Н.Батцэрэг сайд НҮБ-ын өндөр түвшний уулзалтад үг хэллээ

2016 оны 4 сарын 22

Нью-Иорк хотноо дөрөвдүгээр сарын 21-ний өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы дарга М.Ликкетофт санаачлан “Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх нь” сэдэвт Өндөр түвшний сэдэвчилсэн хэлэлцүүлэг зохион байгууллаа. Энэхүү хэлэлцүүлэг нь Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр гишүүн орнуудын зүгээс авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар танилцуулах зорилготой юм.

Дээрх хэлэлцүүлэгт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг оролцож үг хэллээ.

Сайд Н.Батцэрэг хэлсэн үгэндээ Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар онцгой ач холбогдол өгч байгааг онцлон тэмдэглээд Нью-Иорк хотноо өнгөрсөн оны 9 дүгээр сард НҮБ-ын Дээд хэмжээний уулзалтаас батлан гаргасан Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн үндсэн зорилтуудыг үндэсний хөгжлийнхөө бодлогын баримт бичигтээ тусган Монгол Улсын 2016-2030 оны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг батлан гаргаснаа танилцуулсан. Тэрбээр цааш нь хэлэхдээ найдвартай ажлын байр, тогтвортой орлогын эх үүсвэр, хүртээмжтэй эдийн засгийн өсөлт, нийгмийн хамгааллын чанартай тогтолцоо, байгаль орчны тогтвортой хөгжлийг хангах бодлого, стратегийг дээрх баримт бичигт тусгасан гэсэн юм.

Тус хэлэлцүүлэгт 30 улсын төр, засгийн тэргүүн, 70 улсын гадаад хэргийн болон байгаль орчны асуудал хариуцсан сайд нар оролцон үг хэлж, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх талаар үндэсний түвшинд авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа хийгээд цаашид авах арга хэмжээнүүдийн талаар танилцууллаа.

Эх сурвалж: БОНХАЖЯ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна