З.Энхболд БНИУ-ын Төлөөлөгчдийн танхимын дэд дарга Марина Серениг хүлээн авч уулзав

2016 оны 4 сарын 22

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Бүгд Найрамдах Итали Улсын Төлөөлөгчдийн танхимын дэд дарга Марина Серени тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2016.04.22/ хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга З.Энхболд эрхэм зочдыг Монгол Улсад тавтай зочлохыг хүсээд, БНИУ-ын зүгээс Ази, Европын Парламентын төлөөлөгчдийн уулзалтад ач холбогдол өгч, өндөр түвшинд өргөн бүрэлдэхүүнтэй оролцож буйд талархал илэрхийллээ.

Монгол, Италийн харилцаа сүүлийн жилүүдэд амжилттай өргөжин хөгжиж, БНИУ-ын Парламентын Сенатын танхимын дарга, Гадаад хэргийн сайд нарын Монгол Улсад хийх айчлал зэрэг олон чухал арга хэмжээг энэ онд хамтран амжилттай зохион байгуулна гэдэгт итгэлтэй буйгаа Улсын Их Хурлын дарга онцолсон.

Мөн тэрээр хоёр талын худалдаа, эдийн засаг, хүмүүнлэг, соёл, боловсролын харилцааны цар хүрээг өргөжүүлэхэд хоёр улсын хууль тогтоох байгууллагуудын дэмжлэг чухал болохыг дурдаад Монгол Улс Европын Холбоотой байгуулсан Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийг Италийн Төлөөлөгчдийн танхим ойрын хугацаанд соёрхон батлана гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв.

БНИУ-ын Төлөөлөгчдийн танхимын дэд дарга хатагтай Марина Серени Улсын Их Хурлын даргад хариу талархал илэрхийлээд Ази, Европын Парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг зохион байгуулж байгаад баяр хүргэв. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа улам бүр цар хүрээгээ тэлж байна. Улаанбаатар хотноо БНИУ-ын Элчин сайдын яамыг нээхээр болсон нь үүний том жишээ юм. Монгол Улс хурдацтай хөгжиж байгаа улс учраас цаашид хоёр орны хамтын ажиллагаанд саад бэрхшээл бага байна гэдэгт найдаж байна хэмээн тэрээр хэлсэн үгэндээ онцлов.

НҮБ-ын Аюулгүй зөвлөлийн байнгын бус гишүүний 2016 оны сонгуульд нэрээ дэвшүүлсэн Итали Улсыг манай улс дэмжинэ. Монгол Улсыг НҮБ-ын АЗ-ийн байнгын бус гишүүний 2022 оны сонгуульд Итали Улс дэмжинэ гэдэгт найдаж байна. АСЕМ-ын дээд түвшний чуулга уулзалтад БНИУ-ын Ерөнхий сайд оролцохоор төлөвлөж байгаад баяртай байна. Ази-Европын Парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтад оролцоход тань амжилт хүсье. БНИУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга ноён Лаура Болдринид миний мэндчилгээг уламжлахыг хүсье хэмээн Улсын Их Хурлын дарга хэллээ.

Бүгд Найрамдах Итали Улсын Төлөөлөгчдийн танхимын дэд дарга Марина Серени Улсын Их Хурлын даргын мэндийг уламжлахаа илэрхийлээд Монгол Улс Европын Холбоотой байгуулсан Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийг Италийн Төлөөлөгчдийн танхим байнгын хороогоороо хэлэлцээд Парламентын хуралдаанд оруулахад бэлэн болсныг дуулгав. Хоёр орны хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд өөрийн зүгээс бүхий л боломжийг эрэлхийлж ажиллахаа хэллээ.

Уг уулзалтад Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Одонбаатар, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг болон албан бусад хүмүүс байлцав гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна