Азийн орнууд зэвсэглэлээ сайжруулж эхлэв

2016 оны 4 сарын 22

Зүүн болон Өмнөд Хятадын тэнгисийн газар нутгийн маргаанаас үүдэн Азийн хөрш орнууд зэвсэглэлээр өрсөлдөж эхэлжээ. Хятадын цэргийн хүчирхэгжилтээс эмээсэн Зүүн Өмнөд Азийн орнууд хуучирсан байлдааны онгоцнуудаа шинэчлэхээр олон тэрбум ам.долларыг цацаж байна. Бүс нутаг даяар эдийн засгийн хүндрэлээс шалтгаалан төсвийн хатуу бодлого баримталж байгаа боловч батлан хамгаалахын хүчээ нэмэгдүүлэхэд мөнгө хаяж эхлэв.

Куала Лумпурт энэ долоо хоногт эхэлсэн худалдааны конференсэд ОХУ, Франц, Их Британи, Хятад, Пакистан, АНУ-ын фирмүүд оролцож байгаа аж. Худалдааны уулзалт жил ирэх тутам илүү завгүй болж байгааг оролцогчид онцолжээ. Тухайлбал, Малайз улс олон жил хойшлуулсны эцэст 1990-ээд оны Миг-29 байлдааны онгоцнуудаа шинэчлэх боломжтой болжээ. Малайз нь 18 шинэ байлдааны онгоц авахаар 2.5 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл яригдаж байна. Малайзын тал Шведийн “Saab Gripen”, Европын “Typhoon”, Оросын “Сухой СУ-30”, Сингапур-Пакистаны “JF-17” байлдааны онгоцнууд дундаас сонголтоо хийх аж.

Вьетнам улс “Saab”, “Dassault” загварын 12 байлдааны онгоц худалдан авахаар Швед, Францын талтай ярилцаж байна. Түүнчлэн Вьетнам эртний худалдааны хамтрагч ОХУ-аас хэдэн ширхэг СУ-35 байлдааны онгоц авах төлөвлөгөөтэй байгаа аж. Тайланд “Northrop F-5”, “Lockheed Martin F-1”, “Saab Gripen” зэрэг байлдааны онгоцоор зэвсэглэлээ сайжруулахаар төлөвлөжээ. Харин Индонез улсын хувьд ОХУ-ын “СУ-35” болон “СУ-30” байлдааны онгоцнуудыг авах сонирхолтой байгаа аж. Энэ хооронд АНУ-ын фирмүүд Индонези улсад байлдааны онгоцнуудаа зарахаар хичээж байгаа аж.

Хятадын цэргийн онгоц энэ долоо хоногт Өмнөд Хятадын тэнгист байгуулсан хиймэл арал дээр амжилттай газардсаныг “Синьхуа” агентлаг мэдээлсэн юм. Хятад хиймэл арал дээр цэргийн онгоц газардуулах туршилт хийснээр удахгүй байлдааны онгоцнуудыг байршуулахаар төлөвлөж байгааг гэх таамгийг хөрш орнууд нь хийж байна. БНХАУ нь Өмнөд Хятадын тэнгисийн “U” хэлбэртэй усан бүсийг өөрийн эзэмшлийн хэмээн зарласан бөгөөд энэ бүсэд олон улсын далайн тээврийн гол замууд болон нефть, байгалийн хийн нөөцөөр баялаг бүлэг арлууд багтжээ. Харин Вьетнам, Филиппин, Бруней, Малайз, Тайван зэрэг улсууд БНХАУ-ын  Өмнөд Хятадын тэнгис дэх түрэмгийллийг эсэргүүцэж байна.

Эх сурвалж: Reuters

Б.АНХТУЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна