европыг холбосон үйл ажиллагаа явуулж байсан, Италийн иргэн Пиан Де Карпини 1246 онд  Монголын Их Хаан Гүегт  Ромын Папын захидлыг гардуулсан. Мөн Италийн иргэн Марко Поло 800-аад жилийн өмнө  Монголын Их Хаан Хубилайн ордонд 20 гаруй жил шадарлан сууж байсан, энэ үедээ Монголын Их Эзэнт Гүрэн Ази, Европыг  холбосон “Торгоны их зам”-ыг ивээлдээ авч Ази, Европын худалдаа, иргэд хоорондын харилцааг хөгжүүлж байсан гээд олон түүхийг хэлж болно. Энэ нь 800 гаруй жилийн өмнө Ази, Европ тивийн улсууд ийм идэвхтэй харилцаатай байсныг гэрчилж байгаа төдийгүй бие биеээсээ хамааралтай нэг дэлхийд, түүний дотор Ази, Европ хоёр тивийн улсууд үеийн үед харилцан ашигтай, хамтдаа хөгжих ёстой гэсэн хариуцлагатай бөгөөд хүндтэй үүргийг өвөг дээдэс  минь бидэнд гэрээсэлж үлдээсэн гэж би хувьдаа үзэж байна.  

Бид өнөөдөр тэрхүү харилцааг нэр хүндтэй үргэлжлүүлж байгаагийн хамгийн энгийн  жишээ Ази, Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтад оролцож байгаа БНИУ-ын парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Пьетро Грассо 2 жилийн өмнө Итали Улсад зохиогдсон Ази, Европын Парламентын Түншлэлийн 8 дугаар  уулзалтын  буухиагаа Монгол Улсад шилжүүлэхээр хүрэлцэн ирээд байна. 

Монгол Улс 2008 онд Бээжин хотноо болсон АСЕМ-ын Дээд түвшний 7 дахь удаагийн уулзалтаар АСЕМ-д элссэнээс хойш Ази, Европын яриа хэлэлцээ, хамтын ажиллагаа, түүний дотор АСЕМ-ын түнш орнуудын парламентууд, Европын Парламентын хамтын ажиллагаанд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулахыг эрмэлзсээр ирлээ. 

Ази, Европын уулзалтын үйл явц нь өнөөдөр дэлхий дахинд болон хоёр тивийн хамтын ажиллагаанд онцгой чухал үүрэг бүхий албан бус яриа хэлэлцээний тавцан болон бэхжиж байна. 

Ази-Европын Парламентчдын уулзалт нь хоёр тивийн түншлэлийн үйл явцын салшгүй хэсэг бөгөөд Улаанбаатар хотноо болж буй энэ удаагийн 9 дүгээр уулзалтын үед “Ази, Европын Парламентын түншлэлийн АСЕМ дахь үүрэг оролцоо” сэдвийн хүрээнд болж терроризм, уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн 2030 он хүртэлх хөтөлбөр, гамшгаас сэргийлэх менежмент, эрчим хүчний аюулгүй байдал, дүрвэгсдийн асуудал зэрэг олон чухал асуудлыг бид хамтдаа  хэлэлцэхээр хуран  цуглаад байна.  

Ази-Европын Парламентчдын энэ удаагийн уулзалт нь Ази, Европын Парламентын түншлэлийн өнгөрсөн 20 жилийн үйл ажиллагааг дүгнэн цэгнэж, дараагийн 10 жилийн ирээдүйгээ тодорхойлон, хамтын ашиг сонирхол, нийтлэг зорилтуудад тулгуурлан өргөн хүрээнд, цогц, гүнзгий агуулга, үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүлнэ гэдэгт итгэлтэй байна. 

Ази, Европын хоорондын уялдаа холбоо буюу connectivity гэдэг нь АСЕМ-ын түнш орнуудын хүрээнд дан ганц дэд бүтэц, төмөр зам, засмал зам, агаарын холбоо зэрэг “хатуу холбоос” төдийгүй хоёр тивийн ард түмний оюун санаа, соёл урлаг, боловсрол зэрэг “зөөлөн холбоос”-ыг оролцуулсан цогц ойлголт болохыг бид хүлээн зөвшөөрч энэхүү уялдаа холбоог бэхжүүлэхэд Монгол Улс өөрийн гэсэн хувь нэмрээ оруулахыг зорьж байна. 

Хоёр тивийн худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг өргөтгөн гүнзгийрүүлэх нь АСЕМ-ын нэг чухал зорилт бөгөөд сүүлийн жилүүдэд орхигдоод байсан энэхүү салбарын яриа хэлцэл, хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь зүйтэй гэдэгтэй бид санал нэгтэй байгаа болно. 

        Эрхэм хүндэт зочид оо, 

Монгол Улсын Их Хурал дэлхийн улс орнуудын хууль тогтоох байгууллагуудтай идэвхтэй харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх эрмэлзэлтэй бөгөөд бүс нутгийн болон олон улсын парламентын байгууллагуудын үйл ажиллагаанд өөрийн хувь нэмрээ оруулахыг зорьдог.  

Монгол Улсад парламентын ардчилал баттай тогтож чадсан гэдгийг Та бүхэнд хэлэхэд таатай  байна.

Монгол Улс түүхийн асар богино хугацаанд иргэдийнхээ сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулж, сонгуулийн ардчиллын олон жилийн түүх, туршлагатай улс орнуудтай эн зэрэгцэн алхаж, Монгол Улсад анхны ардчилсан сонгууль явагдаж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойгоо өнгөрсөн жил  олон улсын түвшинд тэмдэглэн өнгөрүүлсэн.   

Монгол Улсын Их Хурал дэлхийн 57 орны парламентыг  эгнээндээ нэгтгэсэн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын ассамблейн отгон гишүүн бөгөөд энэхүү ассамблейн намрын хурлыг 2015 оны намар Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан. 

Энэ удаа Ази, Европын Парламентын Түншлэлийн энэхүү нэр хүндтэй уулзалтыг эх орондоо  зохион байгуулж байгаадаа бид баяртай байна.  

Ази, Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтад түнш  32 орон болон Европын парламентаас 170 төлөөлөгч оролцож байна.  

Ази, Европын Парламентын Түншлэлийн уулзалтын дэгийн дагуу  уулзалтаас бидний батлан гаргах  Тунхаглалыг 7 дугаар сард болох АСЕМ-ын Дээд түвшний уулзалтад танилцуулах бөгөөд тунхаглалд орох бид бүхний  санаа бодол, зөвлөмж нь АСЕМ-ын цаашдын зорилтод тусгалаа олно гэдэгт итгэлтэй байна. Уг Тунхаглал нь АСЕМ-ын албан бус харилцан яриа хэлцээний талбарыг бататгахын зэрэгцээ АСЕМ-ын үйл ажилагааг олон түмэнд ойртуулж, улам илүү  үр дүнтэй, ач холбогдолтой болгоход тус дөхөм болно гэдэгт итгэлтэй байна. 

Өчигдөр парламентын гишүүд Та бүхэн Бэлтгэл хорооны хурал, Төслийн баримт бичгийн хорооны хурлаа амжилттай хийж, уулзалтаас гарах Тунхаглалаа нухацтай хэлэлцэн, өөрсдийн санаа бодлоо илэрхийлж, харилцан ойлголцон зөвшилцөж ажилласанд миний бие баяртай байна.  

Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн Та бүхэнд дахин талархал илэрхийлж, манай сайхан оронд тавтай зочлохыг хүсье.

Ази Европын Парламентын Түншлэлийн 20 жилийн ойг тохиолдуулан Та бүхэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, уулзалтын  ажиллагаанд амжилт хүсье. 

Ази-Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтын нээснийг мэдэгдье

Анхаарал тавьсанд баярлалаа.    

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна