Хүүхдээрээ гэр бүлүүд

2016 оны 4 сарын 22

Сэтгүүлч:
Г.Сүмбээ

Гэрлээд удаагүй 13 настай Жие цагаан жаазанд хийсэн хуримынхаа зургийг ширтэн зогсож буй нь энэ юм. Зурагных нь хажууд ямар ч зохицолдоогүй гэмээр "Cars" хүүхэлдэйн киноны наадаг зургууд байх аж.

Жие 2014 оны сар шинийн баярын үеэр танилцсан 16 настай нөхөртэйгөө гурав хоноод гэрлэжээ. Үүнээс удалгүй Жие жирэмсэн болсон байна.

Хятадад эртнээс байсан эрт гэрлэлт гэсэн хуучны ойлголт өнөө ч Хятадад хэвээр байгааг харуулж буй юм. Жие шиг өсвөр насны хүүхдүүд хоорондоо гэрлэх нь Хятадын боомт дагуу байрласан хөдөө тосгоны ядуу мужуудад түгээмэл байдаг байна.

Өсвөр насны гэрлэлтийн шалтгаан нь нэгдүгээрт, эдийн засгийн дарамт, хоёрдугаарт, энэ тал дээрх нийгмийн хандлага өөрчлөгдөөгүй, гуравдугаарт, Хятадын хүн амын өсөлт эрэгтэй хүүхэд дээр тулгуурлан дэмжигдэж байсантай холбоотой юм.

Зурагчин  Шиао 2014 онд Хятадын Юннан гэх баруун өмнөд мужид Жие болон түүний нөхөр Вэн нартай уулзжээ. Хүүхдүүд жинхэнэ нэрээ хэлэхээс татгалзсан байна. Шиао нь Нью-Йоркт төвтэй Magnum Foundation хэмээх баримтат гэрэл зургийн сангийн гишүүн зурагчин юм. Тэрээр өсвөр насны охидын гэрлэлтийн талаарх зураг авах эрэл хайгуул хийж байх үедээ Хятадын шинэхэн гэрлэсэн охидуудын танилцуулгыг харж, түүн дотроосоо гайхалтай гэмээр олон зургийн эзэн болсон Жие гэх охиныг анхааралдаа авч сурвалжлагаа хийжээ. Тэгээд ч Жие бол тэдгээр охидууд дундаас насаар хамгийн залуу нь байлаа.  

“Энэ тосгонд миний уулзсан бүх охин 18 нас хүрэхээсээ өмнө нөхөрт гарсан байсан. Тэдний зарим нь хүнтэй суухад хэтэрхий залуу. Харамсалтай нь тэд үүнийгээ хэвийн зүйл гэж боддог. Энэ харамсалтай “уламжлалыг” тэд багш, эцэг эхээсээ өвлөн авч үр хүүхэддээ дамжуулсаар л байна” хэмээн Шиао ярьжээ. 

Шиао энэ мужид 18 өдрийн турш аялсан бөгөөд “Эдгээр хүүхдийн гэрлэлтийг эцэг эхчүүдийн дарамт шахалтаар хийсэн, аль эсвэл хүсээгүй жирэмслэлтийн үр дүн гэх зүйл огт ажиглагддаггүй. Хүүхдүүд жаргалтай байдаг. Тэд өөрсдийгөө бие биендээ ухаангүй дурласан гэцгээдэг” хэмээн гайхшран ярьжээ.

Хууль бус биш гэж үү?

Хятадын хуульд зааснаар эрэгтэй хүний гэрлэлтийг 22, эмэгтэй хүний гэрлэлтийг 20 настайд нь зөвшөөрдөг байна. Тиймээс Хятадын ядуу мужуудад гэрлэсэн залуу хосууд бүхий л хурим найр ёслолын ажиллагаагаа нэртэй төртэй хийж, харин албан ёсны бүртгэлээ хуульд заасан нас нь хүрэх үед хийлгэдэг гэнэ. Гагцхүү энэ заалтыг зөрсөн тохиолдолд ямар хариуцлага хүлээх нь огт тодорхойгүй байдаг аж.

Хэдийгээр Хятадын хүн амын дунд 26 хүрсэн эрчүүд, 24 хүрсэн эмэгтэйчүүдийн гэрлэж буй тоон үзүүлэлт нэмэгдэж буй боловч өсвөр насандаа гэр бүл болж буй явдал түгшүүрийн харанга дэлдэхэд ойрхон байгаа гэнэ. Учир нь нүднээс далд явагдаж буй энэхүү үзэгдэл яг хаана хэд байгааг нарийн тооцоолох аргагүй юм.

Өнгөрсөн хоёрдугаар сард 16 настай хосын хуримын зургууд интернет орчинд цацагдаж, үүнийхээ хариуд Хятадын мэдээллийн хэрэгслүүдээр “Тэд бол бие биедээ хайртай учраас гэрлэжээ” гэх мэт утгатай мэдээлэл бэлтгэн цацжээ.

Бас нэгэн хос тэдний хуримынх хүлээн авалтын төлбөрийг нь хийсэн хадмын тал шинэ хосыг санхүүгийн талаар бүрэн дэмждэг тухайгаа орон нутгийн сонины газар ярьжээ.

Гологдохоосоо айсан эрчүүд

Хөдөө тосгоны эцэг эхчүүд өөрсдийн хүүгээ эртхэн гэрлүүлэх сонирхолтой байдаг. Учир нь, тэднийг тосгоноо орхин үйлдвэржсэн хот руу нүүж ажиллаж амьдрах цаг ирэхэд ганц бие байвал харьцангуй хөгжилтэй хотоос өөрт тохирсон эхнэр олж авна гэдэгт итгэдэггүй гэнэ.

Нэг хүүхдийн бодлогын үр дүнд Хятад улсад эрэгтэй, эмэгтэй хүүхдийн хүйсийн харьцаа ялангуяа хөдөөгийн тосгонуудад алдагдсан гэж хэлж болно. Хамгийн сүүлд хийгдсэн судалгаагаар Хятад хүн амд эрчүүдийн эзлэх тоо эмэгтэйчүүдээс 33.6 саяар илүү гарчээ.

Тийм учраас эртхэн гэрлэж гэр бүлтэй болно гэдэг нь насааараа гоонь эр явахгүй гэдгийн хамгийн том баталгаа болж буй юм хэмээн Хятадын хууль зүйн профессор хэлжээ.

Харин зурагчин Шиао энэ бүхнийг бурууг бэлгийн боловсролын мэдлэг муу байдагт тохжээ. Хятад хүүхдүүд өчнөөн л романтик кино үздэг хэрнээ ямар ч бэлгийн боловсролгүй. Мөн тосгоны хүүхдүүд эцэг эхийн ямар ч хараа хяналтгүй орчинд өсөж том болж байгаа, тэд бол эцэг эх нь үйлдвэрлүү аль эсвэл арай баян хотод очиж ажилладгаас болж ард нь үлдсэн хаягдмал хүүхдүүдээр дүүрсэн тогтолцооны үр дүн гэх мэтээр шүүмжилжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна