“Гэрэл зураг ойлгоход гадаад хэл хэрэггүй”

2016 оны 4 сарын 22

“Би нэг удаа дүрвэгсдийн асуудлаарх хуралд оролцсон. Илтгэл тавьсан хүмүүс бүгд л баахан тоо ярьсан юм. Харин тэднээс хэн нь ч дүрвэгсэдтэй нэг ч удаа уулзаж үзээгүй хүмүүс байв. Хамгийн сүүлд нь би гэрэл зургаар илтгэл тавихад хүмүүс жинхнээсээ цочирдсон. Гэрэл зураг бол болсон явдлыг бодитоор өгүүлэх хамгийн сайн арга” гэж Сергей Пономарев ярьсан юм.

2015 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр Грекийн арал дээр Сирийн дүрвэгсдийн хөлөг онгоцууд зангуугаа буулгах үед авсан гэрэл зургууд одоо түүнийг алдаршуулж байна.

Дүрвэгсдийн хөлөг зогсоолд ирсэн өдөр дор хаяж 50 цагаач, дүрвэгч Туркт очдог байжээ.

Тэдгээр цагаач дүрвэгсэд голдуу загасчдын онгоц, зарим нь бүр хийлдэг гудсан дээр сууж хөвөн ирдэг байжээ. Дүрвэгсдийн дийлэнх нь загасчдын онгоцыг илүү найдвартайд тооцдог нь илт. Томилолтоор тэнд очсон Нью Йорк Таймс сонины гэрэл зурагчин Пономарев "Өдөр бүр, нар жаргахын өмнө бид далайн эрэг дээр очдог байв. Эргийн хажууд нэг толгод бий. Би толгодын орой дээр дурангаа үүрч гараад, дүрвэгсдийн хөлөг онгоц ирэхийг хүлээдэг байлаа. Дүрвэгсдийн хөлөг онгоц ирэх үед бидний ажил эхэлнэ. Иймэрхүү байдлаар бид далайн эрэг дээр өнждөг байсан” хэмээн дурсан ярьж байна.

Сайн сайхан амьдрал хайн Грекийн эрэг дээр хөлөг онгоцноос буусан дүрвэгч, цагаачдыг Пономарев Македони, Серби, Унгар, Словени гээд хаа хүрнэ, тэр хүртэл дагаж, зургийг нь авч явжээ. Пономарев дүрвэгч, цагаачдыг дагаж, дүрвэгсдийн хуаранд таван сар болсон байна.

Түүний авсан дүрвэгсдийн эхний зураг Нью Йорк таймс сонинд гарснаас хойш яг таван сарын дараа Пономарев сэтгэл сэртхийлгэсэн тэдгээр гэрэл зургуудаараа сэтгүүл зүйн нэр хүндтэй шагнал болох Пулитцерын шилдэг гэрэл зургийн шагналын эзэн болсон юм.

Дүрвэгсдийг даган Европоор хөндлөн гулд алхсан Пономарев “”Өнгөрсөн жил сайн ажиллажээ гэж бодож байна” хэмээн Пулитцерын шилдэг гэрэл зургийн шагнал авахдаа хэлжээ. Тэр үед Пономаревыг зоригжуулж байсан ганц зүйл нь дэлхийн нэг өнцөгт болж буй эмгэнэлт үйл явдлыг дэлхийн хүмүүст бодитоор харуулах бодол байв.

Пономарев "Би дэлхий бол асар уудам, бас яг энэ цаг мөчид дэлхийн нөгөө өнцөгт хүмүүс яаж амьдарч, аж төрж, тэмцэж бас зовж зүдэрч байдгийг гэдгийг хүмүүст харуулахыг хүссэн” гэжээ.

“Пулитцер”-т хүрэх зам

Сергей Пономарев бол Пулитцерын 2016 оны шилдэг гэрэл зургийн шагнал хүртсэн орос гаралтай гэрэл зурагчин. Пономарев баяр хүргэсэн цахилгаан, захидал мэндчилгээнд даруулжээ. Түүнд баяр хүргэсэн хүмүүсийн дунд дэлхийн шилдэг гэрэл зурагчдын нэг Жеймс Нахтвей байжээ.

Пономаревыг Пулитцерт хөтөлсөн зам нь дардан шулуун байгаагүй бөгөөд дайн самуун, зөрчил тэмцэл, эмгэнэлт явдлаар дүүрэн байв.

Пономарев 2004 онд алан хядагчид сургуульд халдлага үйлдэж, арав гаруй хүүхдийг барьцаалсан хэрэг гарах үед ОХУ-ын Беслан хотод ажилласан юм. 2002 онд Москвад мөн театрт гарсан халдлагын үеэр зураг авч байжээ.

Түүний авсан гэрэл зургууд дайн самуунд нэрвэгдсэн Палестины газар нутаг дах Газын зурвас, Ливийн хувьсгал, Украины Майданы хувьсгал, Украин, Сири дэх зэвсэгт мөргөлдөөнийг баримтжуулсан юм.

Хэдийгээр Пономарев зөрчил тэмцэл, үймээн самууны халуун цэгт ажиллаж байсан ч өөрийгөө дайны гэрэл зурагчин гэж хэлүүлэх дургүй нэгэн.

“Нью Йорк Таймс” сонины гэрээт гэрэл зурагчин тэрбээр сонины редакцийг хамгийн идэвхитэй хамтрагчаа гэж нэрлэдэг аж. “Нью Йорк таймс”-т ажиллахаас өмнө Пономарев “Ассошиэтед пресс” агентлагт есөн жил гэрэл зурагчнаар ажиллаж байв. Тэрбээр мөн Оросын “Коммерсант”, “Газета.ру” зэрэг сонин, сайтад ажиллажээ.

"Гэрэл зургийг ойлгоход ямар ч гадаад хэл хэрэггүй.  Ник Утын галаас зугатаж буй чармай нүцгэн вьетнам охины зураг, Эдди Адамсын дайны хөлд нэрвэгдсэн Сайгонд залуу эрийг буудан хороож буй цагдаагийн зураг ямар ч тайлбаргүйгээр дэлхий нийтэд болсон явдлын талаар хүүрнэсэн. Эдгээр шуугиан тарьсан гэрэл зургийн ачаар нийгэмд дайн, хүчирхийлэлд цэг тавих шаардлага улам хүчтэй болсон. Гэхдээ хүчирхийлэл агуулсан, цус асгаруулсан үйл явдлын гэрэл зураг хүмүүсийг цочирдуулдаггүй. Харин бодит үйл явдал нийгмийг тэр чигээр нь хөдөлгөх тохиолдол байдаг. Туркийн эрэг дээр хаягдсан гурван настай сири хүүгийн зураг дэлхий нийтийг цочирдуулж, маш том анхааруулга болсон “ хэмээн ярьжээ.

Н.ЭНХ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна