Дипломат албаны тухай хуулийг дэмжлээ

2016 оны 4 сарын 22

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Дипломат албаны тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцээд гишүүдийн 70 хувийн саналаар дэмжин, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Энэхүү төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Су.Батболд: Монгол Улсыг төлөөлөн гадаад орнуудад томилогддог дипломат газрынх нь ажилтан суугаа орныхоо хэлийг мэддэггүй, эсвэл бүр хэл усгүй хүн томилогддог гэх гомдол гардаг. Сонгон шалгаруулалт зарлаж, шалгалт авахдаа өөрсдийн дотооддоо бэлтгэсэн хүмүүсээ тэнцүүлээд шаардлагатай хэлээр суралцаж төгссөн хүнээ тэнцүүлэхгүй унагаад байна гэх. Эхлээд тухайн улс орныхоо хэлээр шалгалт авч болдоггүй юм уу. Төрийн захиргааны шалгалт эхэлж авахаар уначихаад байгаа юм биш үү?

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн: Өмнө нь төрийн албанд ажиллаж байгаагүй,  ажлын туршлагагүй, гадаад хэлгүй хүн явж байсныг зохицуулах зорилгоор тодорхой журам гаргасан. Үүнд суугаа орны хэл мэддэг байх зэрэг шаардлагууд тавьсан. Шалгалтын тухайд үнэхээр тийм зүйл болоод байна. Жишээ нь Москвагийн Олон улсын харилцааны их сургуульд таван жил сураад төгссөн хүүхэд унаж байгаа. Төрийн албаны шалгалтыг эхэлж авдаг, Гадаад хэргийн яам төрийн тусгай алба учраас  арай өөр байдлаар шалгалтыг зохицуулж өгөөч гэдэг хүсэлт тавьсан. Хуулийн гаргалгаа бий болгохоор ажиллаж байна, асуудал ороод ирэхэд УИХ-ын гишүүд дэмжиж өгөөсэй гэж хүсэж байна.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Цагдааг цагдаагийн нэг ангийнхан барьж мафийн сүлжээ үүсгэдэг шиг Гадаад харилцааны яаманд МУИС-ийн Олон улсын харилцааны сургууль төгссөн төгсөгч, нэг бол Москвагийн Олон улсын харилцааны сургууль төгссөн төгсөгч л очдог. Цус сэлбэх хэрэгтэй. Америк, Герман зэрэг Европын олон оронд монгол залуус суралцан төгсөж байгаа хэрнээ Гадаад хэргийн яаманд орж ажиллаж чадахгүй байна.

Хоёрт, 3 сая хүнтэй Монголыг Канад, АНУ-руу визгүй зорчуулж болно. Лоббигоо хүчтэй хийгээд өгөөч ээ. Энхийг сахиулах үйл ажиллагаанд Монгол хүнээ явуулдаг байж Сирээс долоон дор байж болохгүй.

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн: Анхаарч байгаа асуудал, гурван жилийн өмнө 42 оронтой хоёр жилийн хөтөлбөр баталсан. Гэхдээ эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор зарим асуудал амжилт олоогүй. ОХУ-тай визгүй зорчих хэлэлцээг хоёр жилийн өмнө хэрэгжүүлсэн. Япон, БНСУ-руу хэдэн жилийн виз олгодог болсон. Канадтай мөн л ийм яриа өрнүүлсэн. Европын орнуудтай ярилцаж байна. Улс төрийн хөшүүрэг хэрэгтэй байгаа, тухайн үед нь холбогдох байнгын хороондоо танилцуулаад дэмжлэг аваад явахаар ажиллаж байна.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Гадаад харилцаа бизнес болсон, Сири дампуурсан орон боловч иргэдийг нь сая, саяар нь Европын орнууд авч байна. АНУ Монголын ураныг ашиглая гэж байгаа бол иргэдийг визгүй зорчуулдаг болох юм руу орох ёстой.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: ОХУ-ын Элчин сайдыг татсантай холбоотойгоор шүүмжлэл гарч байсан. УИХ-аар томилсон хүнийг эргүүлэн татаж байгааг анхаарах. Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдыг Гадаад хэргийн сайд томилоод байна гэж байгаа. Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нь төрийн албаны хамгийн дээд албан тушаал байна гэж заасан нь Төрийн албаны тухай хуультайгаа хэр уялдаж байгаа вэ?

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн: Элчин сайдыг эргүүлэн дуудах, томилоход Ерөнхийлөгчтэй зөвшилцдөг. Гэхдээ эргүүлэн татахад задалж нарийвчлах шаардлагатай зүйлүүд бий. Холбогдох хуульд өөрчлөлт оруулна. Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдын тухайд тодорхой асуудалтай холбоотойгоор томилдог. Одоогоор гурван тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд ажиллаж байна. Монгол Улс Японоос бусад орнуудтай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байдаггүй. Тийм учраас энэ асуудлаар тусгай Элчин сайд ажиллаж байна, Цөмийн асуудал, төвийг сахих бодлоготой холбоотойгоор мөн тусгай Элчин сайдууд ажиллаж байна. Төрийн нарийн бичгийн даргын асуудлыг Төрийн албаны хуультай зохицуулсан. Ер нь сайд өөрчлөгдсөн ч бусад алба руу хөдөлгөөн ордоггүй, мэргэжлийн албыг нь авч үлдэхийн тулд тодорхой зохицуулалт хуульд туссан.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: Мэргэшсэн чадварлаг хүмүүс нь Дипломат албандаа ажилладаг, мерит зарчмаа баримтлах. Эмэгтэйчүүдийг дипломат албанд ажиллуулах талд хойрго байдаг ч Л.Пүрэвсүрэн сайдын үед нэг, хоёроор нэмэгдсэн. УИХ-аар зургаан Элчин сайд томилоход нэг ч эмэгтэй байгаагүй. Дэлхий дахин зөөлөн улс төр явж байна гэж томъёолж байгаа. Эмэгтэйчүүдийн дипломат албанд ажиллах чадвар чадал байгаа, цаашдаа энэ асуудалд анхаарч ажиллаарай.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Дипломат албаны тухай хууль хэлэлцэх ёстой, гэхдээ энэ байдлаар дэмжих боломжгүй байна. Ярих асуудал их байна, судлах асуудал их байна. Гадаадад байгаа монголчуудын эрх зөрчигдөж байгаа асуудал, гадаад байгаа монголчуудын амь нас хохирч байгаа байдал гээд олон зүйлийг харгалзах ёстой. Монгол Улсын өнөөдрийн нөхцөл байдал, дэлхийн нөхцөл байдалд тулгуурласан Дипломат албаны тухай хууль гаргах ёстой. Дэлхий нийтэд дипломат ёс жаяг хөгжиж байгаа байдал, төвийг сахисан үзэл баримтлалыг Дипломат албаны тухай хуульд яаж оруулах юм, хөршүүдийн дипломат бодлогыг судлах.

Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн бололгүй, ажиглагч орноор 12 жил боллоо. Одоо Энэтхэг орчихлоо. Хятад, Орос, Энэтхэг энэ байгууллагад байхад цэргийн эвсэл болохгүй нь ойлгомжтой. Үүнд орж байж Монгол Улсын таван шугам орно. Газын, нефтийн, эрчим хүчний, төмөр замын, хурдны галт тэргийн зам явна. Эдгээр шугам нээгдэхгүйгээр ард түмний амьдрал сайжрахгүй. Шанхай бол дэд бүтцийн эдийн засгийн байгууллага. Манайтай хөрш орнууд орчихсон байгаа учраас анхаарах. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр бүхий л асуудлыг шийдэх юм шиг энэ хуульд зохицуулалтууд тусаж. Яагаад Дорнод чөлөөт бүс байгуулж болдоггүй юм,  Өмнөговь урагшаа харилцаа тогтоогоод  ажиллаг л дээ. Гадаад асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр шийдэх зэрэг бүх асуудлыг дээрээс нь шийддэг байхаар явж байна. Ингэж болохгүй.

Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байна. Энэ асуудлыг хэлэлцэхийн өмнө УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нарыг МАН-ын бүлэгт орж байгааг хурал даргалж байгаа УИХ-ын дэд дарга Л.Цог уншиж танилцууллаа.

Г.ДАРЬ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна