ЧӨЛӨӨТ БӨХ: Олимпийн эрх олгох тэмцээн эхэллээ

2016 оны 4 сарын 22

Монгол улсад анх удаа болж буй чөлөөт бөхийн олимпийн эрхийн тэмцээн өнөөдөр сонгомол бөхийн барилдаанаар эхэллээ. Буянт-Ухаа спортын ордонд болж буй “The first “Last-Chance” (Эхний сүүлчийн боломж) тэмцээнд 80 орны 600 гаруй тамирчид сонгомол, чөлөөт бөхийн төрлүүдэд өрсөлдөхөөр мэдүүлгээ өгсөн. 

Тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр сонгомол барилдаанд эрэгтэй 59, 66, 75, 85, 98, 130 кг-ын жинд 51 орны 151 тамирчин оролцож байна. Тэдний дунд олимпийн аварга, дэлхийн зургаан удаагийн аварга Ираны бөх Хамид Сорианаас гадна олимп, дэлхийн аварга, медальтнууд олноор барилдаж буй. Сонгомол барилдаанаас жин бүрийн медальт байрт шалгарсан эхний гурван тамирчин РИО-гийн эрхээ авах юм.

Тэмцээний нээлтийн ажиллагаа 17.30 цагаас эхэлнэ.

Энэ удаагийн тэмцээн гурван дэвжээн дээр явагдаж байгаа бөгөөд “А” дэвжээний барилдааныг “МҮОНТ”, “Б” дэвжээний барилдааныг “НТВ”, “С” дэвжээний барилдааныг “Сүлд” зурагтаар шууд дамжуулж үзүүлж байна.

Тэмцээний хөтөлбөр

Баасан гариг /IV.22, Буянт-Ухаа спортын ордон/

9.00-15.00 Сонгомол барилдааны 59, 66, 75, 85, 98, 130 кг-ын жингүүдийн тойргийн болон дагах барилдаанууд

17.30-18.00 Нээлтийн ёслол

18.00-20.00 Шигшээ барилдаан, медаль гардуулах ёслол

Бямба гариг /IV.23, Буянт-Ухаа спортын ордон/

9.00-15.00 Эмэгтэй чөлөөт бөхийн 48, 53, 58, 63, 69, 75 кг-ын жингүүдийн тойргийн болон дагах барилдаанууд

18.00-20.00 Шигшээ барилдаан, медаль гардуулах ёслол

Ням гариг /IV.24, Буянт-Ухаа спортын ордон/

9.00-15.00 Эрэгтэй чөлөөт бөхийн 57, 65, 74, 86, 97, 125 кг-ын жингүүдийн тойргийн болон дагах барилдаанууд

18.00-20.00 Шигшээ барилдаан, медаль гардуулах ёслол

Манай улсаас чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 97 кг-ын жинд Азийн аварга Д.Хүдэрбулга, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд ОУХМ Ц.Намуунцэцэг, 75 кг-ын жинд ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт, Гавьяат тамичин О.Бурмаа нар олимпийн эрхийн төлөө барилдана. Тус тэмцээнээс сонгомол, чөлөөтийн эхний 3, эмэгтэй чөлөөтөөр эхний 2 бөхөд Риогийн тийз олгох юм.

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна